Хоёр Энхболдыг сонгох уу


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган маргааш болно. УИХ-ын Тамгын газрынхан чуулганы бэлтгэл базааж, шинээр сонгогдсон гишүүдийн ажлын өрөөг зэхэж байна. Шинэ гишүүдийн бүрэн эрхийг уг чуулганаар хүлээн зөвшөөрч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнийг томилж, бүтэц, бүрэлдэхүүнийг нь тодорхой болгох учиртай.

Диктатуртай гэгддэг МАН УИХ-д үнэмлэхүй олон суудал авсан учраас дангаар Засгийн газар байгуулах нь тийм ч түвэгтэй биш болов уу. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гаригт хуралдаж, энэ долоо хоногт Бага хурлаа зарлахаар санал нэгдсэн байна. УИХ, Засгийн газрыг хэн удирдах, бүрэлдэхүүн нь ямар байх, ялалт байгуулсан намын гал тогоог сахих удирдах албан тушаалд хэнийг томилох, нийслэлийг хэнд даатгах вэ гэхчилэн Бага хурлын гишүүдэд танилцуулах хувилбар ч бэлэн болсон сурагтай.

Гагцхүү эндээс МАН хэлсэндээ хэрхэн хүрэхийг харж эхлэх нь. Өөрөөр хэлбэл, "Эдийн засгийн хямралаас гаргах онцгой үүрэг гүйцэтгэх өндөр чадамжтай мэргэжлийн Засгийн газар байгуулж, тогтвортой тууштай, бодлого, үйл ажиллагаа явуулах болно.

Төсвийн үр ашиггүй зардлыг хязгаарлаж, хэмнэлтийн горимд шилжих, төсвийн алдагдлыг бууруулах, төлөвлөлтийг сайжруулах, нэгдмэл байдлыг хангах, төрийн байгууллагын ажил үүргийн давхардлыг арилгах зэргээр оновчтой бүтэц бий болгоно” гэж амласнаа МАН-ынхан хэрхэн биелүүлэх нь эхний алхмаасаа харагдана. Тэд хэлсэндээ хүрвэл монгол төрийн түүхэнд том, сайн жишиг тогтоож чадна.

Ялсан намын дарга Засгийн газрын тэргүүн болдог жишгийн дагуу МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болох биз. Түүний тэргүүлэх Засгийн газар 11 яам, 13 сайдтай байх сурагтай. Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилох нь үндсэндээ тодорхой болсон гэнэ.

Энэ удаа нэр дэвшилгүй, намынхаа сонгуулийн штабт ачааны хүндийг үүрч, ялалтад хүргэсэн түүнд Шадар сайдаар ажиллаж байсан туршлага бий. Магадгүй түүнд үүнээс ч дээш албан тушаалд очих шаанс гарч мэдэх юм. Тиймдээ ч "У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно” гэх яриа гарах вэ. Гэхдээ тэр энэ удаа яавч Ерөнхий сайд болохгүй.

Харин намын дарга нь ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх үед тэр халааг нь авна гэх яриа гарсан бололтой. Яамгүй хоёр сайдын нэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн Су.Батболдын нэр яригдаж байгаа ч түүний талаарх таамаглал ингээд дуусахгүй. Магадгүй түүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилно гэх таамаг илүү бодитой байж мэдэх юм.

Юутай ч нэр дэвших эрх булаацалдалгүй, сонгуулийн үеэр сайн, муу хамаг зүйлийг тахалж ирсэн Су.Батболд хоосон үлдэхгүй нь лавтай. Ер нь МАН нэр дэвшээгүй гишүүдээ Засгийн газарт ажиллуулан харж үзэх бололтой. Нэмж хэлэхэд, Су.Батболдод дээрх хоёр албан тушаалын алинд нь ч ажиллах туршлага бий. Тодруулбал, тэрбээр 2006-2007 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нутгийн удирдлага, төрийн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн цөөн улстөрчийн нэг.

2012-2016 оны парламентаар хамгийн их ярьсан ч шийдэлд хүрээгүй, орхигдсон асуудал бол УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших, эсэх юм. "Давхар дээл” гэх хэлц болтлоо сунжирсан эл үзэгдлийг бүх улстөрч эсэргүүцдэг ч өнөөг хүртэл шийдэл олоогүй нь МАН-д ч хамаатай. Шинээр байгуулах Засгийн газарт "давхар дээлтэн” ганц, нэгээр тогтохгүй бололтой. Гэхдээ тэдгээрийг ерөнхий чиг үүргийн, цөөн хэдэн сайдад хамаатуулах чиг барьж байгаа гэнэ. Тэдгээр нь хууль зүй, байгаль орчин, сангийн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн сайд нар байх юм.

Энэ нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн агуулгатай нийцүүлсэн байж болох. Улмаар Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат гэхчилэн ярьж буйг үгүйсгэх аргагүй. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг дэвшүүлнэ гэх мэдээллийг зарим эх сурвалж гаргасан нь юу л бол. Харин түүнийг УИХ дахь намын бүлгээ удирдаж, 65 гишүүнээ зангидаж ажиллана гэх мэдээллийг баттай эх сурвалж өгүүлсэн юм.

Дашрамд дурдахад, байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад сүүлийн үед "ногоон хатагтай” гэх тодотгол зүүх болсон, шинэхэн гишүүн Б.Саранчимэг хүч үзэх саналаа илэрхийлсэн ч дэмжлэг аваагүй гэнэ. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болсон учраас МАН-ын генсек хэн болох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ удаа МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Ж.Мөнхбатын халааг авна гэх мэдээлэл байна.

Ийнхүү цаашлаад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Унгарт Элчин сайдаар ажиллаж байсан Т.Ганди, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, "Мон полимет”- ийн Ц.Гарамжав зэрэг хүний нэр сайдад нэр дэвшигчдийн дунд бий. Ё.Отгонбаярын хувьд Засгийн газрын танхимд орж ажиллахаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлчихэж.

Харин Засгийн газарт хяналт тавьж ажиллах УИХ-ыг Н.Энхболд даргалах мэдээлэл байна. "Намын даргатай нэг нутгийнх учраас дэмжиж байна” гэх яриа гарч болох ч төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хэмжээний туршлага түүнд байгааг үгүйсгэх аргагүй. Тэрбээр өнгөрсөн парламентын эхнээс УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байгаад С.Бямбацогтод ажлаа өгсөн юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн парламентад цөөнхийн бүлгийн даргаар ажилласан С.Бямбацогт "давхар дээлтэй” байх болов уу гэсэн таамаглал бий ч чухам ямар албан тушаал хаших нь тодорхойгүй байна. Түүнийг Шадар сайдаар ажиллана гэж ярьж байсан юм.

Мөн өнөөдөр нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, ИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгоно. Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг дэвшүүлнэ гэх яриа ортой бололтой. Сая сонгуулийн кампанит ажлын үеэр нам болон өөр рүү нь чиглэсэн сөрөг мэдээллийн эсрэг мэдрэмжгүй ажилласан гэх шүүмжлэл дагуулж буй түүнийг өөлөх хүн олон байгаа ч намын даргын хүчтэй дэмжлэгтэй гэнэ.

МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд "давхар дээл”- ийг дан болгох хийгээд төрийн албаны данхар бүтэц, халаа сэлгээний талаар байнга шүүмжилж ирсэн. Одоо тэд өөрсдөө ярьж, шүүмжилж ирсэн бодлогоо хэрхэн хэрэгжүүлэхийг харах үлдлээ. Тэд мэргэжлийн Засгийн газрын хүрээнд мэргэшсэн албан хаагчдыг хэрхэн ажиллуулах, өшөө авах байдлаар хуучин албан хаагчдыг хайр найргүй халж, солих уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй. 

 

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.