ЦУВРАЛ 2: “Эко констракшн”-ы босс С.Нямдаваагийн “River Villa” хотхон усан хангамжаа шийдэж чадахгүйд хүрчээ


ЦУВРАЛ 2: “Эко констракшн”-ы босс С.Нямдаваагийн “River Villa” хотхон усан хангамжаа шийдэж чадахгүйд хүрчээ

 

Нэг сая 500 мянга гаруй иргэнтэй Улаанбаатар хотын иргэд  эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Тэр ч бүү хэл хууль үйлчилдэггүй цөөн хэдэн хөрөнгөтнүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан нийслэлийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээс шалтгаалан байгаль сүйдэж, нийслэлийн ерөнхий төлөвлөлт алдагдаж эхэллээ.
Шуудхан хэлэхэд нийслэлийн үерийн усийг зайлуулах хамгийн том шугам сүлжээ болох Дунд голын "Сэлбэ” үерийн далангийн орчим "Эко констракшн” ХХК-ийн "River Villa” хотхон баригдаж буй бөгөөд дэд бүтцийн шугам сүлжээгээ татахаар олон удаа оролдож, ингэх бүрдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг уландаа гишгэсээр байна. Эко констракшны захир С.Нямдаваа тус хотхоныг барих газрын зөвшөөрлийг нь анхнаасаа хуулиас гадуур, хуурч мэхлэх замаар олж авсныг нь ч хэлэх хүмүүс цөөнгүй байдаг. Ингэхдээ "Сэлбэ” үерийн даланг тохижуулж, үйлчилгээний байгууламж барихаар зөвшөөрөл авсан ч гэнэтхэн л орон сууцны хороолол сүндэрлүүлж, одоо тэдгээр байрнууддаа захиалга аваад эхэлчихсэн. Нийслэлийн өнгөтэй өөдтэй газар бүрийг сорчилж аваад "чанаргүй хог” босгодгоороо алдартай "Эко Констракшн” өдгөө энэхүү барилгадаа захиалга авч эхэлсэн ч төлөвлөлтгүй босгосон барилгынхаа дэд бүтцийг шийдэж чадалгүй ахиад л оршин суугчдаа хохироох дээрээ тулж ирээд байна. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг аргаа барсан "Эко С.Нямдаваа” хэдхэн хоногийн өмнө улаан цайм гол ус сэндийчэж ахиад л хэл амны бай боллоо.
Тодруулбал  "Эко констракшн” ХХК-ийн босс С.Нямдаваагийн нэр дээр баригдаж буй "River villa” хотхоны дэд бүтцийг БЗД-ийн 25 дугаар хороо, Дунд голын "Сэлбэ” үерийн далан доогуур барих ажлыг дур мэдэн гүйцэтгэхдээ хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчиж, байгаль сүйтгэсэн байдаг. Тодруулбал "RivverVilla” хотхоны цэвэр бохир усны шугамыг тавихаар Дунд голын урсгал, голдиролыг өөрчлөхүйц 20 гаруй метр газрыг голын дундуур ухаж, гол ус сэндийчээд зогсохгүй авто зам болон төмөр замын гүүрэн байгууламжуудыг сүйтгэсэн нь цаашид зам тээврийн, төмөр замын томоохон осол гарах эрсдэлүүдийг бий болгожээ.
May be an image of outdoors
Бид энэ талаар БЗД-ийн 25 дугаар хорооны засаг дарга А.Отгонбаяраас тодруулсан юм.
Өнгөрсөн сарын сүүлчээр танай хорооны нутаг дэвсгэр дээр Эко констракшны захирал С.Няидаваагийн нэр дээр баригдаж байгаа зүүн сэлбэ хотхоны дэд бүтцийг татах гэж гол ухаж сэндийчэн, гүүрэн байгууламж эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан. Та энэ талаар мэргэжлийн байгууллагуудад нь мэдэгдэж хууль бус ажлыг нь зогсоосон байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?. Цаашдаа дахин ийм хууль зөрчсөн асуудал гарах болов уу?
-"River Villa” хотхоны цэвэр бохир усны шугам татах нэрийдлээр манай хорооны нутагт байрлах Дунд голыг 20 гаруй метр ухаж, голдиролыг нь өөрчлөн, төмөр замын гүүрэн байгууламж сүйтгэсэн хэрэг гарсан. Тухайн үед би энэ талаар мэргэжлийн хяналт болон бусад байгууллагад нь мэдэгдэж энэ дагуу арга хэмжээ авч ажлыг нь зогсоосон.  Уг нь хууль журмандаа төмөр замын байгууламжаас 50 метрт зайд барилга байгууламж барих,  ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Жишээ нь малчин төмөр замын хашаа руу малаа оруулбал их хэмжээний торгуул төлдөг шүү дээ. Үүнтэй адил. Гэтэл энэ барилгын дэд бүтцийг хийхээр болсон компани хууль журам зөрчиж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Гол ухаад шугам татах зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн төв, Ус сувгийн удирдах газраас холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж зөвшөөрөл олгосон юм билээ. Энэ цэвэр бохир усны шугамыг Нарны замын гүүрээр гарч 170 метрийн зайд байрлах төвийн шугамаас татаж болно гэсэн зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газраас олгосон байсан. Гэтэл энэхүү зөвшөөрөл нь өөрөө зарим хууль, журмуудыг зөрчиж байж болзошгүй гэж харагдаж байна. Дээрээс нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нь зөвшөөрөл олгосон ч хууль зөрчиж байна гэж харж байна уу?
-Цэвэр усны шугам татна гэхээр хөлдөлтийн түвшингээс доошоогоо гурван метр суулгана гэсэн үг. Гол ухаж сүйтгэхийг зөвшөөрдөг хууль үйлчилж байна гэдэг юу гэсэн үг вэ.   Дээрээс нь төмөр зам өөрөө Улсын онцгой объект гэж явдаг. Төмөр замын гүүрэн доогуур барилгын ажил хийхээр бол заавал төмөр замаас ажлын хэсэг гаргаж төмөр замын гүүр, тулгуурт ямар нэгэн өөрчлөлт өгөхгүй ухаж болно гэсэн зөвшөөрлийг төмөр замаас ажлын баг гаргаж өгдөг. Энэ зөвшөөрлийг "Эко констракшн” захирал С.Нямдаваа огт аваагүй. Тиймээс энэ талаар холбогдох хүмүүст нь мэргэжлийн хяналт, ус суваг, сэлбэ, туул голыг хариуцсан захиргааны газар, төмөр замын удирдах газар гээд бүгдэд нь хэлж шуурхай арга хэмжээ аваад ажлыг нь зогсоосон. Арматур бетоныг нь эвдчихсэнийг төмөр замаас зас гэсэн даалгаврыг өгсөн. Эко констракшн бетоныг цутгаад нүхийг нь булаад цэвэрлэгээ хийгээд нөхөн сэргээлтийг хийсэн. Одоо сүйтгэсэн газраа мод тарих зөвшөөрөл авна гээд явж байна.
"River Villa” хотхон танай хороонд харьяалагддаг уу. Ер нь энэ хотхоны барилын ажилтай холбоотой маргаан сууриа тавьж эхэлсэн цагаас нь хойш л яригдаж байгаа шүү дээ ?
-Асуудал үүсгээд байгаа энэ газар бол хоёр, гурван жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд харьяалалтай байсан. Тухайн үед Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар гэсэн гурван дүүргийн засаг дарга нартай зөвшилцсөн юм. Ингээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өгсөн юм бил ээ. Тэгэхээр дүүргийн хилийн цэгийг өөрчлүүлж байж зөвшөөрлөө авсан болж таарсан.  Уг нь дүүргийн хилийн цэгийг УИХ-аар хэлэлцэж байж өөрчилдөг.  "Эко констракшн”-ы захирал С.Нямдаваа энэ газрыг анх авахдаа үйлчилгээний зориулалттай барилга барин гэж хот тохижилтын газраас зөвшөөрөл авсан байсан. Гэвч сүүлд газар ашиглалтын зориулалтыг нь өөрчлөөд орон сууцны барилга болгочихсон.
Үерийн далан руу орж, барилга байгууламжийн ажил хийгдэж байгаа нь асуудалтай эрсдэлтэй гэж ГУББГ-аас мэдэгдээд байгаа.  Энэ дээр та ямар байр суурьтай байна?
-Анхнаасаа тэнд орон сууц барих зорилгоор дүүргийн хилийн цэсийг зориуд өөрчлүүлж, голын эрэг дээр, төмөр замын хажууд маш өндөр гурван барилга барьж байна. Анхнаасаа энэ барилгын зөвшөөрөл ямар ч тохиолдолд гарахгүй байсан. Гэтэл барилгын зөвшөөрлөө өөрчлүүлээд, газраа нэмээд авчихсан. Яг ямар аргаар авсныг нь мэдэхгүй. Одоо бол бүх зөвшөөрлөө авчихсан барилгын ажил нь явагдаж байна. Яг үнэндээ байршлыг нь харвал "River Villa” хотхон хаанаас ч цэвэр усны шугам татах боломж байхгүй. Ойролцоо байгаа "Баянмонгол” хороолол 200-гийн хоолойгоор цэвэр усны шугамаа татчихсан болохоор даралт багатай байдаг. Амралтын өдрүүдэд дээд давхрууддаа ус гоождоггүй юм. Хэрэв энэ шугамаас авбал дээд айлуудын усны хангамжийн даралт нь хүрэхгүй нөхцөл байдал үүснэ.
Захиргааны байгууллагуудын шаардлагуудыг биелүүлээд нөхөн сэргээлтээ хийсэн. Одоо хаанаас цэвэр усны шугамаа татах юм. Ер нь энэ барилга цэвэр усныхаа хангамжийг шийдэж чадахгүй юм байна гэж ойлголоо ?
-Одоо бол "Эко констракшн” өөр газраас шугам татаж, усан хангамжаа авах ямар ч боломж байхгүй. Хоёр гүүр гараад дунд голоос татах гэж байсан нь цэвэр усны үндсэн шугам явж байгаатай холбоотой. Гэвч одоо гүүрээр гарч, шугам татах нь хууль журмын хувьд боломжгүй. Тиймээс тэднийх гүний худаг гаргаад цэвэр ус гаргах талаар л бодож байгаа болов уу. Өөрөөр ямар ч боломжгүй. Гэхдээ мэргэжлийн хяналтын газраас гүүрэн доогуур нүх ухаад цэвэр усны шугам татах ажил нь холбогдох ном журмын дагуу зөвшөөрлөөр хийгдсэн байна гэсэн хариу над дээр ирсэн.
Төмөр зам болон холбогдох бусад байгууллагууд бол зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна тиймүү?
-Тийм. Төмөр зам доогуур ухаж болохгүй учраас энэ ажлаа яаралтай зогсоогоод нөхөн сэргэлтээ хий гэсэн даалгавар өгсөн. Хувийн байгууллагууд нь энэ дагуу ухаж болно зөвшөөрөл өгчихсөн гэсэн байр суурьтай байна.
Хэдхэн хоногийн өмнө хотын дарга "Эко констракшн” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.  Энэ үеэр "king tower” хотхоныг ярьсан ч "Дунд” голыг сүйтгэсэн талаар огт ярьсангүй?
-Хотын удирдлагууд өмнө нь"Эко констракшн” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж та нар хууль бус, гол ус сэндийлсэн асуудлаараа ард түмнээс уучлалт гуй гэсэн. Гэхдээ "Эко констракшн” уучлал гуйгаагүй, туслан гүйцэтгэх компани нь уучлалт гуйгаад өнгөрсөн. Энд баригдаж байгаа барилга "Эко констракшн” ХХК-ийн нэр дээр биш захирал С.Нямдаваагийн нэр дээр зөвшөөрөл авсан барилга.
Энэ хотхон анхнаасаа л зөвшөөрөл авахдаа өөр чиглэлээр зөвшөөрөл авч одоо аргалаад л яваад байгаа юм уу?
-Бид юу гэж хардаад байна вэ гэхээр тухайн үед л булхайгаа хийж Хан-Уул дүүрэг рүү шилжүүлчихсэн байх. Тэр үед орон сууц биш үйлчилгээний зориулалттай гэж зөвшөөрлөө авсан. Харин одоо энэ газарт орон сууц баригдаад дуусч байна шүү дээ. Ар араас нь аргалаад л яваад байна гэсэн үг
Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр "Эко констракшн”-ны босс С.Нямдаваа барилгаа барихдаа анхнаасаа хууль зөрчиж, хуурч мэхлэх замаар газрын зөвшөөрлөө авч, цаашлаад УИХ-аар хэлэлцэж шийдэх учиртай дүүргийн хилийн цэгүүдийг хүртэл өөрчлүүлсэн гэж хардагдаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Үргэлжлэл бий...
https://check.mn/archives/6089?fbclid=IwAR3N0UKtK_54QsA-vUz0sgD6z3NRfimO6QXr3ro2RV-1fHyeDMqjvoO7NRA

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.