Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна


 

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна

 

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан дөнгөж эхлээд хойшилоо. Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдааны нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учир хойшлуулсан юм байна. Дараагийн хурлын товыг хугацааны хувьд нарийвчлан тогтоолгүйгээр хурлыг өндөрлүүлсэн.
Үндсэн хуулийг 2019 онд өөрчилснөөр одоогийн Төрийн тэргүүн болон өмнө нь энэ албан тушаалд ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж мэдээлэл гаргагчид үзэж байна. Энэ талаарх мэдээллийг хэд хэдэн хуульчийн зүгээс Цэцэд гаргасан.
Тухайлбал, Д.Үүрцайх нарын нэг хэсэг байгаа бол О.Мөнхсайхан хуульчийн зүгээс ч мөн Цэцэд хандсан юм. Өнөө өглөөний хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн хуралд оролцохоос татгалзсан гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна шүү дээ. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.