Нэгдүгээр эмнэлгийн КОВИД эмчилгээний бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ


Нэгдүгээр эмнэлгийн КОВИД эмчилгээний бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд зургаадугаар давхрын цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Амиа алдсан сувилагч тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан бөгөөд 2-3  хоногийн өмнө улаан бүсэд томилогдон ковидтой өвчтөнүүдэд тусламж үзүүлж эхэлжээ.

Сувилагч бүсгүй өчигдөр орой цагийн тариагаа хийчихээд, Сувилагчийн постондоо ирээд зөв зүгээр ажлаа хийж байсан. Ийм алхам хийх ямар учир шалтгаан байсан нь одоогоор хариултгүй байна. Энэ хэргийг  хууль хяналтынхан шалгаж эхэлжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай 80 гаруй өвчтөн эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт, нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь халдвар авсан өвчтөнүүдийн сэтгэл зүйд нөлөөлж, бухимдалтай байна. Тэр уур бухимдлаа эмч, мэргэжилтнүүдэд гаргах тохиолдол цөөнгүй болсон. Хэд хоногийн өмнө нэг өвчтөн энэ сувилагч руу юм шидэж, уурласан гэж нэг эмч нь ярив.

Цар тахлын тархалт, хүндрэл ихсэж байгаа энэ үед ачааны хүндийг эрүүл мэндийн салбарынхан үүрч байгаа. Гэтэл нийгэмд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг буруутгасан хандлага маш их байгаа нь "Халдвар авах вий” гэсэн айдастай, гэртээ харилгүй 10-20 хоногоор ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн сэтгэл зүйд ч сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Эрүүл мэндийн салбарынхандаа урам өгч, тэднийг хүндэлье, хайрлая. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын мэдээ /2021.04.29-ний 10.30 цаг/ : 

Сүхбаатар дүүргийн 1-р хороо "1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад ирснийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

1-р эмнэлгийн ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч амиа алдсан хэрэг гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэжээ.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.