Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ чиглэлд ямар ажил хийж байгаа болон унгирал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр "Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн. 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд байна. Олон улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ. Мөн инженер, шугам сүлжээний засварын ажлыг төлөвлөсний дагуу хийнэ гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга ажлаа авто замын засвартай уялдуулж, нэг нь ажлаа хийгээд дуусахад нөгөө нь дахиад газар ухдаг байдлыг гаргаж болохгүй гэдгийг сануулсан юм.
Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүл
Улаанбаатар хотыг моджуулах, зүлэгжүүлэх ажлыг жил бүр хийдэг ч төдий л үр дүнгүй байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэчнээн талбайд хэдэн мод тарих вэ гэдгийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяраас тодруулахад "185 га-д нийслэлийн хөрөнгөөр ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. 16 га-д хувийн хөрөнгөөр мод тарина” хэмээлээ. Хотын дарга "Мод тарих болон зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүл. Ойжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг долоо хоног тутам өгөөрэй” гэсэн юм. Мөн дөрөвдүгээр сарын 29-нөөс эхэлсэн Энхтайваны гүүрийн засварын ажлыг шуурхай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, хугацаанд нь замыг нээхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарч, гурван төрлийн төлөвлөлт хийж байгаагаа хэлсэн.
Сэтгэгдэл