Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 120-200 машин өдөрт нэвтэрч байна


 ЦАГААН ХАД: Нүүрс тээврийн авто машины очерийг шийдвэрлэв

Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд "Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөх шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргав. 

 

Тус боомтод нөхцөл байдал ямар байгаа талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад Гашуунсухайт боомтоор тавдугаар сард өдөрт 120-200 нүүрс тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгааг хэллээ.

Нөхцөл байдлыг эргэн сануулбал:

Энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-ын хилийн хорио цээрийн дэглэм чангарч, хилээр экспортын нүүрс тээврийн машин гарах нь багасаж, өдөрт 50 хүртэл буурсан. 

Үүнтэй холбоотойгоор Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдийн үлдэгдэл 9.9 сая тоннд хүрчээ.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Ганцмодны боомтод ПиСиАр-ын шинжилгээ өгсөн нүүрс тээврийн жолооч сэжигтэй тохиолдол болсон тул БНХАУ-ын талаас нүүрсний татан авалтыг түр хугацаагаар зогсоосон байв. 

УОК өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт очиж ажиллахдаа Ханбогд суманд Түр штаб байгуулсан. 

Ногоон бүс болох Гашуунсухайт боомт болон Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдийг тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дотоодын цэргийн 50 албан хаагч хамгаалалтад авч, орох гарах хөдөлгөөнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Уртын тээвэрлэлтийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 1-нээс зогсоосон.

Өнөөдрийн байдлаар тус аймагт дархлаажуулалт эрчимтэй үргэлжилж байна. Ялангуяа, Цагаан хад дахь нүүрс тээврийн 5,706 жолооч вакцины эхний тунд, 4,142 жолооч(тавдугаар сарын 3-ны байдлаар) хоёр дахь тундаа хамрагджээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.