13 жилийн өмнөх 33%-ийн инфляцтай дахин нүүр тулахгүйн тулд БЭЛТГЭЛЭЭ ХАНГА


 

13 жилийн өмнөх 33%-ийн инфляцтай дахин нүүр тулахгүйн тулд БЭЛТГЭЛЭЭ ХАНГА

 

Ковидын үеийн инфляц дэлхийн улс орнуудын эдийн засагт тулгамдсан асуудал болж байгаа талаар эдийн засагчид, судлаачид хэлж ярьсаар байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа нь хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудын хувьд ихээхэн хүндрэл дагуулна гэдгийг анхааруулсаар байна.  

Манай улсын тухайд энэ бол тун хамаатай сэдэв. 2021 оны тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотод 6.7 хувьд хүрч нэмэгдэхэд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж Төв банкнаас тайлбарлаж буй. Бүр тодруулбал, инфляц өмнөх оны мөн үеэс 6.2 хувийн өсөлттэй гарсны 3.6 нэгж буюу 58.1 хувь нь хүнсний бараа,  ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байгаа юм. Түүнчлэн импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүд, дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн үнийг  ч өсөлтийн давалгаа тойрохгүй байгааг та бидний худалдан авалтууд гэрчилнэ.

Тэгвэл ОУВС-гийн эдийн засагчид хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа талаарх дөрвөн үндсэн баримт дурдсаныг эдийн засагч Д.Ган-Очир эмхэтгэн бэлтгэснийг хүргэе.

Тэрбээр "Хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт маш хүндээр тусдаг. Учир нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сагсан дахь хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийн жин өндөр байдаг. Иймд орлогын дийлэнх хэсэг нь зайлшгүй шаардлагатай хүнсээ авахад зарцуулагдах, хүрэхгүй болох, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авч чадахгүй болоход хүрдэг” хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолжээ.


БАРИМТ 1:  Хүнсний бүтээгдэхүүний үнэ Ковид-19 цар тахлаас өмнө өсч эхэлсэн. Ялангуяа, Африкаас гарахалтай гахайн ханиадаас үүдэн 2019 оны туршид хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Жишээ нь, Хятадад гахайн махны үнэ маш хурдацтай өсч байсан. Цар тахлын үед бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд саад гарснаар 2020 оны дунд үед дэлхийн хүнсний инфляц огцом нэмэгдсэн. Харин цар тахлаас болж ажилгүйдэл нэмэгдэж, орлого буурснаар ерөнхий үнийн өсөлт бага байсан тул хүнсний инфляц болон бүх өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг оруулж тооцсон инфляц хоорондын зөрүү 2 нэгж хувь болж байв. Харин глобал эдийн засагт сэргэлт гарч эхэлснээр 2021 оны эхнээс ерөнхий инфляцын түвшин огцом өсч эхэлснээр хүнсний инфляцаас эргэн даваад байна.


БАРИМТ 2:.  Цар тахлын үед хөл хорио тогтоох арга хэмжээ, нийлүүлэлтийн сүлжээн дэх гацаанууд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлсөн. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үнийн индекс 2020 оны дундаас хойш тасралтгүй өссөөр жилийн өмнөх түвшнээс 25 хувиар өсөөд байна. Дараах зургаас харахад үйлдвэрлэгчийн үнийн индексийн өсөлт нь хэрэглэгчийн гар дээр ирэх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн багадаа 6 сарын хоцролттой нөлөөлдөг байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэгчийн үнийн өндөр өсөлтийг даган ирэх 6-12 сарын хугацаанд хүнсний инфляц дэлхий даяар өндөр байх дохиог өгч байна.


БАРИМТ 3. Тээвэрлэлтийн зардал маш хурдацтай өсч байна. Сүүлийн 12 сарын хугацаанд далайн тээврийн өртөг (тээвэрлэлийн зардал) 2-3 дахин нэмэгджээ. Энэ өсөлтийн тренд үргэлжилсэн хэвээр байна. Шатахууны үнийн өсөлт болон зарим бүс нутаг дахь том оврын машины жолооч нарын хомсдол нь авто тээврийн зардлыг ч өсгөжээ. Ийнхүү тээвэрлэлтийн зардал өсч байгаа нь хэрэглэгчийн гар дээр ирэх хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байна.


БАРИМТ 4. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш олон улсын түвшинд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үнэ дунджаар 47.2 хувиар өсчээ. Энэ нь бодит түвшнээс 2014 оноос хойших хамгийн өндөр өсөлт бөгөөд ам.доллароор илэрхийлэгдэх дүнгээр түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт юм. 2020 оны тавдугаар сараас 2021 оны тавдугаар сарын хооронд шар буурцаг, эрдэнэ шиш үйлдвэрлэгчийн үнэ харгалзан 86, 111 хувиар өсөөд байна. Үйлдвэрлэгчийн үнэ ийнхүү өсөхөд 3 хүчин зүйлс голлон нөлөөлж байна.
 

  • Хүн, тэжээвэр амьтны хүнсний хэрэглээний эрэлт, ялангуяа Хятадын эрэлт өндөр хэвээр байна. Учир нь цар тахлаас үүдэн улс орнууд хүсний аюулгүй байдлаа хангах үүднээс хүнсний нөөц бүрдүүлж байна.
     
  • 2020-2021 онд цаг уурын хувьд La Niña мөчлөг таарч байгаа тул гол хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орнууд (Аргентин, Бразил, ОХУ, ОХУ, Украйн болон АНУ)-д гантай байхад хүргэж байна. Энэ нь ургацын хэмжээ, ургацын цаашдын төлөв буурах хүлээлтийг бий болгож байна. Эрэлт нь нийлүүлэлтээс давж байгаа тул дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай хэмжээний харьцаа сүүлийн хэдэн жилд байгаагүй бага түвшинд хүрээд байна.
     
  • Био-түлшний эрэлт ерөнхийдөө өндөр байгаагаас үүдэн спекулятив (үнийн өсөлтөөс ашиг хонжоо олох зорилготой) эрэлт давхар бий болж байгаа бөгөөд улс орнууд хоорондын экспортын хязгаарлалтууд нь дэлхийн хүнсний үйлдвэрлэгчдийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Түүнчлэн юаны ханшийн чангаралт ч бусад орнуудын импортын инфляцыг өсгөх чиглэлд нөлөөлнө.

Цаашдын төлөвийн хувьд хүнсний инфляц 2021 оны үлдсэн хугацаа болон 2022 онд эргэн өсөхөөр байгааг тэд анхааруулж байна. Олон улсын зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь зарим бүс нутгуудын хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд алгуур нөлөөлөөд эхэлсэн. Олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ 2021 онд 25 орчим хувиар өсөхөөр, 2022 онд тэр өссөн түвшиндээ хадгалагдахаар хүлээгдэж байна. Энэхүү өсөлтийн 20 хувь (эхний жил 13 хувь, хоёр дахь жил 7 хувь) нь дотоодын хүнсний инфляцад шилждэг гэвэл зөвхөн энэ шалтгаанаар улс орнуудын хэрэглээний хүнсний инфляц 2021 онд 3.2 хувь, 2022 онд 1.75 нэгж хувиар нэмэгдэх тооцоо хийжээ. Үүн дээр нэмээд 2021 оны хувьд тээвэрлэлтийн зардлаас үүдэн хүнсний инфляц нэмж 1 нэгж хувиар өсөх дарамт бий болж байгааг онцолжээ.

Мэдээж эдгээр хүчин зүйлсээс үүдэн дотоодын инфляц хэр хүчтэй нэмэгдэх нь улс орны онцлогоос хамаарч ялгаатай байна. Манай орны хувьд урд хөршийн боомт дээр чингэлэгүүд гацах, тээвэрлэлтийн зардал өсөх, дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх зэргээр хүсний инфляц өсөх хандлага гарч байна. Энд дурдсанчлан дэлхий дахин тулгарч буй тээврийн зардлын өсөлт, хүнсний инфляцын том давалгаа ч импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин биднийг дайрах нь цаг хугацааны асуудал болж байна. Харин дотоод талдаа ургацаа сайн авч, махны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, үнийн тогтворжуулж, дотоод нийт эрэлтэд зохистой тохируулга хийснээр инфляцыг хязгаарлах боломжтой.

Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц зонхилох үед мөнгөний бодлогын хариу үйлдэл дээр маш төвөгтэй нөхцөл байдлыг бий болгодог. Ялангуяа, энэ шалтгаантай инфляц нь түр хугацааных уу эсвэл харьцангуй байнгын шинжтэй юу гэдэг итгэлтэй хариулт олох хэрэгтэй. Дээрээс нь инфляцын хоёрдахь үеийн нөлөө (шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь цалин хөлс, бусад үнийн өсөлтийг дагуулах уу) хэр хүчтэй вэ гэдэгт хариулт өгөх ёстой. Хэрвээ түр зуурын нөлөөтэй, хоёр дахь үеийн нөлөө сул гэвэл мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэхгүй байх боломжтой. Учир нь мөнгөний бодлогоо чангаруулах нь ажил эрхлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ илүү сөрөг нөлөө үзүүлдэг. Харин тус шалтгаантай инфляц нь харьцангуй удаан хугацаанд үргэлжлэх, инфляцын хүлээлтийг хөөрөгдөх, хоёр дахь үеийн нөлөө хүчтэй байхаар тохиолдолд мөнгөний бодлогыг чангаруулахгүй бол  өсч байгаа инфляцыг улам цааш нь хөөрөгдөж, хяналтаас гарахад хүргэдэг. Иймд эдгээр шинжийг маш анхааралтай ажиглаж, шинжилж хариу арга хэмжээний хувилбарыг сонгох ёстой болдог.

Бид бэлтгэл султай байснаар 2007-2008 оны дэлхийн хүнсний хямралын үеэр инфляцын том давалгаанд цохиулж 33 хувийн инфляцтай нүүр тулж байсан. Энэ удаа тийм зүйл давтагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ зохих бэлтгэлээ бүх шатандаа эртнээс хангахад буруутах зүйл үгүй. Дайнгүй үед хөлс их урсгавал, дайнтай цагт цус бага урсана гэдэг” гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.