- Валютын хомсдолтой эдийн засагт төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэх хэрээр энэ нь үнийн өсөлт дагуулах болов
- Өнгөрсөн онд дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өндөр байхад хүргэсэн билээ
Тэтгэврийн зээлийг тэглэх тухай яриа нийгэмд идэвхтэй өрнөж, олон нийт үүнийг зөв, буруу хэмээн хүчтэй маргаж буй энэ үед инфляцын мэдээллийг уншигч танд хүргэж байна. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх төв банк 2020 онд инфляцыг найман хувьд, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулахаар зорилгоо тодорхойлсон. Инфляц улсын хэмжээнд өдгөө 5.2 хувьтай байна. Зорилтот түвшнээс хэдий бага мэт боловч өрхийн худалдан авах чадвар хэр хурдтай уруудсаар байгааг энэхүү статистик гэрчилнэ. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханш хоног хоногоор суларсаар байгаа нь төгрөгийн орлоготой, импортын хэрэглээтэй манай улсад хүндхэн сорилт дагуулж эхэллээ. Өдгөө төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2735 төгрөгтэй тэнцэж байна. Валютын хомсдолтой эдийн засагт төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэх хэрээр энэ нь үнийн өсөлт дагуулах болов. Өөрөөр хэлбэл, манай улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах нэг үндэслэл гэж үүнийг хэлж болно. Бэлэн мөнгө зах зээлд ихээр нийлүүлсэн жилүүдэд инфляц гаарч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгддэг. 2019 оны хувьд махны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц есөн хувь хүртэл өссөн билээ. Харин өнгөрсөн оны гуравдугаар улирлаас махны үнэ тогтворжиж, улмаар инфляц есөн хувиас доошилж, одоогийн 5.2 хувьд хүрэв. Тэгвэл 2020 онд инфляц эргэн өсөх эрсдэл өндөр байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит сонгууль угтсан халамжийн бодлого хавтгайран хэрэгжихээр байгаа тул энэ нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөрөгдөж мэдэх юм. 2012, 2016 онд улс төрийн сонгууль тохиож, тэр жилүүдэд инфляц мөн адил огцом өсөж байв. Үүнээс гадна ирэх сард тохиох сар шинийн баяр инфляц өсөх нэг шалтаг болж ирсэн. Инфляц өсөх өөр нэг шалтгаан нь төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт. Өнгөрсөн онд гэхэд дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өндөр байхад хүргэсэн билээ. Шатахууны үнэ мөн өссөн нь инфляц 2019 оны турш хамгийн тогтворгүй байхад нөлөөлсөн. Ирэх хавар махны үнэ хэр тогтвортой байх нь инфляцын төлөвийг тодорхойлно. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 онд төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ингэснээр эдийн засгийн өсөлтөд эерэг дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Түүний дотор "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлж, дуусгавар болгох, саарал жагсаалтаас энэ онд багтан гарах нөхцөлийг бүрдүүлэх, Хятадын Ардын банктай байгуулсан мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хугацаа дуусахтай холбогдуулж эдийн засагт сөрөг нөлөөгүйгээр шийдвэрлэх гарц, шийдлийг олж хэрэгжүүлэхээ онцолсон билээ. Эдийн засагт нөлөөгүй гэхээр уг гэрээг үргэлжлүүлэн сунгах арга замыг эрэлхийлэх аж. Эдгээр нь 2020 оны инфляц, мөнгөний бодлогын үр нөлөөг харуулахаар байна.
ЗГМ
Сэтгэгдэл