- Инфляцыг өөрсдийн зорилтоо болгосон мөнгөний бодлого хэрэгжүүлэгч төв банкны хамгийн том сорилт нь өнөөдөр валютын ханш болоод байгаа
- Алтны тушаалт 2018 онтой харьцуулахад 24 хувиар буурч, өнгөрсөн сард 14.4 тонн болов
Төв банкны эдийн засгийг удирдан залах "зэмсэг” нь мөнгөний бодлого. Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж, хараат бусаар хэрэгждэг энэхүү бие даасан бодлогод ямар өөрчлөлт орох эсэх нь маргааш тодорхой болох юм. Мөнгөний бодлогын хорооны энэ оны ээлжит хурлын тов баасан гарагт зарлагдсан. Үүгээр одоогийн 11 хувьтай тэнцэх бодлогын хүүг хэвээр үлдээх эсвэл нэмэх, магадгүй бууруулах шийдвэр ч гаргаж болзошгүй юм. Эдийн засагт төсөв, мөнгөний бодлогын нөлөөлөл хамгийн их байдаг. Энэ хоёр бодлогын тусгал үндсэндээ нийгмийн амьдралыг тодорхойлж байна гэхэд дэгсдэхгүй. 2018 оны 12 дугаар сараас хойш дээрх түвшинд хэвээр буй бодлогын хүү бүтэн жилийн турш 11 хувь дээр "гацлаа”. Инфляц мөнгөний бодлогын зорилтот найман хувийн түвшинд хэвээр байгаа тул бодлогын хүүг ийнхүү урт удаан хугацаанд хадгалсан хэрэг. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сарын байдлаар 5.2 хувьтай гарсан. Уг үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн бага хувийг зааж эхэллээ. Ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцын өсөлтийг найман хувиар таамаглаж байгаа. Үүнээс хэтрэхгүй гэж төв банк тооцоолж буй. Инфляцын өсөлтийн хурдыг авч үзвэл, мөнгөний бодлогын өмнө бэрхшээл барагтай алга гэж болно. Харин валютын ханш олон нийтийн анхаарлын төвд байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илэрхийлэх инфляц тогтуун ч гадаад валюттай харьцах төгрөгийн ханш хоног хоногоор суларсаар. Ялангуяа, энэ сар гарснаас хойш ам.долларын ханш дээшээ огцом өсөв.
Инфляц & валютын ханш
Инфляцыг өөрсдийн зорилтоо болгосон мөнгөний бодлого хэрэгжүүлэгч төв банкны хамгийн том сорилт нь өнөөдөр валютын ханш болоод байгаа. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар лхагва гарагт 2729 төгрөгтэй тэнцлээ. "Ногоо”-ны ханш түүхэнд байгаагүй өн-дөр түвшинд хүрэв. Манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг гадаад валютын өмнө нэр нүүрээ барж дуусах нь. Энэ байдлаараа олон улсад төгрөг хамгийн их суларсан валютад тооцогдох хэмжээнд ортлоо өрсөлдөх чадвараа алдаж гүйцэх нь. Жилийн өмнөх үетэй харьцуулахад өнгөрсөн сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4.8 хувиар суларсан. Мөнгөний нийлүүлэлт дээрх хугацаанд 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Ам.долларын хомсдолтой эдийн засагт хэрэв төгрөг нийлүүлсээр байвал валютын ханш хяналтаас гарна гэсэн үг. Хэдий зах зээл үүнийг өөрөө зохицуулах боловч хүн л эцсийн шийдвэр гаргаж байгаа билээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй, үүнийг дагаад гадаад валютын албан нөөц арвижих бус дуудлага худалдаа хийх явцад хорогдож байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлт цаашид тэлсээр байвал төгрөгийн ханш улам суларна гэдгийг цөөнгүй эдийн засагч анхааруулж байна. Төв банкны мэдээлснээр, гадаад валютын албан нөөц энэ оны аравдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байна. Удахгүй 11 дүгээр сарын валютын нөөцийн мэдээлэл ил болно. Энэ долоо хоног гарснаас хойш төв банк гадаад валютын дуудлага худалдаагаар 53.5 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ.
Улс төрчдийн хийрхэл ханшийг хөөрөгддөг
"Оюутолгой” төслийг эс тооцвол Засгийн газар валют даллах хэмжээний мега төсөл хэрэгжүүлж чадсангүй. Харин ч байгаа төслөө УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд нь гацаах, зогсоох тухай ярьж явна. Сонгууль ойртох тусам ийм явуургүй, явцгүй хандлага хэрээс хэтэрдэг. УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй мэдэгдэл өнөөдөр төгрөг үнэгүйдэх, ам.долларын ханш чангарах, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголоос үргэн дайжих үндэслэлийн нэг болдог нь нууц биш юм. Ам.долларын ханш тогтвортой байхад өнгөрсөн жил алт тушаалт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, 700 гаруй сая ам.доллараар манай улсын валютын нөөцийг зузаатгасан билээ. Тэгвэл энэ онд алтны тушаалт 2018 онтой харьцуулахад 24 хувиар буурч, өнгөрсөн сард 14.4 тонн болов. Төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн уналт дан ганц гадаад худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг импортлогч оронд инфляцыг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог.
Б.Лхагвасүрэнгийн мөнгөний бодлого эдийн засгийг аврах уу...
Хэрэв төгрөгийн ханш дээрх байдлаар унасаар байвал манай улсын гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, олон улсад төлөх ам.долларын өрийн эргэн төлөлт улам хүнд байдалд орж мэдэхээр байна. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлыг ажлаа аваад удаагүй төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүлнэ. Түүний шийдвэр голлох бөгөөд мөнгөний бодлогын мэдэгдэл шинэ ерөнхийлөгчийн гарын үсгээр баталгаажиж, ямар ч шийдвэр гарсан алдаа, оноо нь түүнтэй шууд холбогдоно. Энэ оны сүүлийн шийдвэрээ гаргах Мөнгөний бодлогын хороо жилд хамгийн багадаа дөрвөн удаа хуралдах хуваарьтай. Урьдчилсан санал асуулгаар Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх эдийн засагчдын клубийн шинжээчдийн 78 хувь нь бодлогын хүүг хэвээр хадгална гэж таамагласан. Хүүгээ өсгөнө гэж шинжээчид үзээгүй бол бодлогын хүүг бууруулж магадгүй гэж цөөн буюу 22 хувь нь үзжээ. Хүүг буулгахдаа нэг нэгж хувиар буулгана гэж таамагласан юм. 2020 оны улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага аль аль нь данхайсан. Зарлага нь 13.9 их наяд төгрөг бол орлого нь 11.8 их наяд. Сонгуулийн жилийн төсөв гэсэн нэрээр түүхэнд байгаагүй өндөр тоонууд энд хөвөрнө. Төсөв нь хамаг байдгаараа тэлчихсэн, гадаад өрийн дарамт өндөр, валютын ханш эдийн засагт эрсдэл дагуулах хэмжээнд ирсэн манай улсад мөнгөний бодлого л хамгийн эрүүл, богино зайны улс төрөөс ангид хэрэгжих цаг үетэй нүүр тулаад байна. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед эдийн засгийн аврал нь мөнгөний бодлого болж байна.
Сэтгэгдэл