Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүлэгч Ш.Түвдэнбалжир АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Бидний хэсэг эрдэмтэд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, дархлааны уурагт бэлдмэлийг үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн ОХУ-тай хамтарч, "Спутник" вакциныг үйлдвэрлэх эхний хэлцлүүд хийгдээд явж байна. Уурагт бэлдмэлийг 1977 оноос эхлээд Монгол Улс үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Коронавирус цар тахлын үед энэ уурагт бэлдмэлийг үйлдвэрлэхэд Засгийн Газраас 200 гаран сая төгрөг гаргасан. Энэ мөнгөнд багтаан, 800-гаад тунг нойр хоолгүй ажиллаж бий болгож байгаа. Энэ үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд 10-аад тэрбум төгрөг шаардлагатай. Жилдээ 5-аас 10 сая тунг үйлдвэрлээд бүх хүнээ дархлаажуулах боломжтой. Гэтэл энэ мөнгө шийдэгдэж өгдөггүй. Тэгээд бид энэ талаар буюу нийгмийн даатгалаас зохих мөнгө гаргах боломжтой эсэхийг судалсан юм.
Энэ явцад нийгмийн даатгалын маш олон тэрбум төгрөгийг банкууд дээр хуваагаад идчихсэн нь тодорхой болсон. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар мөнгөн хадгаламж, хамтын гэрээ, харилцах дансны гэрээ гэдэг нэрийн доор "Чингис хаан" банк, "Капитал" банк, "Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк"-уудад 200 гаад тэрбум төгрөгийг байршуулчихсан, үүнийг нь хувьцаа эзэмшигчид нь хуваагаад идчихсэн, цэвэр мөнгө угаах залилангийн гэмт хэргийн үйлдэл хийчихсэн байна. Үүнийг шалгаад, энэ хөрөнгийг тэднээр төлүүлэн гаргаж, ард иргэддээ хэрэгтэй зүйлд зарцуулмаар байна. Иймээс энэ асуудлыг шалгаж өгөөчээ гэж АТГ-т хандаж байна.
Би ганц жишээ хэлье.
ЭМДЕГ-ын дарга байсан Ч.Алтанхуяг гэдэг хүн зөвхөн "Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк"-ы хадгаламжийн дансанд 17.5 тэрбум төгрөг, харилцах дансанд нь 4.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн уг банкны хувьцаа эзэмшигчид нь энэ мөнгөнөөс өөрсдөө авсан асуудал байдаг.
Жишээ нь : "Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк" бол дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. 56.93 хувийг нь Аса Д.Дагвадорж, 15.9 хувийг нь Нийслэлийн Засаг Дарга Д.Сумьяабазар, 15.9 хувийг н.Баярсайхан, 5.7 хувийг нь Ч.Маралмаа нар тус тус эзэмшдэг. Сонирхолтой нь улсаас авсан мөнгөнийхээ 12 тэрбумыг нь Д.Дагвадорж , 8 тэрбумыг нь Д.Сумьяабазар, 14 тэрбумыг нь н.Баярсайхан нар өөрсдөө зээлээд авчихсан байна. "Чингис хаан" банкинд бас ийм асуудал байгаа.
Иймээс Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын удирдлага болон дээрх нэр бүхий банкны эздийг шалгуулахаар АТГ-т хандаж байна" гэв.
Х.Цэцэнноров
https://www.sonin.mn/news/crime/123732
Сэтгэгдэл