Зарим хичээлийн хэрэгслийн үнэ нэг дахин нэмэгджээ


 

Зарим хичээлийн хэрэгслийн үнэ нэг дахин нэмэгджээ

 

Цар тахлын улмаас хоёр жил хичээл сургуульгүй өнжсөн хүүхдүүд ирэх есдүгээр сарын 1-нийг хоног тоолон хүлээж байна.

Энэ хичээлийн жилд салбар яамнаас тав хоног цахимаар, тав хоног танхимаар хичээллэх шийдвэр гаргасан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг.

Тухайлбал, олон хүүхэдтэй айл өрхөд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангана гэдэг "амаргүй даваа” байдаг. Тэр тусмаа эдийн засаг хямралтай, цар тахал нүүрлэсэн байгаа энэ цаг үед хүмүүсийн худалдан авах чадамж эрс буурсан нь нууц биш. Иймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг тодрууллаа.

Цар тахлаас улбаалсан эдийн засгийн хямрал, Эрээн дэх ачаа барааны бөөгнөрлөөс үүдэн хичээлийн хэрэгслийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тодруулбал "Нарантуул” олон улсын худалдааны төвд нэг ширхэг дэвтэр дунджаар 200-1450 төгрөг байна. Харин урд хөршөөс орж ирдэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ 40-70 мянгын хооронд хэлбэлзэж байна. Биднийг очиход хичээлийн хэрэглэл худалдаалдаг лангуунууд худалдан авагч муутай байв. Харин форм, цагаан цамцны тасаг ганц, нэг худалдан авагчтай байлаа. Худалдаа эрхлэгчдийн зүгээс ачаа тээвэр, бензиний үнэ нэмэгдсэн учраас жижиглэн бүтээгдэхүүний үнийг нэмэхээр өөр арга байсангүй гэв.
Ц.Отгон: Бараа муу орж ирж байна. Хамгийн багадаа 14 хоногт бараа орж ирж байна. Өнгөрсөн жилүүдэд найман сар гаргаад хүмүүс хичээлийн бэлтгэлээ хангадаг байсан бол энэ жил хүн цөөнтэй байна. Үнийн хувьд огцом нэмэгдсэн зүйлгүй. Нэг хүүхдийн бэлтгэлийг хангахад 150-200 мянган төгрөг зарцуулдаг. Өчигдөр шийд гарснаас хойш хөдөлгөөн нэмэгдсэн.Бид нар бараагаа заримыг нь дотроосоо, заримыг нь Хятадаас захина. Энэ жил барааны нийлүүлэлт муу байна. Олигтой наймаа хийж амжаагүй байна. Өчигдрөөс хичээл орно гэсэн шийдвэр гарснаас хойш хүний хөдөлгөөн бага зэрэг нэмэгдлээ. Дунджаар 50-70 мянгыг нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд эцэг, эхчүүд зарцуулдаг.

"Бүтээлч үйлс” ХК-ийн формыг худалдаалж байсан борлуулагчид "Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад худалдан авалт бага байна. Ганц нэгээр нь салгаж авах эсвэл цэнхэр цамцаа голчлон авах зэрэг нь ажиглагдаж байна. Багцаар нь гэвэл нэгдүгээр ангид шинээр орох гэж байгаа хүүхдүүд л багцаар нь авч байна. Үнийн хувьд ахлах ангийн эрэгтэй форм комоороо 153 мянган төгрөг, эмэгтэй нь 138 мянга, дунд ангийн эмэгтэй 108 мянга, эрэгтэй нь 112 мянга, бага ангийн эрэгтэй нь 91 мянга, эмэгтэй форм нь 70 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа” гэв.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.