Шатахуун тасалдуулсан сайд нарт ямар хариуцлага тооцох вэ!


Шатахуун тасалдуулсан сайд нарт ямар хариуцлага тооцох вэ!

 

Манайд иргэд нэгнээ гэмтээх, залилахаас эхлээд аливаа байдлаар хохироовол ял шийтгэдэг. Харин дарга нар өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх замаар ард иргэдээ хохироосон бол юун шийтгүүлэх байтугай эргээд биднийгээ загнаад өнгөрдөг жишиг тогтлоо. Жишээлбэл, шатахуун тасарч нийслэлийн иргэд бухимдаад эхлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гарч ирээд “Та нар бензин хомсдох нь гээд шатахуун түгээгүүрийн газруудыг хоосолсон биз дээ” ухааны юм яриад сууж байна. Өнгөрсөн хэд хоногт л нийслэлд шатахуун ховордож хүмүүсийн анхаарлын төвд орсон болохоос сар орчмын өмнөөс орон нутагт тасарчихсан байсан шүү дээ. Сумдуудад бензин байхгүйгээс амьдрал нь таг зогсчихоод байгаа асуудлыг манай сонин өнгөрсөн долоо хоногт хөндөж, сурвалжилга бэлтгэн гаргаж байв. Ер нь тариаланчид ургацаа хураах, малчид хадлан бэлтгэлдээ гарах цагаар шатахуунгүй болон зогсоно гэдэг ирэх өвлөөс өмнө хор уршиг нь мэдэгдэх асар хөнөөлтэй зүйл л дээ. Мах гурил хүнсэндээ хэрэглэдэг монгол хүн бүрийн амьдралд удахгүй сүүдрээ тусгана. Тариагаа хурааж чадаагүй цасанд даруулбал, өвлийн бэлтгэлээ хангаж чадалгүй зуданд нэрвэгдэх юм бол Монгол Улсад жинхэнэ хямрал нүүрлэнэ гэсэн үг.

 

Бүр сүүлдээ нийслэл хотод бензин ховордсоноос болоод хөл хөдөлгөөн зогсох дээрээ туллаа. Улаанбаатар хотод хүмүүс дэмий сэлгүүцэх гэж машин тэрэг унадаггүй юм. Монгол орны ганц эдийн засаг хөдөлж байгаа том хот нь энэ. Эргээд ажлын байр буурах, иргэдийн орлого тасалдах дээрээ хүрэх гэж байна. Гэтэл юунд ч гэм буруугүй байдаг дарга нарын яриагаар бол манайд нүүрлээд байгаа зовлон Хятад, Орос хоёрын буруу болох нь. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндоны хэлэхээр бол Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг юм байна. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг аж. Гэтэл оросууд зарим үйлдвэрүүддээ засвар хийж байгаа гэж шалтаглаад энэ сард долоон мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн гэнэ. Үүнийг сэргийлэх үүднээс Хятад улсын “Чайна ойл” компанитай Петровис, Шунхлай, Магнай  трэйд, Сод монгол, Лэкс ойл гэсэн таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн юм байна. Ингээд Хятадаас шатахуунаа татах дээрээ тултал цаадуул нь “Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг  есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон” гэсэн юм уу даа. Тэгэхээр огт шатахуунгүй болох хүртэл манай улсад хэдхэн хоног л үлдсэн гэж ойлгогдож байна.

 

Энэ бүх холион бантан бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нартай зайлшгүй холбоотой. Монголчуудын төсвийг, аж ахуйг хариуцна гэж албан тушаал, эрх ямба эдэлж байгаа хүмүүс ажлаа хийхгүй байна. Хоорондын уялдаа харилцаа ч алга. Шатахуун хомсдохоос урьдчилан сэргийлж чадаагүй ийм сайд нараар ер нь яах юм бэ. Оростой харилцаагаа бүх түвшинд барьж, гэрээгээр хүлээсэн үүргийг нь биелүүлэхэд шахалт тавих нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ажил биш юм уу. Оросд айлчиллаа, орос ах нарт хатуу үг хэлж чадлаа энэ тэр гэсэн дэмий сурталчилгаагаар л ажлынхаа хүрээг хараад явж байгаа бололтой. Биднийг гадаадад төлөөлж, улс үндэстнийхээ эрх ашгийг ханга, тэр байтугай гуйж гувшиж яв л гэж түүнийг өргөж залсан биз дээ. Дээр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг бол бүр ч ойлгохоо байлаа. Наашаа зовлон тоочиж байхаар бодлогын яам удирдаж байгаа юм бол гарц шийдэл хайгаад нойр хоолгүй сууж байх ёстой сон. Эхлээд иргэдээ их бензин авч байна гэж загнаад, сүүлдээ хоёр хөрш новшийн зан гаргалаа гэж гонгиноод, эцэст нь хувийн хэвшлийнхэн бүрдүүлэх учиртай зүйл гэсэн утгатай юм яриад сууж байгааг нь ямар байдлаар ойлговол зохих вэ. Бас нэг анхаарал татаад байгаа зүйл бол хятадуудаас шатахуун авах гэтэл вагонгүй болсон гэдэг нь юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын өнгөн дээр монголчууд олон зовлон үзэж байгаа. Дарханы зам, Тянжины ачаа гээд хөвөрнө. Одоо хэдэн компани нь Хятадаас шатахуун авах гээд гэрээлчихсэн байхад цөөн хэдэн вагоны асуудлыг шийдэж өгөлгүй сууж байдаг. Арай гар цайлгахыг нь хүлээгээд байдаг юм биш биз дээ. Иргэд төрөө муулж байгаад эрх баригчид дургүй байдаг юм шиг байна лээ. Уг нь бол иргэний төрөө дээдлэх, төрдөө итгэх гэдэг бол “Төр бидний төлөө ажиллаж байгаа” гэдэг итгэлээс эхэлдэг юм. Тэр итгэлийг даах, олж авах хүн Засгийн газарт ажиллах учиртай. Гэвч сайдын сэтрийг гоёл гангараа төдийгөөр харсан хүмүүс л том хар жийптэй давхиж явна. Ийм учраас өнөөдөр Монголд шатахуун тасалдахад эс үйлдэхээр нөлөөлсөн Б.Батцэцэг, Г.Ёндон, Л.Халтар нарт ямар хариуцлага тооцох вэ гэдгийг асууж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.