Засаг төр "гурав дахь тун"-д уриад л бид гэдийгээд л...


 

Засаг төр "гурав дахь тун"-д уриад л бид гэдийгээд л...

 

 
Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа COVID-19-ийн вакцины нэмэлт тунд "Pfizer” хийх зөвшөөрлийг сарын өмнө олгосон. Үүнийхээ дараа Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчдийг цуглуулж байгаад, нэмэлт тун тариулжээ. Тэр үеэрээ "...Нэмэлт тун чухал хэдий ч бидний хувьд эхний тунд олон хүнийг хамруулах нь хамгийн чухал байна” гэсэн байна.
Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Америк улс ингэж иргэддээ COVID-ийн гурав дахь тунг "санал болгож" буй ч эхний тунгийн явц нь тийм ч сайнгүй байгаа ажээ. Харин манайд хоёр тунгийн вакцинжуулалт өндөр хувьтай явчихсан. 2021 оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдөр нийт хүн амын 65.6 хувь хоёр буюу бүрэн тунд хамрагдсан. Booster shot буюу гурав дахь тунд 360 гаруй мянган хүн хамрагдаад байгаа юм. Гэхдээ энэхүү дархлаа сэргээх гурав дахь тунд хамрагдах байдал тааруухан байгаа юм.Ер нь бол booster shot буюу гурав дахь тун бидэнд маш чухал. Товчхон хэлэхэд, дархлааны системийг дахин нэг удаа дэмжиж, вирусээс идэвхтэй хамгаалах ач холбогдолтой.
Тэгээд ч COVID-19-ийн шинэ төрлийн вирусээс бүрэн хамгаалахын тулд хоёроос дээш удаа, эсвэл тогтмол вакцинд хамрагддаг болох ч магадлалтайг судлаачид хэлж байна. Тиймээс Засгийн газар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлжээ.
Тэгээд хэдийгээр гурав дахь тун вакцинд иргэд сайн дураар хамрагдах ч ЭМЯ, эмч, эмнэлгийн ажилтнууд дуудлагаар, явуулаар ч вакцинжуулж буй аж.
 
Ингэсэн ч тааруу байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "... Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна" гэж байх юм.
 
Бас Эрүүл мэндийн сайд С.Энхболд уржигдар "...ЭМЯ цаашид иргэд дархлаа сэргээх буюу гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй.
Удахгүй болох шинэ жил, цаашлаад цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, аж ахуйн нэгжүүд нь орлоготой байя" гэж байгааг сонслоо. Засаг төр ингэж "гурав дахь тун"-д уриад л, бид гэдийгээд л...
 
 
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.