Крипто зах зээлийн олон улсын судлаач Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Манай улсад сүүлийн хэдхэн сард крипто зах зээл асар хурдтай хөгжлөө. Крипто зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээлийнхээс давсан тухай шинжээчид ярьж байна. Крипто зах зээлийн онцлог, хурдтай хөгжиж буй шалтгаан юу вэ?
-Крипто зах зээл бол блокчэйн технологид суурилсан хөрөнгийн тоон систем юм. Уг тоон систем бидэнд аюулгүй байдлын баталгаа өгдөг. Бидний мэдэх, одоогийн зах зээл удирдах түвшний хүмүүс, дарга нарын шийдвэрийн дагуу “ажилладаг”. Хүн алдаа гаргана. Хүмүүсийн хэрэгжүүлж буй бодлого, хэвлэж буй мөнгө ч алдаатай явсаар ирсэн. Блокчэйн технологи бол үүний эсрэг гаргаж ирсэн систем. Хүмүүсийн алдаа нь уул овоо шиг томорч байгааг олж харсан хүмүүс эдийн засгийн хувьсал хийх технологи бий болгосон хэрэг. Мөнгө хэмээх үнэ цэнтэй зүйл аюулгүй, шударга, нээлттэй зах зээл рүү тэмүүлж байна. Аюулгүй, шударга, нээлттэй байдлыг блокчэйн технологи бидэнд “амлалаа”. Хөрөнгийн, таваар, үнэт металлын зах зээлийн мөнгөний үнэ цэн блокчэйн рүү шилжиж байна. Ялангуяа блокчэйн дээр суурилсан аппликэйшнүүд рүү шилжсэн. Нөгөө талаар блокчэйн шинэ интернэт гэсэн үг. Энэ шинэ интернэтэд аппликэйшнүүд өөрийн экосистемээ бүрдүүлж байна. Зээл олгох, авах, гүйлгээ хийх гэх зэрэг банкны үйлчилгээний үйлдлүүд вэб3 буюу шинэ интернэт гэж нэрлэж буй блокчэйн технологид суурилан бий болсон аппликэйшнээр хийгдэж байна гэсэн үг. Крипто зах зээл хурдтай хөгжих гол шалтгаан нь аюулгүй байдлын баталгааг хангасан блокчэйн технологи бий болсонтой холбоотой.
-Монголчууд крипто зах зээлээс койн худалдаж авч байна. Гэхдээ зарим хүн яг юу худалдаж аваад байгаагаа ойлгохгүй, бусдыг даган дуурайж байх шиг. Үнэ цэнтэй мөнгөөрөө тэд юу худалдаж аваад байгаа юм бол?
-Монголын зах зээлд олон койн гарч ирлээ. Гаргаж буй хүмүүс нь босгож буй хөрөнгөөрөө ийм юм хийнэ, тийм зүйл байгуулна гэж амлалт өгч байна. Үлгэр ярьж байгаа ч юм шиг. Энэ ямар УИХ-ын сонгууль биш дээ. Блокчэйн технологид суурилсан аппликэйшнүүд үйлчилгээний цогц шийдлээ эхэлж бүрдүүлж, үйлчлүүлэгчдэд санал болгодог стандартыг дэлхийд мөрдөж байна. Манай койныг авбал бидний бий болгосон платформ, экосистем дээрх үйлчилгээг авахад чухал үүрэг гүйцэтгэнэ, тиймээс үнэ цэнтэй байна гэдэг ойлголтыг тэд өгдөг. Монголчууд юм амлаад мөнгө татан төвлөрүүлж болох нь, босгосон мөнгөөрөө амласан зүйлээ хийхийг хичээе гэж хэлж байна. Энэ бол өрөөсгөл ойлголт.
-Таны хариултаас блокчэйн технологид суурилсан аппликэйшнээс үйлчилгээ авахдаа койноор төлбөр тооцоо хийх экосистем бүрдүүлсэн байвал жинхэнэ утгаараа крипто зах зээл болох юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм. Үүнээс гадна гадаад руу гарч, олон улсын дэвшлийг ашиглаж болохгүй юм уу гэсэн ойлголт монголчуудад бий. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглахын тулд гадаад руу гарах шаардлагагүй. Вэб1 гэж хамгийн анхны интернэт байлаа. Түүн дээр мэдээлэл байршуулж, хайж болдог байсан. Google шиг гэж ойлгож болно. Вэб2 нь бидний мэдэх вэб сайт, гар утасны аппликэйшнүүдийг хийх, и-мэйл явуулах боломж бүрдүүлсэн. Вэб1, вэб2 нь мэдээлэл алдах, хакердуулах боломжтой систем. Үнэн зөв мэдээлэл олж авахад хэцүү. Интернэтээр дүүрэн худал хуурмаг зүйл бий. Харин бүгдийг шийдэхийн тулд вэб3 гэсэн интернэтийг бий болгож байгаа юм. Вэб3 өөрийн сүлжээ буюу программтай. Үүнийг нь блокчэйн гэж нэрлээд байгаа юм. Монголд өмнө нь банкны карт нэвтрүүлэх үед хүмүүст ашиглахад хэцүү байсан. Цаасан мөнгө, алт, үнэт эдлэлээ гэртээ хадгалаад аюулгүй байж болно гэж бодож, банкны картыг луйвар гэж ярьдаг байлаа. Тэгвэл одоо хүн бүр карт ашиглаж байна. Учир нь илүү хялбар, аюулгүй, төлбөрийн хэрэгсэл болж хувирчээ. Одоо бид шилжих хөдөлгөөний зааг дээр явна гэж харж байна. Монголчууд 5-6 жилийн дараа блокчэйн технологи гэдэг чинь ийм давуу талтай, энэ койн тийм учиртай гэх мэтээр сайтар мэддэг болсон байх болов уу. Блокчэйн технологи, крипто зах зээлийг ойлгох нь цаг хугацааны л асуудал.
-Крипто зах зээлийн экосистем гэсэн ойлголтын талаар ярьж өгөөч?
-Крипто зах зээл нь блокчэйн технологид суурилж буйг ойлгосон байх. Экосистемийг ойлгохын тулд койныг ойлгох хэрэгтэй. Блокчэйн технологид байр сууриа эзэлсэн, зах зээл бий болгосон, өөрийн сүлжээтэй цахим мөнгөн тэмдэгтийг койн гэж нэрлэдэг. Койн нь компани, бизнес эрхлэгчдэд сүлжээг нь ашиглаж, аппликэйшнээ байршуулах боломж олгодог. Манай сүлжээнд аппликэйшнээ байршуулбал ийм боломж олгоно гэж өрсөлддөг. Монголчууд койн гаргаж байна гэж ярьдаг. Эдгээр нь койн биш, токен юм. Тэгэхээр блокчэйн технологид өөрийн байр сууриа эзэлсэн, сүлжээгээ бий болгосон цахим мөнгийг л койн гэх нь байна. “Bit¬coin”, “Ethereum”, “Polygon”, “Polkadot”, “Sola¬na” зэрэг өөрийн сүлжээгээ бий болгосон, тус тусын онцлогтой койн бий. Жишээ нь, “Ethe¬reum” хэмээх суурь сүлжээ олон байгууллага, компанид дээр нь аппликэйшнээ барьж босгоход тусалсан гэсэн үг. Түүний дээр барьж буй аппликэйшн бүр нь өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй, тэр нь токен юм. Тодруулбал, өөрийн гэсэн сүлжээгүй бусдынхыг ашигладаг, түүгээр дамжуулж үйлчилгээгээ хүргэдэг бизнесийн загварыг токен гэж нэрлэдэг.
-Тэгвэл манайд гарч буй токенууд босгосон мөнгөөрөө уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарт хөрөнгө оруулна гэж ярьж байна. “White paper” гэж танилцуулга бэлтгэж, юунд хөрөнгө оруулахаа тоочих юм. Зарим талаар бизнесменүүд гарааны санхүүжилт босгох бонд гаргаад байгаа ч юм шиг санагдаж байна. Энэ нь крипто зах зээлийн үндсэн мөн чанар мөн үү?
-Токен гаргаж байгаа компаниуд алт олборлодог, эсвэл хөдөө аж ахуйн эрхэлдэг ч юм уу, ардаа бизнестэй байж болно. Бид ийм зүйл хийнэ гэж амлаж байж магадгүй. Гэвч эцсийн бүтээгдэхүүн хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн нь хүмүүс мөнөөх токеныг нь ашиглаад өөртөө хэрэгтэй зүйл хийж чадаж байна уу гэдгээр хэмжигдэнэ. Амлалт бол эцсийн бүтээгдэхүүн биш. Токеноо бариад гаргасан компани дээр очсон ч төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй байвал яах вэ. Энэ бүгдийг шийдчихээд койноо гаргах ёстой. Түүнээс биш ямар ч шийдэлгүй койн гаргаж болохгүй. Гол нь гаргаж буй койн нь хүмүүсийн амьдралд яаж туслах вэ гэдэгт тэд хариулах хэрэгтэй. Жишээ татъя. Эмэгтэйчүүд нөхрөө засаад авна гээд бодоод амьдардаг. Гэтэл нөгөөх нь насаараа архи ууж, тамхи татсаар л байдаг. Эцсийн бүтээгдэхүүнгүй койн нь үүнтэй адил барьцгүй зүйл. Олон хүн койн авангуутаа түүнийгээ бусдыг авхуулахын тулд их магтдаг. Муу хэлсэн хүнтэй маргадаг. Монголчууд койныг үнэхээр сонирхож, худалдаж авч байгаа бол миний амьдралд ямар нэмэр болж байна вэ гэдгийг өөрөөсөө асуух ёстой.
-Монголчууд, ялангуяа залуус нэг төгрөгөөр койн худалдаж аваад 10-аар зарах зорилготой байна. Энэ асуултад ханшийн зөрүүнээс ашиг олохын тулд авсан гэж хариулах байх. Та юу гэж хариулах вэ?
-Ханшийн зөрүүнээс ашиг олно гэж харж байгаа өнцөг нь хэдий хугацааных вэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Цаг хугацаа мөнгөнөөс илүү үнэтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс мөнгөндөө хөрөнгө оруулж байна уу, цаг хугацаанд хөрөнгө оруулж байна уу гэдгийг бодох ёстой. Мөнгөө койнд оруулчихдаг, ханш нь унаад зарж чадахгүй түгжигдэнэ. Гэтэл тэр хугацаанд мөнгөөрөө юу хийж болох байсан бэ гэсэн асуулт гарна. Хөрөнгө оруулах нь буруу зүйл биш. Харин хэтрүүлбэл буруугаар эргэнэ. Тиймээс тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй.
-УИХ-ын чуулганаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Та хуулийн төслийг нь олж үзсэн үү?
-Үзсэн.
-Хийх гэж буй зохицуулалт нь танд оновчтой санагдав уу?
-Хууль гаргахаас илүүтэй иргэдийнхээ блокчэйн технологи, крипто зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Блокчэйн шинэ технологи, крипто зах зээл бол бизнесийн хувилбар. Тиймээс дөнгөж хөгжиж эхэлж, сайтар боловсроогүй байна. Тухайлбал, блокчэйн технологи маш хурдтай хөгжиж, бид эцсийн хүрэх цэгийг нь тодорхойлох боломжгүй байна. Тиймээс хууль гаргахад эрт. Хөгжлийг нь хаашаа чиглүүлж байгааг мэдэхгүй учраас томьёолж, хуульчлах хэрэггүй. Хууль нь хөгжлийг хязгаарлачихвал яах вэ. Хөгжлийг нь тодорхойлох гэж оролдох биш, хамт алхаж, хөгжлийг нь анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
-Хуулийн төслийг уншаад токен гаргаж буй этгээд болон арилжиж буй биржийг хариуцлагажуулж, хянах гэж байна гэж ойлгосон. Хадгаламж зээлийн хоршоодын эзэд худал амлалт өгч, иргэдийн мөнгийг татан төвлөрүүлээд, хувьдаа завшин, хохироосон тохиолдол Монголд өмнө нь гарч байсан. Койн гаргаад иргэдийн мөнгийг хувьдаа завших вий гэж болгоомжлон хууль батлах гэж байгаа юм.
-Эрсдэл гэдэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Бидний амьдралын нэг хэсэг бол эрсдэл. Бид юу ч хийсэн эрсдэлтэй тулгарна. Харин эрсдэлийн түвшин өөр өөр байдаг. Бид аливаа зүйлийг ямар ч эрсдэлгүйгээр хийх боломжгүй. Цахим мөнгөн тэмдэгт, койн, токен гэх мэт хөрөнгө оруулалтын шийдэл хөгжиж байгаа учраас түв шин бүртээ эрсдэл дагуулна. Тиймээс гаргаж буй бүх койн, токены “White paper”, “Road map” гэж нэрлэдэг, юу хийх талаарх танилцуулгын төгсгөлд “Энэ бол эрсдэлтэй. Хөрөнгө оруулах нь таны сонголт. Шийдвэрээ зөв гаргана уу” гэж бичсэн байдаг юм. Нөгөө талаар Монголын нийгэм, эдийн засгийн байдал хүмүүс өндөр эрсдэлийг өөртөө авахаас аргагүй байдалд хүргэж буйг ойлгох хэрэгтэй. Банканд мөнгөө хадгалуулбал алдагдалтай, Монголд бизнес хийх хэцүү, бид гадаадад юу экспортлохоо мэдэхгүй байна, хувьцаа авъя гэхээр алга. Тиймээс эрсдэл үүрч хөрөнгө оруулахаас өөр сонголт алга. Асуудлыг нэг өнцгөөс харах хэрэггүй. Олон хүчин зүйл монголчуудыг эрсдэл үүрэхэд хүргэсэн.
-Өмнө нь тавьсан асуултаа илүү тодруулмаар санагдлаа. Монгол гарч буй койнууд бол койн биш гэдгийг ойлголоо. Тэгвэл койны экосистемийг ойлгуулахын тулд монголчуудын сайн мэдэх биткойны (bitcoin) жишээгээр тайлбарлаж өгнө үү?
-Монголчууд фэйсбүүк их ашигладаг. Тиймээс би хүмүүст крипто зах зээлийн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Khash rocket trading” нэртэй фэйсбүүк хуудас нээсэн. Одоогоор 10 800 орчим хүн намайг дагаж байна. Фэйсбүүк хуудсандаа крипто зах зээлийн талаар видео мэдээлэл оруулж, монгол хэлээрээ лайв хийдэг. Ингэхэд эх орондоо амьдарч буйгаас гадна гадаад байгаа монголчууд энэ зах зээлийн талаар ойлголт муутай нь анзаарагдаж байна. Фэйсбүүк хуудсандаа олон зүйлийн талаар мэдээлэл өгөхийг хичээж явна. Түрүүнд бид эцсийн бүтээгдэхүүний талаар ярьсан. Биткойн бол эцсийн бүтээгдэхүүн. Энэ койныг анх гаргаж ирсэн хүнийг хэн ч мэдэхгүй. Сатоши Накамото гэж япон нэртэй хүн гаргаж ирсэн гэдэг таамаг бий. Тэр нь нэг хүн үү, эсвэл бүлэг этгээд үү гэдгийг мэдэхгүй. Биткойныг санаачлагч интернэтэд байрших чөлөөт, тоон төлбөрийн системийг бий болголоо гэж хэлсэн байдаг. Энэ төлбөрийн систем хэд хэдэн зүйлээс бүрдэнэ. Нэгдүгээрт, биткойныг хадгалдаг, арилждаг, шилжүүлдэг хэрэглэгч бий. Хоёрдугаарт, олборлогчид гэж байдаг. Нийт зах зээлд 21 сая ширхэг биткойн гаргана. Одоогоор 18 881 000 биткойн зах зээлд эргэлдэж байна. Энэ тоо 21 сая болоход удахгүй. Магадгүй 2040 оны орчимд олборлож дуусна гэсэн таамаг бий. Яагаад биткойн олборлогч гэж нэрлэдгийг тайлбарлая. Би тань руу биткойн шилжүүллээ гэж бодъё. Энэ үйлдэл блокчэйн дээр бичигдэх ёстой. Тэгж байж албан ёсны гүйлгээ болж хувирна. Намайг гүйлгээ хийх үед тухайн мэдээллийг олборлогч нар хүчин чадал өндөртэй компьютер ашиглаж, ихээхэн цахилгаан эрчим хүч зарцуулж бичдэг. Биткойны шилжүүлгийн мэдээллийг хэн хамгийн хурдан, асуудалгүйгээр бичиж чадсан нь урамшуулал авдаг. Урамшуулал нь биткойн байдаг юм. Ус халуунд ууршиж үүл болоод хөрөхөөрөө бороо болон орж, газарт шингээд дахин ууршиж эргэлддэг байгалийн экосистемийг бид мэднэ. Үүнтэй адил биткойн сүлжээн дотроо байнга эргэдэг гэсэн үг. Энэ зүйлийг хийж чадсан бол койн болж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Блокчэйн технологи, түүнд суурилсан крипто зах зээл олон нийтэд шинэ ойлголт. Тиймээс танин мэдэхгүйн чанартай асуултууд тодруулж тавиад буйг ойлгоорой. Та койны сүлжээнд токеныг суурилуулан барьдаг гэж ярьсан. Энэ ойлголтыг лавшруулан тайлбарлаж өгөөч?
-Койн дээр суурилах процесс нь лего тоглоомтой адил. Мэдээжийн хэрэг хамгийн эхэнд өөрсдийн зохиож буй койноо сүлжээн дээрээ нь үүсгэх процессоос эхэлнэ. Тухайн сүлжээний өөрсдийн койныг үүсгэх хэсэг гэж байдаг юм. Нэг зүйлийг үзүүлье (комьютерт нээж үзүүлэв). “Metamask” гэж зүйл бий. Танд интернэт байвал үүнийг ашиглан өөрийн хэтэвчийг үүсгэх боломжтой. “Metamask” гэдэг программ бүх койнуудын экосистемтэй холбогдох хэтэвч болдог. Хүн бүр энэ программ дээр өөрийн хэтэвчээ нээх боломжтой. Та “Metamask”-ийг нээснээр блокчэйн технологийн үүдийг нээн орж байна гэсэн үг. Үүн дээр маш олон зүйлийг хийх боломжтой. “Metamask”-ийг нээснээр монголчууд дэлхийн тавцанд өөрийн хөрөнгийг эргэлдүүлэх боломж нээгдэж байгаа хэрэг. Цахим мөнгөн тэмдэгт арилжиж буй биржүүдэд бүртгүүлэхэд иргэний үнэмлэхээ үзүүлэх, утасны дугаараа холбох, и-мэйл хаягаар код аваад, түүнийгээ бичих ёстой гэх мэт олон шаардлагыг нь биелүүлдэг. Тэгвэл “Metamask”-т нууц үгээ бүртгүүлэн, баталгаажуулаад блокчэйн технологид суурилсан зах зээлийн арилжаанд оролцох боломж нээгдэнэ. Маш амархан. Энэ бол цэвэр төвлөрсөн бус блокчэйн гэсэн үг.
-Тэгэхээр “Metamask”-аар дамжуулж, койн худалдаж авах боломжтой байх нь.
-Тийм. “Metamask”-т хэтэвч нээснээрээ жинхэнээсээ блокчэйн технологид суурилсан крипто зах зээлд оролцох боломжтой болно гэсэн үг.
-Манайд гарч буй койнуудыг блокчэйн технологид суурилсан, суурилаагүй гэсэн маргаан тасрахгүй байна. Тэгэхээр дотоодын крипто биржүүдээс худалдаж авч байгаа койнууд блокчэйн технологид суурилаагүй гэсэн үг үү?
-Крипто биржүүд койн гаргах боломжтой. Тэдгээр нь “Ethereum”-ийн ч юм уу, “Binance”-ийн сүлжээн дээр харагддаг юм. Харин Монголд үйл ажиллагаа явуулдаг крипто биржүүд аккаунт дээр нь тоо л өгчихдөг. Жинхэнэ койныг нь өөрсдөө хадгалдаг. Биржийн программыг гаднаас хакердлаа гэж бодъё. Энэ тохиолдолд койн авсан хүмүүсийн бүх мөнгийг нь аваад явчихад ямар ч асуудалгүй. Койн нь жинхэнэ эзэндээ очоогүй учраас тэр. Ямарваа нэг юм болбол өндөр эрсдэлтэй.
-Вэб3 интернэтэд блокчэйн технологи суурилж, түүнийг хакердаж боддоггүй гэдэг. Тэгвэл манайд ажиллаж байгаа биржүүд программаа вэб2 дээр л хийчихсэн байх нь.
-Тийм. Вэб2 дээрээ банкны аппликэйшн шиг тоо өгчихдөг гэсэн үг. Цаад үндсэн мөнгийг нь өөрсдөө барьж байдаг.
-Хэрэв биржүүд программ, аппликэйшнээ блокчэйн технологид суурилуулж чадвал эрсдэлээ хаах юм байна.
-Тэгнэ. Хүмүүс өөрсдөө мөнгөө хянаж чаддаг болно. Та хадгаламж, зээлийн хоршоо харилцагчдадаа хохироосон талаар жишээ татсан. Тэр тохиолдолд хадгаламж, зээлийн хоршооны эзэн харилцагчдынхаа мөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан. Тиймээс өсгөж өгнө гэж хууран мэхэлж, мөнгийг нь аваад үрчихсэн хэрэг. Харин вэб3 интернэт хөрөнгө оруулагч бүр өөрийнхөө мөнгөнд эзэн болох боломжийг нээдэг. Нөгөөтээгүүр, энэ нь бидэнд бие даасан байдлыг суулгаж өгч байгаа юм. Ямар нэг зүйлээс хамааралгүй болгож байна гэсэн үг. Мөнгийг чинь өсгөж өгнө гэж байнга амлаад байна. Гэтэл чадахгүй бол яах вэ. Асар их асуудал гарна биз дээ. Тэгэхээр хөрөнгөдөө өөрөө эзэн болох уу, хэн нэгэнд найдах уу гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй. Монголчууд блокчэйн технологийг ашиглаж суръя гэж бодож байгаа бол “Metamask”-ийг мэддэг, ашигладаг байх хэрэгтэй.
-Зарим санхүүч энэ олон койн нурж унана, худалдаж авсан хүмүүс нь хохирно гэж анхааруулж байгаа. Монголчууд төөрөгдөлд ороод, өндөр эрсдэлтэй зүйл рүү хошуураад байна уу?
-Төөрөгдүүлж байна гэж үзэхээсээ өмнө зах зээлд гаргасан койнууд юм хийхийг хичээж, болгож бүтээнэ гэж бодож байгаа байх. Гэвч стандартын дагуу хийдэг хүн, экперт Монголд алга. Энэ тохиолдолд олон нийт болгоомжтой байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт бол орон сууц, машин унаагаа зарж хийдэг зүйл биш. Бага, багаар суралцах хэрэгтэй. Монголчууд зөв зүг рүү харж байна. Гэхдээ буруу өнцгөөс нь хараад байна. Зөв өнцгөөс харахын тулд мэдлэг, туршлагатай болох шаардлагатай. Дамын наймаа хийж, нэгээс авч, нөгөөд үнэ нэмж зардаг сэтгэхүйгээр крипто зах зээлийг харах нь буруу. Ядаж энэ койныг ямар нэг зүйлд ашиглаж болох уу гэдгийг харах хэрэгтэй.
-Төлбөрийн хэрэгсэл гэдэг утгаар нь ингэж хэлж байна уу. Койн бол төлбөрийн хэрэгсэл биш гэж манай улсын санхүүгийн зохицуулах байгууллагууд үздэг. Бусад улсад ч ингэж үзэж байгаа. Гэтэл та төлбөрийн хэрэгсэл гэдэг өнцгөөс нь хардаг бололтой.
-Төлбөрийн хэрэгсэл биш гэж үзэх хандлага түгээмэл. Гэхдээ өөрчлөгдөж байгаа. Би койн төлбөрийн хэрэгсэл гэдгийг маш итгэлтэйгээр хэлнэ. Олон хүн койн сайн суурьтай, үнэ цэнтэй зүйл биш учраас төлбөрийн хэрэгсэл болохгүй гэж ярьж байж магадгүй. Миний хувьд үнэ цэнтэй зүйл. Блокчэйн бидэнд гурван зүйл өгч байгаа. Нэгдүгээрт, цэвэр математикт суурилсан. Тиймээс математик бидэнд худлаа хэлэхгүй. Хоёрдугаарт, төлбөрийн хэрэгсэл, гуравдугаарт санхүүгийн эрх чөлөө өгч байна. Төр, банк хоёр байсан цагт хүн хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй.
-Бид дэлгүүр ороод, койноор талх худалдаж авч чадаж байна уу гэвэл үгүй. Бидэнд койн санхүүгийн эрх чөлөөг мэдрүүлж чадахгүй байна. Тэгэхээр амьдралаас хахь ондоо харь гаргийн хүн гэдэг шиг сонсогдохоос аргагүй биз дээ.
-Монголын хувьд бол тийм. Эль Сальвадор улс энэ оны эхээр биткойныг үндэсний мөнгөн тэмдэгтээ болгосон. Италийн Женевт уран зургийн дуудлага худалдаанд “Ethereum”-ээр тооцоо хийхийг зөвшөөрсөн тохиолдол гарлаа. Тэгэхээр би койн бол төлбөрийн хэрэгсэл, үнэ цэн гэдгийг хэлье.
Сэтгэгдэл