24tsag.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргав. Тэрбээр "Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 4-нд Улсын төсвийг ярьж байх үеэр сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод дүн шинжилгээ хийж, УИХ-аар хэлэлцэх санал гаргасныг УИХ-ын дарга дэмжсэн. Улмаар ажлын хэсэг төсвийн байнгын хороон дээр байгуулагдсан. Үүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дараагийн төсөв батлагдсан. Ер нь дампуу төсөв баталсан. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг ярих хэрэгтэй. Төсөв мөнгөн дээр онцгой анхаарал хандуулахгүй бол юм бүр хэрээс хэтэрлээ шүү. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж болохгүй.
2005 онд тойргийн мөнгө гэх зүйл анх таван сая төгрөгөөс эхэлсэн. Одоо энэ мөнгө 1000 дахин өсч таван тэрбум төгрөг болжээ. Зарим тойрогт бүр арван тэрбум байх жишээний. Энэ маягаараа Монгол Улс ард иргэдийн биш 76 гишүүний улс болох нь ээ.
Сонгуулийн хуулийг та нар олонхоороо хүч нийлж өөрчилсөн. Энэ их мөнгийг үр ашиггүй тарааж байснаас Дарханы замаа явуулсан бол илүү дээр байх байж. Та нар энэ талаар бүлэг дээрээ нэг яриач. Улс орныхоо тухай ярьдаггүй юм уу. Албан тушаал, мөнгө л ярих юм. Улсын төсвийн алдагдал 800 орчим сая ам.доллар. Гадаад зээл 2012 онд гурван тэрбум байсан бол өнөөдөр найман тэрбум болжээ. Гадаадаас зээл авж болно. Гэхдээ ашиглахаасаа илүү үрэн таран хийж байна. Covid-19 нэрийдлээр хичнээн тэрбум төгрөг үрэв. Үүнд хариуцлага тооцохгүй юу. Covid-19-ийн хуулиар улсын төсвийг УИХ мэддэг байсан чинь Засгийн газар мэддэг болгож өөрчлөөд талаар нэг тараасан" гэв.
Сэтгэгдэл