Украин руу довтлох шалтаг гаргах хуурамч ажиллагаанд ОХУ бэлдэж байгааг АНУ анхааруулав


 
Украин руу довтлох шалтаг гаргах хуурамч ажиллагаанд ОХУ бэлдэж байгааг АНУ анхааруулав 
ОХУ-ын тал Украин руу довтлох шалтаг гаргах хуурамч ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай Пентагоны төлөөлөгч Баасан гарагт анхааруулжээ.

"Бидний нэрлэдгээр "false-flag” хэмээх ажиллагааг тусгай бэлтгэгдсэн тагнуулын бүлэг зохион байгуулахаар бэлдэж байгаа тухай мэдээг бид авлаа. Ийм ажиллагаа нь Орос руу, эсвэл Украины орос хэлтэй хүн ам руу хуурамч халдлага зохион байгуулах замаар өөртөө довтлох шалтаг гаргах зорилготой юм" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тагнуулын мэдээллийг олон нийтэд ингэж дэлгэх нь ховор үзэгдэл юм.

Эзлэн түрэмгийлэл ямар арга замаар хэрэгжиж болдгийг АНУ дэлхий нийтэд харуулахын тулд уг мэдээллийг задалж байгааг Кирби тайлбарлажээ. 2014 онд Крымийн хойгийг булаан эзлэхэд ОХУ ижил арга технологи ашиглаж байсныг тэр хэлсэн юм.

Ийм ажиллагааг өмнө нь Молдовын салан тусгаарласан газар нутаг Транснистрийн бүс нутагт байрлаж буй Оросын цэргүүдийн эсрэг зохион байгуулахаар төлөвлөж байсан тухай Украины батлан хамгаалах яам бас мэдээлжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг "ямар ч баталгаагүй зүйл” гэж эрс няцаасан байна.

Өнгөрч буй долоо хоногт АНУ болон түүний холбоотнууд ОХУ-тай гурван ээлжийн яриа хэлэлцээ зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Украины хилийн орчимд их хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулсан Москвагийн эрх баригчид NATO-гийн Зүүн Европ дахь тэлэлтийг зогсоохыг өрнөдийн орнуудаас шаардаж байгаа.

Харин NATO уг шаардлагыг нь хүлээж авах боломжгүйгээ илэрхийлсэн юм.

Баасан гарагт Украины албан ёсны вебсайтууд кибер халдлагад өртөж, хэсэг хугацаанд ажиллагаагүй болсон байна. Халдлагад өртсөн сайтуудын нүүрэнд нөхцөл байдал хамгийн муугаар эргэхэд бэлэн байхыг украинчуудад анхааруулсан байжээ. Украины тал уг халдлагад ОХУ-ыг буруутгасан байна. АНУ, NATO халдлага гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд Украинд тусламж санал болгожээ.

Харин ОХУ-ын тал кибер халдлагын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.