"Нийслэл хүүхэн-2" ОАУСК нэгдүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд эхний хоёр анги Юнивишний Монгол багцад оржээ. Оранж энтертэйнмент, Номадиа пикчерсийн хамтын уран бүтээл болох энэхүү киноны нэгдүгээр бүлэг өнгөрсөн оны нэгдүгээр сард NTV сувгаар үзэгчдийн хүртээл болсон билээ. Харин хоёрдугаар бүлэг энэ бямба гарагаас гарч эхэлнэ. Нийт 12 ангитай энэхүү киног Юнивишн, ДДИШ, ЛҮҮК ТВ-ийн Монгол багцаас долоо хоног бүрийн мягмар гарагт хоёр ангиар хүлээн авах боломжтой бол, NTV-ээр бямба гарагт нэг ангиар хүлээн авах боломжтой юм.
Хоёрдугаар сезонд олон сонирхолтой шинэ жүжигчид тоглож байгаагаас гадна хувцасны стиль имиджийг үндэсний хувцасны "Ганган" брэнд тодорхойлсон бол ивээн тэтгэгчээр Монфа трейд, Инвескор санхүүгийн байгууллага, Покет апп ажилласан байна.
Нээлтийн арга хэмжээнд уран бүтээлчдээс гадна арын албаныхан, кино багийн ар гэрийнхэн оролцлоо. Энэ үеэр хоёр СТА шинээр төрлөө. Тухайлбал, киноны Сүхбат, Очирхүү нэрээр танигдсан жүжигчин Р.Сүхболд, дуучин жүжигчин П.Баярцэнгэл нар Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.
Жүжигчин Р.Сүхболд: СТА цол тэмдгээр шагнагдсандаа маш их баяртай байна. Нийслэл хүүхэн киноны хамт олондоо баярлалаа. Монголчууд тэр дундаа хүүхэд багачууд миний гаргадаг үйлдлийг гаргаад "өө, ингэдэг ах явж байна шүү дээ" гэдэг. Хөөрхөн гэгээлэг зүйлээрээ олонд танигдсандаа баяртай байна. Миний жинхэнэ нэр Р.Сүхболд, харин Нийслэл хүүхэн киноны нэр Сүхбат. Тэгээд гадуур явахаар миний нэрээр дуудаад байна уу, киноны нэрээр дуудаад байна уу гэдгийг мэддэггүй, ялгадаггүй. Кино уран бүтээлчдэдээ бүгдэд баяр хүргэе.
Жүжигчин П.Баярцэнгэл: Нийслэл хүүхэн киноны хамт олон залуу жүжигчид бидэнд маш сайхан уур амьсгалыг бүрдүүлсэн. Бид энэхүү уран бүтээлд тоглож олон сайхан дурсамжтай болцгоосон. Энэ уранбүтээлээс салбарлаад цаашид уран бүтээл хийх санаа сэдэл төрсөн. Тухайлбал, Сүхээтэй хамт нэг уран бүтээл хийж байгаа. Сүхээ, Очироо хоёр улаанбаатарт ирсэн гэх уран бүтээлийг хийж байна. Удахгүй үзэгчдэдээ бэлэг барина. Мөн Сүхээтэйгээ хамт 21 аймгаар тойрч тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.
Нээлтийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр "АПУ" ХК ажилласан бол, Wild turkey, Jagermeister, Нийслэл брэнд, мөн 100 хувийн цэвэр жүүс Кагомэ брэнд хамтран ажиллажээ.
Жүжигчин Б.Мишээл: Би унаган хотын охин. Хөдөө явж байгаагүй. Нийслэл хүүхэн киноны дүр миний амьдралаас шал өөр байсан. Мэдээж жүжиглэсэн кино болгоны дүр амьдрал дээрх надаас өөр байдаг. Хүмүүс энэ киног үзсэнээс хойш намайг аймар муухай чанга орилдог, ааш муутай гэж бодсон юм шиг байгаа юм. Иймэрхүү сэтгэгдэл маш их ирсэн. Нэгдүгээр бүлгийн Маралаа өөртөө итгэлтэй, дэггүй хотын охин байсан бол хоёрдугаар бүлэгт илүү хүмүүжсэн байгаа. Үзэгчид киногоо үзээд дүгнэлт хийх байх.
Сэтгэгдэл