Дахиад нэг сэтгэл эмзэглэм зүйл сонслоо. Хамтдаа амьдардаг хүүхэд нь архины хамааралтай учир өглөө автобусанд суугаад орой эцсийн зогсоол нь болохоор бууж, унтсан хойно нь шөнө гэр лүүгээ харьдаг тухайгаа нэгэн өндөр настан Монголын ахмадын холбоонд ирж ярьжээ. Энэ бол бидний мэдэж авсан ганцхан жишээ. Гэвч бидний нүд болоод чихнээс далд хэдэн мянган ахмад настан хоолтой, хоолгүй, тоох хүн байхгүй, “Миний туулах л ёстой амьдрал” гээд шүд зуун, өөрийгөө зүхэж яваа бол. Уг нь эрч хүчээр халгиж, цалгиж явсан залуу насандаа үр хүүхдээ умартан улсынхаа хөгжлийн төлөө зүтгэчихээд ийм байдалтай амьдарч байгаад ахмадууд өөрөө биш төр, засаг буруутай. Ахмадуудын амьдрал жилээс жилд улам доройтож туйлдсан байгааг хотын төвөөс хэдхэн метрийн зайд алхаж яваа ахмад настнаас асуухад бэлхнээ хэлээд өгнө. Энэ бол зөвхөн Монголын 300 гаруй мянган ахмад настанд хамааралтай асуудал биш. Одоо л энэ асуудлыг шийдвэрлэж, төрийн бодлого, шийдвэрийг ахмадууд руу чиглүүлэхэд анхаарахгүй бол тун удахгүй намайг эсвэл таныг тосоод авах вий.
Ахмад настны асуудлыг шийдвэрлэх тусгайлсан хуулийг батлаад таван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хуулийг анх батлахад “Одоо л нэг бидний асуудал шийдэгдэх нь ээ” хэмээн ахмадууд алга ташин хүлээн авч байлаа. Гэвч нөгөө л улиг болсон Монголын хууль гурав хоног гэгчээр хэрэгжиж байгаа заалт тун цөөн. Тухайлбал, ахмад настны зөвлөх үйлчилгээ, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүй, хөгжилд анхаарах тухай олон заалт огт хэрэгжээгүй боловч жилдээ хэдэн тэрбумаар нь төсөвлөгддөг тухай манай сонин цуврал нийтлэл бичиж байсан. Харин энэ удаа УИХ-д үйлчилсэн атлаа энгийн иргэдэд үйлчлээгүй Ахмад настны тухай хуулийн 14-р зүйлд заасан Ахмадын сангийн тухай асуудлыг сөхөж байна.
САЛБАР АСУУДАЛ ХАРИУЦСАН ЯАМ НЬ Ч АХМАДЫН САНГ БАЙГУУЛААГҮЙ
Ахмад настны тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг гэсэн хэсгийн 14.6-д “Аж ахуй нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Мөн тус бүлгийн 14.7-д “Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуй нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулах бөгөөд Ахмадын сан байгууллан ажиллуулах журмыг Засгийн газар батална” хэмээн хуульчлаад таван жил өнгөрсөн байна.
“Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсны дараа УИХ-ын Тамгын газрын дэргэд “Ахмадын сан”-г байгуулсан. “Энэ сан манай ахмадуудын амьдрал ахуйг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох учиртай юм. “Ахмад настны тухай” Монгол Улсын хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж, үлгэр жишээ болж байгаа байгууллага бол УИХ-ын Тамгын газар гэдгийг тухайн үеийн УИХ-ын Тамгын газрын удирдлагууд онцолж байв. Одоо ч жил бүр УИХ-д ажиллаж байсан ахмад настнуудаа хүлээн авч уулздаг уламжлал нь хэвээрээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдвээр гуравдугаар сарын 16-нд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “2021 оны байдлаар улсын хэмжээнд 3534 аж ахуйн нэгж, байгууллага “Ахмадын сан” байгуулан ажиллуулж байна” гэж мэдэгдсэн. Гэтэл энэ хуулийн заалт УИХ-ын Тамгын газраас өөр байгууллагад огт хэрэгжихгүй байгаа гэж Монголын ахмадын холбоо хариу мэдээлсэн. Хэрэгжихгүй байгаа шалтгаан нь байгууллагын удирдлагууд байтугай ахмад настны хөгжил, оролцоог дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, ахмад настны талаарх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээх ёстой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хуулиа бүрэн судлаагүй, энэ талаар бүрэн ойлголтгүй сууна.
Энэ талаар Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Байгууллага бүр Ахмадын сантай байна гэж хуулинд заасан. Гэвч энэ сангийн зорилго, ач холбогдлыг Засгийн газрын гишүүдээсээ эхлээд иргэд нь ойлгохгүй байна. Байгууллага бүр ахмад ажилчдаа жилдээ хүлээн авч уулздаг. Энэ харилцааг хөгжүүлэх зорилготой сан юм. Байгууллагын цалингийн сангийн гурав хүртэлх хувиар тооцоод сангаа байгуулж, тэр мөнгөө хаашаа ч шилжүүлэхгүй. Ахмадуудад чиглэсэн хуулийн үйл ажиллагааг явуулахад энэ сан тустай. ХНХ-ын сайд нь үүнийг манлайлаад хийх ёстой байтал салбар асуудал хариуцсан яам нь ч Ахмадын санг байгуулаагүй. Тиймээс бусад яамд, Засгийн газар энэ талаар мэдэж, хэрэгжүүлэхгүй байна” гэв.
Салбар яам яагаад Ахмадын санг байгуулаагүй талаар асуухад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаа Г.Өнөрбаяр “Хуулиндаа Ахмадын сан байгуулж болно, байгуулахгүй ч байж болно гэж заасан. Төрийн байгууллага ийм сантай болохоор аудитын байгууллага акт тавиад байна” гэсэн хуулийг гуйвуулсан зүйлийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Гэтэл УИХ-ын Тамгын газар энэ санг байгуулаад таван жил болж байхад яагаад акт тавиагүй юм бол. УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгжээд, энгийн иргэдэд үйлчилдэггүй олон мянган хуулийн заалтын нэг нь “Ахмадын сан” болов уу.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэгт оролцсон ахмадууд “Ахмадын сан”-г хуульд заасны дагуу байгуулах, ахмад настны өдрийн, явуулын үйлчилгээний тарифыг нэмэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж нэмэлт орлоготой болгоход төрөөс бодлогоор дэмжих талаар санал, бодлоо илэрхийлж байлаа.
Мөн Монголын ахмадын холбооноос УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэд Ахмадын асуудал хариуцсан дэд хороо, лобби бүлэг байгуулан ахмадуудад тулгарч буй асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг онцолсон юм. Хэрэв энэ дэд хороо байгуулагдвал салбар яам нь хийж чадахгүй байгаа “Ахмадын сан”-г байгууллага бүр байгуулах ажилд идэвхи зүтгэл гарган ажиллах болов уу гэсэн итгэл байна. Хэрэв байгууллага бүр Ахмадын санг байгуулвал тэд ажлынхантайгаа цагийг хамт өнгөрөөж, тэтгэвэртээ гараад ахмадууд нийгмээс хөндийрч, сэтгэл зүйн хувьд хүндхэн өдрүүдийг өнгөрөөдөг байдал багасах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)
Сэтгэгдэл