Оросууд Монгол руу зорчих нэг талын тасалбар их захиалж байгаагийн учир юу вэ


Оросууд Монгол руу зорчих нэг талын тасалбар их захиалж байгаагийн учир юу вэ

 

-Монгол Улс ОХУ-ын иргэдийн гадагшаа цагаачлах суваг болсон уу-

ОХУ-д Монгол руу зорчих тасалбар нүдний гэм болжээ. Өдөрт нэг явдаг "Улаан-Үд-Улаанбаатар” чиглэлийн нийтийн автобусны тасалбар энэ сарыг дуустал эзнээ олчихсон, вокзал дээр "Тасалбар олж авья гэвэл урьдчилж захиална уу” гэсэн анхааруулга тавиатай байгаа аж. Өглөө 07.30 минутад хөдөлдөг автобусандаа суухын тулд өмнөх орой нь ирж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Товчхондоо Монгол руу зорчих орос иргэдийн тоо мэдэгдэхүйц нэмэгджээ.

ОХУ-ын иргэд ийнхүү манай улсыг зорих болсон шалтгаан нь юу вэ. Хөрш улсын хувьд мэдээж хоёр улсын иргэд байнга хоорондоо зорчдог, үүнд гайхах зүйлгүй. Монгол руу зорьж ирэгсдийн дунд үүргийн наймаа эрхэлдэг, өөрөөр хэлбэл манай үйлдвэрлэгчдийг дэмждэг хэсэг бүлэг байдаг. Нэг хэсэг Турк рүү их явдаг байснаа сүүлийн үед Зүүн өмнөд Ази руу их аялж жуулчлах болсонтой нь ч нэг талаар холбоотой. Өөрөөр хэлбэл, оросууд Монголд ирээд, эндээсээ Тайланд, БНСУ гэх мэт гуравдагч улс руу явж амарч буй. Энэ урсгал нэмэгдэж байвал манайд ашигтай.

Тэгвэл гадагшаа дүрвэж цагаачлах зорилгоор Монголд ирдэг хэсэг бүлэг бас байна. "Улаан-Үд-Улаанбаатар” чиглэлийн автобус, ер нь аль ч төрлийн тээвэрт нэг талын буюу Монголд ирээд буцахгүй байх тасалбар  авах иргэдийн тоо өмнөх үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Хойд хөршийн gazeta-n1.ru цахим хуудаст энэ талаар мэдээлэл оруулжээ. Түүнд бичсэнээр, оросууд эхлээд Монголд ирээд, улмаар БНСУ юм уу бусад гуравдагч улс руу гарч байгаа аж. Ялангуяа IT салбарын мэргэжилтнүүд энэ арга замаар их гадагшилж байгаа юм байна.    

Тэрнээс гадна Ялалтын баярын өмнө ОХУ-д нэг шуугиан гараад намжсан нь ОХУ-аас гадагшаа явж байгаа иргэд дандаа цэргийн насны залуус байгаа тухай юм. Энэ нь барууны шар хэвлэл "В.Путин Ялалтын баяраар Украинд жинхэнээсээ дайн зарлаж хуурай замын цэрэг оруулна”, "Дайныг өргөжүүлэх гэж байгаатай холбоотойгоор цэргийн насны хүмүүсийг хилээр гарахыг хориглоно” гэх суртал ухуулгыг хүчтэй явуулснаас болсон аж. Энэ худал мэдээлэл нэлээд өргөн тархсан тул Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар мэдээлэл хийж байж намжжээ.      


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.