Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлаар Ш.Алтантуяа томилогдоод нэг жил өнгөрлөө. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд буюу наадмын өмнөх назгайрлыг далимдуулан эл томилгоо хийгдсэн байдаг. Харамсалтай нь, өнгөрсөн жилийн хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяатай холбоотой сайнаасаа саар мэдээ хэтэрхий олон дуулдлаа.
Тухайлбал, нэгдүгээрт, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эхнэр Б.Цолмонгийн сайн найз. Дээрээс нь ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлаар томилогдохын тулд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хоёр тэрбум төгрөгийн авлига өгсөн байж болзошгүй гэх хэргээр хамтдаа АТГ-т шалгагдаж яваа гэх. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн яамнаас энэ онд ЭХЭМҮТ-ийн барилгын их засвар, өргөтгөлийн барилгын 37.3 тэрбум төгрөгийн тендер зарласан. Гэтэл тухайн их засвар, өргөтгөлийн барилгын зураг төсвийн дөрвөн тендерт нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын сайн найз, зөвлөх нь гэх М.Батбаярын "Хатанбаатар” ХХК шалгарсан. Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар их засвар, өргөтгөлийн барилгын тендерүүдэд хамаарал бүхий этгээдийнхээ компанийг шалгаруулах замаар хууль бусаар хувьдаа мөнгө халаасалж байж болзошгүй асуудал гарч ирсэн. Гуравдугаарт, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлаар Ш.Алтантуяа томилогдсоноос хойш тус төвийн 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл бий. Улмаар сул орон тоонд нь найз нөхөд, хамаарал бүхий этгээдүүдээ томилох замаар нөлөөллөө тогтоож байгаа гэх.
Тэгвэл ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяатай холбогдох зарим баримтыг тоймлож байна.
ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭХЭМҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.АЛТАНТУЯА ХУВЬДАА ЭМНЭЛЭГТЭЙ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЙЛДВЭРТЭЙ
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяаг эл албан тушаалд томилогдохын тулд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хоёр тэрбум төгрөгийн авлига өгсөн тухай мэдээлэл цацагдах үед "Жирийн нэг эхоны эмч хоёр тэрбум төгрөгийн авлига өгч чадах уу” гэж олон нийт эргэлзэж байлаа. Тэгвэл Ш.Алтантуяа нь хувьдаа эмнэлэгтэй, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэртэй буюу хоёр тэрбум байтугай хөрөнгөлөг нэгэн ажээ.
Түүний гэр бүлийн болон ах дүүгийнх нь бизнесийг товч танилцуулъя.
Нөхөр О.Алтанхундага нь "Урбеч монголия” ХХК, "Мон Адонис” ХХК, "Мон Адонис фарм трейд” ХХК-иудыг эзэмшдэг. Мөн "Иргэдийн боловсрол эрүүл мэндийн хөгжлийг дэмжих төв” ТББ, "Монгол царгас тариалагч, үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Түүний "Мон-Адонис” ХХК нь Эхоны эмнэлэг, эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн чиглэлээр явуулдаг. Тухайлбал, улс даяар эмнэлгүүдэд нийлэгдэж, эмийн сангуудаар зарагддаг тарианы спирттэй хөвөн, "Витамин С”-гийн уусмалыг "Мон-Адонис” ХХК үйлдвэрлэдэг. Ш.Алтантуяа нь ЭХЭМҮТ-ийн захирлаар томилогдохоосоо өмнө нөхрийнхөө "Мон-Адонис” эхоны эмнэлэгт Эхоны эмчээр ажиллаж байсан.
Аав нь Цэрэндоржийн Ширчинжав нь Монголын Улсын гавьяат агрономич цолтой, ахмад тариаланч. Өдгөө хүүгийнхээ "Хүүлэй хааны хишиг” ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг.
Ах нь Ширчинжавын Алтанхуяг нь Төв аймгийн Цээл сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Эхнэр Б.Сарангэрэлтэйгээ хамт "Дэвших түвшин” ХХК-ийг эзэмшдэг. "Дэвших түвшин” ХХК нь Төв аймгийн Цээл суманд улаанбуудай тариалж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Мөн Ш.Алтанхуягийн хүү А.Түвшинсанаа нь Төв аймгийн Цээл суманд газар тариалантай "Натур харвест” ХХК-тай
Эгч Ширчинжавын Анхтуяа нь "Соргог бэлчээрийн мах” ХХК-ийг нөхөр Т.Лхагвасүрэн, хүү Л.Билгүүн нартайгаа хамтран эзэмшдэг. "Соргог бэлчээрийн мах” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг бөгөөд төрийн байгууллагуудын хүнсний хэрэглээний махыг нийлүүлдэг.
Дүү Ширчинжавын Төгсбаатар нь "Хүүлэй хааны хишиг” ХХК-ийн захирлаар ажилладаг. "Хүүлэй хааны хишиг” ХХК нь Төв аймгийн Цээл суманд малын тэжээл, царгас тариалж, зах зээлд нийлүүлдэг.
Чухамдаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа нь өөрөө эмнэлэгтэй, эмийн үйлдвэртэй, ах дүү нар нь ч салбарт бүрд бизнестэй ажээ.
С.ЭНХБОЛД ЭХЭМҮТ-ИЙН ИХ ЗАСВАР, ӨРГӨТГӨЛИЙН 37.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖ, ЗУРАГ ТӨСВИЙГ НЬ ТҮҮНИЙ НАЙЗ М.БАТБАЯРЫН "ХАТАНБААТАР” ХХК БОЛОВСРУУЛЖЭЭ
ЭХЭМҮТ-д 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгдэхгүй явж ирсэн. Харин энэ онд түүхэндээ байгаагүй өндөр санхүүжилттэй хөрөнгө оруулалт хийгдэж буй. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч 6, 7 дугаар сард Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын засвар, өргөтгөлд зориулж 37.3 тэрбум төгрөгийн тендер зарлаж өгчээ.
Тодруулбал,
- 2022 оны зургадугаар сарын 24-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засварын 12.1 тэрбум төгрөгийн тендер,
- 2022 оны зургадугаар сарын 17-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн "Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилгын 17.3 тэрбум төгрөгийн тендер,
- 2022 оны долдугаар сарын 8-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн "Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилгын 7.9 тэрбум төгрөгийн тендер буюу нийт 37.3 тэрбум төгрөгийн тендер зарлаж өгсөн байна.
Улсдаа ганц байдаг ЭХЭМҮТ-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар хийгдэж, өргөтгөлийн барилгууд баригдаж, эмч ажилтнуудын ажиллах орчин сайжирч, эх, үрсийн тав тухтай үйлчилгээ авах нөхцөл хангагдаж буй нь сайн хэрэг. Гэхдээ асуудлын гол нь ЭХЭМҮТ-ийн энэ их хэмжээний төсөвтэй тендерүүд нь шударга явагдаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.
Тодруулбал, улсын төсвөөр санхүүжүүлж буй ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн засварын ажлын зураг төсөв, Ажилчдын цайны газрын засварын ажлын зураг төсөв, Хавдар эрт илрүүлэг, үргүйдэл нөхөн үржихүйн төвийн барилгын зураг төсвийг "Хатанбаатар” ХХК боловсруулжээ. Хамгийн ноцтой нь, "Хатанбаатар” ХХК-ийг эзэмшигч Магсаржавын Батбаяр нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын сайн найз, зөвлөхөөр нь ажиллаж ирсэн нэгэн ажээ.
Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их засвар, өргөтгөлийн барилгын 37.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас хувьдаа завшиж байж болзошгүй ноцтой асуудал яригдаж эхлээд байгаа юм. Түүнчлэн, Ш.Алтантуяа Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн хоёр тэрбум төгрөгөө ЭХЭМҮТ-ийн их засвар, өргөтгөлийн барилгын санхүүжилтээс нугалж авч байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм.
Сонирхуулахад, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын сайн найз, зөвлөх гэх М.Батбаярын "Хатанбаатар” ХХК нь эрүүл мэндийн салбарын барилгуудын зураг төсвийн тендерүүдэд төвөггүй шалгардгаараа зард гарсан компани гэнэ. Тухайлбал, дээр ЭХЭМҮТ-ийн их засвар, өргөтгөлийн барилгуудын зураг төсвөөс гадна Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг, ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын лабораторийн уурын бойлерийн барилга, Хоёрдугаар төв эмнэлийн хүүхдийн эмнэлэг, Дундговь аймагт Халдварт сүрьеэгийн эмнэлгийн зураг төсвийг хийж гүйцэтгэжээ.
Товчхондоо, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хоёр тэрбум төгрөгийн авлига өгсөн, авсан хэргээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй бол нэмээд хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулах замаар төсвийн мөнгө завшсан, эмч, эмнэлгийн ажилтнуудаа халж, хууль бус томилгоо хийсэн хэрэгт холбогдож болзошгүй байна.
https://ergelt.mn/news/22/single/24002
Сэтгэгдэл