Шатрын спортын хамгийн том тэмцээн болох 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг Шатрын олимпиадад Бат-Эрдэнийн Мөнгөнзул 17 насандаа анхны алтан медалийг хүртсэн билээ.
Энэ тухай баярт мэдээг Шатрын Их мастер А.Энхтуул бахархан дуулгахдаа Б.Мөнгөнзулыг бөхөөс илүү бай шагналаар урамшуулах ёстойг сануулсан юм. Тэрбээр "Бат-Эрдэнийн МӨНГӨНЗУЛ маань ШАТРЫН ОЛИМП-д 4-р ширээнд АЛТАН медаль авч, АВАРГА боллоо !!! БӨХӨӨС илүү шагнана гэж найдаж байна. Манай Мөнгөнзул ОРХОН аймгийнх шүү. 17 насандаа ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ!
МОНГОЛЧУУДАА ХЯЗГААРГҮЙ ИХ БАХАРХАЖ, БАЯРЛАЦГААНА УУ" гэжээ.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртэж эх орон, ард түмнээ баярлуулсан дэд мастер Б.Мөнгөнзулд чин сэтгэлийн талархал илэрхийлж халуун баяр хүргэе.
БНЭУ-ын Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож ургац арвин ирсэн шигшээ багийн нийт хамт олонд баяр хүргэж амжилт хүсье" гэсэн байна. Хамгийн гол нь багш нарыг нь марталгүй урамшуулахаас гадна бодлогын түвшинд дэмжиж хөгжүүлэхийн чухлыг иргэд Ерөнхийлөгчид сануулжээ.
Бид биеийн хүч чадлыг хангалттай үнэлж шагнадаг шигээ оюуны бярыг дутахааргүй үнэлэх цаг болсон гэдэгтэй олон нийт санал нэгдэж "шинэ үеийн лидер охины амжилтыг Дэлхий харлаа" хэмээн төр засагт уриалгууд хүргэцгээж байна.
Энэ удаагийн шатрын олимпиадад өндөр амжилт үзүүлсэн бусад тамирчдыг ч чамлахааргүй шагнаж урамшуулахыг мөн ард түмэн уриалан уламжилж байгаа юм.
Энэтхэгийн Ченнай хотод зохион байгуулагдсан 44 дэх удаагийн Шатрын олимпиад 12 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд манай улсын баг тамирчид бахдам их амжилттайгаар тус тэмцээнийг өндөрлүүллээ.
Сэтгэгдэл