ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ХҮНЦЭЛЭЭР ДОРНОДЧУУДЫГ ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС ГОЛ БОЛОН УРСАЖ БАЙНА-III
Түрүүч нь: https://ergelt.mn/news/62/single/21506 https://ergelt.mn/news/62/single/21571 энд дарж уншина уу.
Алтанд шунасанд харийнхантай халаас нэгтгэсэн сумын Засаг даргын шунал эцэст нь бүхэл бүтэн сумыг “хүйс тэмтэрч”, химийн хорт бодист хүн, малгүй хордож, амьдрах газар, амьсгалах агааргүй болгож байсан аймшигт хэргийн хор нөлөө одоо ч бүрэн арилаагүй байна. Химийн хорт бодист хордсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн ураг гажигтай төрж, үсгүй, арьсгүй, хоёр толгойтой, найман хөлтэй төлөөр “бүл” нэмж, “Хамуутай, тэмбүүтэй, арьсны өвчтэй” хэмээн ад шоо үзэгдэж, арга буюу сумаасаа тал тал тийшээ таран бутарч, нутгаа эзгүйрүүлж байсан цаг саяхан. Мөнгөн устай усаар хоол, цай буцалгаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тэдний бараан түүхийг Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэд ч давтах нь цаг хугацааны асуудал болжээ.
Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” гэх улаан холимог металлын ордод эзэн суусан компани дураараа дургиж, Дорнод аймгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгааг цувралаар хүргэж байгаа билээ. Хонгорчуудыг хордуулсан химийн хорт бодис дашбалбарчуудыг, тус сумтай зэргэлдээ орших таван сумын иргэдийг ч хордуулж, тус уурхайн далан шүүрч, химийн хорт бодис гол болон урсаж байгааг баримттайгаар хүргэсэн. Тэгвэл энэ удаад “Шинь Шинь” гэх уурхайн хууль бус баримтыг, хүн, малгүй хордуулж байгааг гэрчилсэн шинжээчийн дүгнэлтийг хар авдартаа хадгалчихсан Монгол хууль хяналтын байгууллагаас хариуцлага нэхэн хүргэж байна.
“Шинь Шинь”-ийн уурхайд 2020 оны арванхоёрдугаар сарын 27-28-нд Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохоор шинжээчийн баг ажиллаж, хээрийн хэмжилт, судалгаа, шинжилгээ хийсэн байдаг. “Шинь шинь”-ийн хаягдал усны далан шүүрч, гол болон урсаж байгаа нь дүгнэлтээр тодорхой болсон. Маш ноцтой шинжээчийн дүгнэлт гарсан атал хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа Экологийн цагдаагийн албаныхан тус компанийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа нь анхаарал татаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гараад жилийн хугацаа өнгөрч байхад хэн ч, ямар ч албан тушаалтан тус компанид хариуцлага тооцоогүй бөгөөд “Шинь Шинь”-ийнхэн химийн хортой усаа газрын хөрсөнд шингээсээр, гүнийн усаар олборлож байгаа металлаа угаасаар, хүн, малын амь нас, эрүүл мэнд, удмын сан, аюулгүй байдалд заналхийлсээр, том толгойлсоор байгаа юм.
Бид 2020 оны арванхоёрдугаар сард дахин томилогдож, уурхайд хээрийн шинжилгээ, судалгаа хийсэн Ажлын хэсгийнхэнтэй холбогдож, уг дүгнэлтийн хариу ямар гарсан талаар тодруулсан юм. Тус ажлын хэсэгт яллагдагч талыг төлөөлж “Шинь Шинь” ХХК-ийн ХАБЭАОБ-ын хэлтсийн дарга Ван Танзэ, ХАБ-ын орлогч Н.Хэрлэнтуул, инженер Б.Гантөгс, Д.Балжинням, орчуулагч Ө.Санжмятав байсан аж. Түүнчлэн Хөндлөнгийн хяналт, олон нийтийг төлөөлж Дорнод аймгийн БОАЯЖ-ын газрын мэргэжилтэн Н.Сүх-Ялалт, тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Отгонболд, Дашбалбар сумын улсын байцаагч Б.Билгүүн, тус сумын ИТХ-ын тэргүүлэгч Б.Шинэ-Эрдэнэ, Баяндун суманд байрлах Улз голын сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн И.Алтмаа, ажилтан Д.Баяржаргал, Дашбалбар сумын иргэн Б.Энхтүвшин нар оролцсон байдаг.
ДОРНОД АЙМАГ ОНОН-УЛЗ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Б.БАЯРТОГТОХ: ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ИРЭЭГҮЙ, ХЭРЭВ ДҮГНЭЛТ ГАРЧИХВАЛ ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ АВМААР БАЙНА
Дорнод аймгийн Онон-Улз голын сав газрын хамгаалалтын захиргааны дарга Б.БАЯРТОГТОХ:
“2019 онд “Шинь Шинь” ХХК-ийн талбайд шалгалт хийсэн. Шалгалт, шинжээчдийн багт би өөрийн биеэр оролцсон. Шинжээчийн дүгнэлт гарах дээрээ тулсан чинь будилаан үүссэн. Тэгээд дахиад шинжээчийн баг томилж, шалгалт явуулсан. Дахин томилогдсон багийн 2020 оны шалгалтын багт манай хамгаалалтын захиргааны хоёр ажилтан оролцсон нь үнэн. Одоогийн байдлаар Экологийн цагдаагийн алба болон бусад холбогдох газраас ямар нэгэн албан бичиг, шинжээчийн дүгнэлт, шалгалтын хариу албан ёсоор ирээгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарчихвал бид дараагийн арга хэмжээг авч ажиллана. Үнэхээр та бүхний бичээд байгаа үнэн, далан шүүрч байвал аюул болж байна гэсэн үг. Нэн яаралтай далангийн асуудлыг авч хэлэлцэх асуудал тулгарна. Цаг хугацаа алдах тусам олон сөрөг нөлөө, байгаль орчинд хохирол учирч байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Мөн далан шүүрээгүй бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг саадгүйгээр явуулах хэрэгтэй шүү дээ. Одоогоор шалгалтын дүн гараагүй, “Далан шүүрч байна, шүүрээгүй байна” гэсэн дүгнэлт гараагүй учраас ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа нь үнэн. Шинжээчийн дүгнэлтээ албан ёсоор явуулж, асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.
ДОРНОД АЙМГИЙН МХГ-ЫН ДАРГА Д.МӨНХТУЯА: ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ АЛБАН ЁСООР ИРЭЭГҮЙ
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.МӨНХТУЯА:
“Шинь Шинь” ХХК-ийн уурхайн талбайд өнгөрсөн 2020 оны сүүлчээр ковидын үед Ажлын хэсэг томилогдож, шинжилгээ хийсэн. Ковидын үе байсан учраас тусгаарлах байр барьж, дээж авч, шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний дүгнэлт одоогийн байдлаар манай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирээгүй байна. Одоогийн байдлаар улс даяар хяналт, шалгалтыг зогсоосон байгаа учир “Шинь Шинь” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийгээгүй. 2020 оны шинжилгээний Ажлын хэсэгт манай байгууллагаас Улсын байцаагч С.Отгонболд оролцсон. Одоогоор шинжээчийн дүгнэлт албан ёсоор ирээгүй учир мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
ДОРНОД АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА А.ГАНТУЛГА: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ХАРИУГ ИРҮҮЛЭЭГҮЙ
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.ГАНТУЛГА:
“Экологийн цагдаагийн албаныхнаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт одоогийн байдлаар манай БОАЖ-ын газарт ирээгүй. Ямар ч байсан шалгагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт ирээгүй учир бид “Шинь Шинь” ХХК-д ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 2020 оны шинжээчийн багт манай газраас Уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Батхуяг, Н.Сүх-Ялалт нар биечлэн оролцсон” гэв.
ДАШБАЛБАР СУМЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.БИЛГҮҮН: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ХАРИУ ИРҮҮЛЭЭГҮЙ
Дашбалбар сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.БИЛГҮҮН:
“Би өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн үед Ажлын хэсэгт би орж, шалгалтын ажиллагаанд оролцсон. Намайг ажиллаж байх хугацаанд Экологийн цагдаагийн албанаас шалгалтын дүн, шинжээчийн дүгнэлтийн хариуг явуулаагүй. Гарсан гэдгийг нь ч мэдэхгүй байна. Бодохдоо шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хариу нь гараагүй байгаа юм болов уу гэж бодож байна. Би ажиллаж байх хугацаандаа “Шинь Шинь” ХХК-ийн ХАБ Н.Хэрлэнтуулаас тодруулахад “Шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр дүгнэлтийн талаар тус компанийнханд ч хэлээгүй байгаа юм шиг байна лээ” гэв.
ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА М.ГАНСҮХ: “ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ДАЛАН ШҮҮРСЭН ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ, БИД ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ
Дашбалбар сумын ИТХ-ын дарга М.ГАНСҮХ:
“ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид “Шинь Шинь” ХХК-ийн байранд очиж, танилцсан. Бидэнд хэлэхдээ “Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Далан шүүрэл үүсээгүй” гэж хэлж байсан. Бид тухай үед далангийн талбайд нь очиж үзээгүй. Хэвийн байгаа гэдэг мэдээлэл авсан. Шалгалт, шинжээчийн дүгнэлт манайд албан ёсоор ирээгүй. Сураг тавьсан ч сураг нь гарахгүй юм билээ. Тус компани одоогийн байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэв.
ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.ЁНДОНЖАМЦ: АЛБАН ЁСНЫ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ, “ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ДАЛАН ШҮҮРЧ, ХИМИЙН ХОР АЛДАГДААГҮЙ
“Шинь Шинь” ХХК нь улааны холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийг 2009 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 13 тоот шийдвэрээр уурхайг Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц, газрын албаны дарга Н.Ганзориг тэргүүтэй албаныхан хүлээн авсан байдаг. Мөн тус сумын Засаг дарга Ж.Ёндонжамц тушаал гаргаж, тус компанид 56 га талбайд хог хаягдлын далан барих газрыг сумаасаа дур мэдэн олгосон баримт бий. Мөн тэрбээр 2016 онд сумын Засаг даргын ажлаа хүлээлгэн өгч, 2017-2020 оны хугацаанд “Шинь Шинь” ХХК-ийн зөвлөхөөр ажилд орсон байдаг. Тэрбээр 2020 он хүртэл тус компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан ч сумын Засаг даргын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “Шинь Шинь” ХХК-ийн уурхайг хүлээн авч, газар олгоод дараа нь тус компанид зөвлөхөөр ажилд орсон. Үүний дараа дахин Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа гэсэн үг.
Дашбалбар сумын Засаг дарга Ж.ЁНДОНЖАМЦ:
“Экологийн цагдаагийн албанаас шинжээчийн дүгнэлтийн хариуг ирүүлээгүй учраас тус компани хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Олны үгээр бол тус компанийн далан шүүрч, химийн хорт бодис хүн, малыг хордуулж байна гэж ярьдаг. Гэхдээ тийм зүйл байхгүй. Түүнийг баталсан шинжээчийн дүгнэлт ирээгүй, гараагүй учир ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Би тус компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүний хувьд хэлэхэд далан шүүрч, химийн хорт бодис алдагдсан гэдэг нь худал. Тийм зүйл байхгүй. “Шинь Шинь” ХХК ажилласнаар сумын төсөвт маш их хэмжээний мөнгө орж ирж байгаа. Бид төсвийнхөө үлдэгдлийг аймгийн төсөв рүү шилжүүлдэг. Мөн би “Шинь Шинь” ХХК-тай холбоотой шийдвэр, тушаал гаргахдаа заавал аймгийн Засаг дарга болон сумын ИТХ-ын даргатайгаа зөвлөлдөж, албан бичгээр хүргүүлдэг. АТГ-аас хоёр жилийн хугацаанд ийм зааварчилгаагаар ажиллах болсон. “Шинь Шинь” ХХК гүний ус ашиглаж байгаа нь асуудал болж байгаа. Бид гүний ус ашиглуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Бусдаар өөр асуудал дагуулсан зүйл байхгүй. Мөн тэр хавьд газрын хөрс сүйдэж ангал үүссэн гэх гомдол гарсан. Ажлын хэсэг гарч шалгалтын ажиллагаа явуулж байна. Хонгил үүсгэж олборлолт хийж байгаатай холбоотой ийм зүйл болсон байна лээ. “Шинь Шинь” ХХК-ийнхан ч ийм зүйл болно гэдгийг мэдээд тэр хавийн газрыг хашаалчихсан байсан. Одоогийн байдлаар тус компани дүүргэлтийн ажлыг хийж байна” гэв.
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА АА, АЛБАН ХААГЧИД ТАНЬ ХЯТАДЫН КОМПАНИАС АВЛИГА АВЧИХСАН ЮМ БИШ БАЙГАА
Бидэнд байгаа шинжээчийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагынхан хэнд ч үзүүлэхгүйгээр хав дарсан гэдэг нь дээрх хүмүүсийн яриагаар илчлэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн уг хэргийг Экологийн цагдаагийн албаны аль нэг дарга цээжээрээ хамгаалж, шүүгээндээ хав дарчихсан гэсэн үг. Хэрэв тийм биш байсан бол дээр нэр дурдагдсан хүмүүст шинжээчийн дүгнэлтийг үзүүлж, яаралтай арга хэмжээ авах байлаа. Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Ш.Цогтбаатар аа, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, генерал Ж.Болд оо, албан хаагчид тань “Шинь Шинь” ХХК-аас авлига авчихсан юм уу. Хүн, малын амьдрах орчинд аюул учирч, иргэдийн ууж байгаа уснаас нитрот ион илэрч, аюултай байдал үүсээд байхад яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байна вэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
https://ergelt.mn/news/62/single/21678
Сэтгэгдэл