Уг нь тухайн иргэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, "Смарт” худалдааны төвийн байранд байрлах "Таван богд фүүдс” ХХК-ийн "KFC Смарт” салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор "Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацсан байна.
Энэ дагуу Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийж, Улсын байцаагч хордлогод орсон гэх иргэний захиалга хийсэн өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсан байна.
Гэвч "KFC Смарт” салбарынхан байцаагчийн тавьсан шаардлагыг зөрчиж, дээжийг аль хэдийн устгасан байж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна. Энэ нь "...хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэсэн заалт.
Тэгэхээр "Таван богд фүүдс” ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрынхан стандарт шаардлагад нийцсэн хоол, бусад бүтээгдэхүүнээр үйлчилдэг гэдэгт эргэлзээ төрж байгаа юм. Мөн тэдэнд үйлчүүлэгчийн эрүүл мэнд огтхон ч хамаагүй бөгөөд ердөө өөрсдийн нэр хүнд л чухал бололтой юм.
Мэргэжлийн хяналтынхан ч Зөрчлийн хуулийн дор 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх үү. Үнэндээ KFC-д 500 мянган төгрөг гэдэг торгууль болж, ажилтнууд нь алдаагаа засах хэмжээ мөн үү гэдгийг нягтлах л хэрэгтэй баймаар юм. Хүчтэний өмнө хүчгүй нь бөхийдөг гэгчээр төрийн хяналтын байгууллага баян байгууллагын зусар аргын өмнө хэдхэн төгрөгний торгууль тавьж бөхөлзсөөр байх уу.
Сэтгэгдэл