АТГ-аас жил бүр хийгддэг "Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны тайланд Монгол Улсын топ-5 авлига нүүрлэсэн салбарыг шүүх, эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналт болон газрын алба, гаалийн байгууллага тэргүүлж ирсэн. Энэ жагсаалт арав гаруй жил огт өөрчлөгдөөгүй, өөрчлөлт орлоо гэхэд нэг нэгнийхээ өмнө, хойно солбин жагсаж байршлаа сольж ирсэн байдаг. Топ-5 авлигатай салбараас онцлон дурдахад МХЕГ-ыг иргэд оймсноосоо боодол ам.доллар гаргаж ирсэн авлигач байцаагчдаар төсөөлдөг болоод удаж буй.
Засгийн эрхийг барьж буй МАН авлигатай тэмцэх ажлыг идэвхжүүлж, ажил үүргийн давхардлыг арилгах хэд хэдэн арга хэмжээ төлөвлөн, хэрэгжүүлж яваа. Түүний нэг нь МАН-ын ЕНБД, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн МХЕГ-ыг цэгцлэх амлалт. Хяналтын энэ байгууллагыг татан буулгаж, төрийн хяналтын тогтолцоог идэвхжүүлж, нөгөө талдаа ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулж, сул хөрөнгө олж амташсан авлигач байцаагч нараас салгах гэсэн ЗГХЭГ-ын даргын байр суурь юунд чиглэсэн байх вэ. МХЕГ-ыг татан буулгаснаар иргэн, аж ахуйн нэгж хоёр юу хожих юм бол?
Мэргэжлийн хяналтын өнөөгийн төрх
Юуны өмнө МХЕГ хэрхэн үүссэн тухай товчхон түүх дурдъя. УИХ 2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, салбар, яам бүрт байсан мэргэжлийн чиг үүрэгтэй хяналтын тогтолцоог нэг дор төвлөрүүлэн МХЕГ-ыг байгуулж байв. Анх улсын хяналтын 13 алба, нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн МХЕГ 2022 оны байдлаар:
1. Байгаль орчны
2. Газар, геодези, зураг зүйн
3. Геологи, уул уурхайн,
4. Авто зам, усан болон авто тээврийн,
5. Барилгын техникийн,
6. Харилцаа холбооны,
7. Эрчим хүчний,
8. Хэмжил зүйн,
9. Хөдөлмөрийн,
10. Нийгмийн хамгааллын,
11. Мал эмнэлэг, мал үржлийн,
12. Хүнсний чанар, стандартын,
13. Ургамал хамгааллын, таримал үрийн,
14. Боловсролын,
15. Соёлын,
16. Эмчилгээний чанарын,
17. Цөмийн болон цацрагын
18. Эрүүл ахуй халдвар судлалын,
19. Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн,
20. Газрын тосны зэрэг ерөнхий 26 чиглэлийн хяналтыг хэрэгжүүлж байна.
Гэвч 13 алба нэгжтэй байгуулагдсан МХЕГ-ын төвлөрсөн эрх мэдэл өнгөрсөн 20 жил суларч яам, агентлагууд өөр өөрсдийн хэмжээнд хяналт шалгалт хийх эрх олж авсаар хяналтын чиг үүрэгтэй байгууллагын тогтолцоо нэгэнт задрах хэмжээнд тулж иржээ. Хэдийгээр МХЕТ 21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдээ оруулаад нийт 1600 хүний орон тоотой ажиллаж буй ч БОАЖЯ, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар зэрэг төрийн 12 яам, агентлагт МХЕГ-ын улсын байцаагч нартай ижил статустай, эн тэнцүү эрхтэй 13 төрлийн хяналт шалгалт явуулах нийтдээ 3000 гаруй улсын байцаагч нар ажиллаж байна.
Үүнээс гадна Сангийн яам санхүүгийн хяналтаа бие даан базаж, ГЕГ хилийн хорио цээрийн хяналтаа дагнан ажиллуулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн болон мал эмнэлгийн хяналтууд МХЕГ-аас огт хамааралгүй, бие даасан хэлбэрээр ажиллаж байгаа юм. Өөр нэгэн жишээ. Мэргэжлийн хяналтын байгууллагад харилцаа холбооны хяналт хийх эрх хуулиар олгогдоогүй яваа. Гэвч тус газар өнөөдөр харилцаа холбооны хяналтыг хийж буй. Энэ бүгдээс мэргэжлийн байгууллагын хяналт давхардаж, улсын төсвөөс хэн нэгэнд илүү цалин бодогдон олгогдож явааг уншигч та харж буй болов уу.
Яамны байцаагчид нэг шалгуулна, МХЕГ-ын байцаагчид дахин хянуулахаас өөр сонголтгүй болсон энэ тогтолцоо иргэн, аж ахуйн нэгжийн цаг, мөнгө хоёрыг үрдэг бол улсын байцаагчид энэ дарамтаа ашиг болгон харж, салбар авлигажих суурь болгож ирсэн гэхэд болно.
Мэргэжлийн хяналтыг задлах гол шалтгаан юу байв?
Төрийн хяналтын тогтолцоог нэгтгэсэн 2003 оны шийдвэр оновчтой байсан уу гэвэл тийм. Гэвч олон солигдсон Засгийн газар, ирж буцсан сайд нарын хувийн сонирхлоор өөрчлөлт орж МХЕГ чиг үүргээсээ бага багаар алдаж явсаар өнөөдөр "улсын байцаагч” гэсэн албан тушаалыг хувааж "өмссөн” хоёр этгээд яам, МХЕГ-т зэрэгцэн ажиллахдаа тулж ирсэн хэрэг.
Нэг дор төвлөрч байх ёстой төрийн хяналт суларч, мэргэжлийн хяналтын 13 чиг үүргийг яам, тамгын газрууд зэрэгцүүлэн хийж буй учраас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хяналтын давхар тогтолцоог арилгаж, мэргэжлийн хяналтын чиг үүргийг яамдуудад буцаан өгөх, зарим хяналтын чиг үүргийг Төрийн бус байгууллагуудад хуваарилах ажлыг санаачлан эхлүүлж байгаа аж.
Дэлхийн жишгээс харахад төрийн хяналтын нэгдсэн тогтолцоог улс орнууд хэрэгжүүлж ирсэн ч цаг хугацааны явцад өөрчлөлт хийж, АНУ, Австри, ОХУ, Энэтхэг, Япон зэрэг ихэнх улс орон хяналтын тогтолцоог салбарын яамандаа хариуцуулах болжээ. Манайх шиг хяналтын нэгдсэн тогтолцоог одоогоор дэлхийн хоёрхон улс хэрэгжүүлж байгаа нь Босни Херцеговин болон Хорват улсууд. Олон улсын чиг хандлага болон хяналтын тогтолцооны давхардал, төсвийн үргүй зардал, салбарт үүрлэсэн авлига зэрэг нь МХЕГ-ын хяналтыг яамдад эргүүлэн өгөхөд хүргэж буй бололтой.
Мэргэжлийн хяналт яамдад очсоноор иргэн, ААН хоёр юу хожих вэ?
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид иргэдийн гомдлыг шалгадаггүй. Чанаргүй барилгыг чанартайд тооцон Улсын комисс оруулдаг. Байгаль орчны байцаагчдад уул уурхайн компаниудын зөвшөөрөл, лиценз чухал биш. Авлига өгвөл зөвшөөрөлгүй уул уурхайг ч хэдэн сар, жилээр ажиллуулдаг. Хувийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн РД-ийг хэд хэдэн сургуульд давхардуулан бичиж байгаад улсын төсвөөс хувьсах зардал авдаг гэх мэт дуулиан өнгөрсөн жилүүдэд ээлж дараалан хөндөгдөж ирсэн.
Энэ бол Мэргэжлийн хяналтын байцаагч нарын ёс зүйн зөрчилтэй холбоотой цөөн хэдхэн жишээ. Тиймдээ ч иргэд, аж ахуй нэгжийн дунд хийсэн хэд хэдэн судалгааны дүгнэлтээс харахад судалгаанд оролцогчдын 40-50 орчим хувь нь Мэргэжлийн хяналтын байцаагч нарт сэтгэл дундуур явдгаа илэрхийлсэн байдаг.
МАН-ын ЕНБД бөгөөд ЗГХЭГ-ын даргын санаачилга, амлалт Мэргэжлийн хяналтыг үгүй болгож буй хэрэг биш. Эсрэгээрээ МХЕГ-ын хяналтын чиг үүргийг бодлого төлөвлөн боловсруулан, хэрэгжүүлдэг үндсэн салбарын яамдад эргүүлэн өгч, "Бодлого шийдвэр-хэрэгжилт-хяналт” гурвыг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх давуу талыг олгож эхлэх юм.
Нөгөө талдаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд төрийн нэрийг барьж, хэсэг бүлэг хүнээс ирдэг хясан боох арга хэлбэрийг зогсоож, салбарт үүрлэн бий болсон авлигыг нураах том хөшүүрэг болж өгөхөөр харагдаж байна.
Түүнчлэн бодлого, шийдвэр, хэрэгжилтээ дагаж очсон мэргэжлийн хяналтын тогтолцоо эргээд Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт тогтолцоог шинэчлэх, олон улсын стандартыг оруулж ирэх, шинээр нэвтрүүлэх боломжийг нээхэд том түлхэц өгнө гэсэн найдварыг төрүүлж байна.
Э.Сүрэн
https://www.sonin.mn/news/peconomy/133686
Сэтгэгдэл