Нью-Йоркийн шүүх мягмар гаригт "Trump Organization” компани 15 жилийн турш татварын албыг залилан мэхэлсэн, бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж, хуйвалдах замаар луйврын схем хэрэгжүүлсэн гэм буруутайд тооцож, 1.6 сая ам.долларын торгууль ногдууллаа.
Уг хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын хамаарал бүхий "Trump Corporation” болон "Trump Payroll Corporation” гэх бусад компаниуд мөн холбогдсон. Прокурорын зүгээс Доналд Трампыг уг хэрэгт яллагдагчаар татаагүй.
Гэхдээ Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн прокурор Элвин Брэггийн мэдээлснээр Цагаан ордны өмнөх тэргүүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Хамгийн гол нь, хамаарал бүхий хуулийн этгээдүүд нь татварын луйвар хийсэн асуудал нь 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байгаа Трампын хувьд томоохон цохилт болж байна.
Зочид буудал, амралтын газар, гольф талбай болон бусад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч "Trump Organization” компани нь санхүү эрхэлсэн захирал асан Аллен Вайссельберг тэргүүтэй удирдах албан тушаалтнуудынхаа хувийн зардлыг төлж, гэрээт ажилтны журмаар урамшууллын чек олгох зэргээр орлогоо нуун дарагдуулахад нь тусалсан болох нь тогтоогдсон.
Улмаар гэрчийн мэдүүлэг өгөх тохиролцооны хүрээнд шүүхээс Аллен Вайссельбергт таван сарын хориг ял оноосон байна. Тэрээр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ерөнхийлөгч асан Доналд Трамп жил бүр компанийн удирдах албан тушаалтнуудад урамшуулал олгох шийдвэрт гарын үсэг зурдаг байсан. Үүний дотор хувийн сургуулийн сургалтын төлбөр, Нью-Йорк хотын төв дэх тансаг орон сууцны түрээс зэрэг багтдаг талаар мэдүүлсэн.
Тэгвэл "Trump Organization”-ын хуульч Алан Футерфас компани мужийн шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах болно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл