Шүүх: С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор боллоо


Шүүх: С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор боллоо

 

Өнгөрсөн баасан гаригийн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсныг хураан авч, түр саатуулсан. С.Батдөлийг саатуулсан хуулийн хугацаа бямба гаригт дуусч, суллаад байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд яллагдагч С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргалаа. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт байгаа тул яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэснийг үндэслэн нэг сарын хугацаатай хорихоор болсон байна.

Мөн цахим орчинд тус этгээдийг цагдан хорьсон байсныг шүүх хэлэлцэхгүйгээр сулласан гэх мэдээлэл тархаад байгаад шүүхээс тайлбар хийв. Ингэхдээ С.Батдөлийг цагдаа болон прокурорын газраас 48 цагийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар прокурорын санал болон хэрэгт авагдсан материалд байгаагүй аж. Товчхондоо, түүнийг цагдан хориогүй байсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.