Танхимаа эхлээд шүүрдье!


Танхимаа эхлээд шүүрдье!

 

"Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн Засгийн газар "5Ш” ажиллагаагаар улсаа цэвэрлэхийн тулд эхлээд өөрийн танхимаа шүүрдэхээс өөр аргагүй болж байна. Яагаад гэвэл өдгөө Засгийн газарт Шадар сайдын алба хашиж буй С.Амарсайхан өмнөх албан тушаалаа ашиглан өөрийн компанид газар олгосон, төсвийн мөнгийг ойр тойрныхондоо хэдэн арван саяар нь тарааж бэлэглэсэн гэх мэт баримт өдөр бүр хэвлэлээр хөвөрч, уншиж сонссон бүхэн уурсаж, халаглаж байна. Уг нь Засгийн газар төрд нүүрлэсэн энэ их хулгай зэлгийтэй тэмцэх гээд байгаа нь иргэдэд итгэлийн оч гялтайлгаж байгаа. Нэг үеэ бодвол ч төр зайдагнаж найрласан гэмтнүүд бөөн цөөнөөрөө шалгагдаад, сандал суудлаасаа ховхорч эхэлж байна. Өчигдөр л гэхэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хууль бусаар төрийн албанд томилогдсон 800 гаруй хүнийг эхний ээлжид "шүүрдэх” гэж буй талаар мэдээлж байна. Их цэвэрлэгээ ч эхлэх нь эхэлжээ. Энэ эрчээ алдахгүйгээр асуудалд орсон сайд гишүүдээ ч нэг мөр шүүрдэж чадвал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намдаа ч, төрдөө ч, түмэндээ ч нэр нүүртэй үлдэхээс гадна зуун дамнасан түүхтэй МАН-д жинхэнэ утгаараа шинэчлэл хийлээ гэж үзнэ. Харин томчуудаа тойглоод, тойрч өнгөрөөд, зөвхөн хурган, төлгөн дарга нараа хяргах юм бол шинэ цагийн коммунистууд болно.

Одоо угаас МАН-ын залуу дарга нарын өмнө түүхэн эргэлт хийх цаг үе нь ч ирчихсэн байна. Нэг ёсондоо хувьсгалын тохироо бүрдэж байгаа нь энэ шүү дээ. Олон жил намаа санхүүжүүлж ирсэн олигархуудад шууд хариуцлага тооцно гэдэг мэдээж чанга. Ёстой нөгөө амаргүй зүйл чинь тэр. Гэлээ гээд амаргүй цаг үед амаргүй шийдвэр гаргаж байж л асуудлын ард гардаг. Нүүрсний хэрэг болон бусад асуудлаар бүрэн эрх нь яригдаж буй гишүүдээ хоёр нам яадаг ч байсан хамгаалж авч үлдье гэж хөшигний ард тохирсон гэх яриа улс төрийн хүрээнд гарч буй ч бодит байдал дээр үйл явц арай өөрөөр өрнөх бололтой. Парламент бүрэн эрхийн хугацаагаа дуустал тэсэх эрмэлзэлтэй байгаа бол Засаг массын хандлагыг харгалзан уян хатан тоглолт хийх сонирхолтой. Ээлжит бус сонгууль гэх шумыг ч анх тэд гаргасан. Товчхондоо, яавал ч яахад бэлэн байгаа аж. Харин Ерөнхийлөгчийн хувьд тогтвортой байдлыг эрхэмлэ буюу "Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэж ил далд анхааруулсаар байгаа.

Гэвч ийм эгзэгтэй үед эрх барьж буй намын дарга намаг балчигт унасан төрийн нэр хүндийг өргөхийн тулд хүссэн хүсээгүй хорхой шавжаа устгаж, хог новшоо шүүрдэхээс аргагүй болж байна. Ядаж байхад сонгууль дөхчихсөн байдаг. Нэгэнт "МАН-аар дүүрэн хулгайч” гэсэн муу дүн нийгмээс ирж буй болохоор үүнийг "МАН хулгайчтай тэмцэж чадаж байна” гэсэн имиж болгон хөрвүүлэх нь Л.Оюун-Эрдэнийн багийн гол зорилго. Тэр чадах ч байх. У.Хүрэлсүхийн Засгийн газар тавчигчтай эхийг өрөвдөөд бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэдэг шиг илэрхий драма тавьж чадахгүй ч ганц хоёрын зэрэг сайд золигт гаргах бол юу ч биш. Тэртэй тэргүй ах нар нь 10, 20-иороо ачигдах гэж байхад алаг үзэхгүй, алиа загнахгүй байж л хямралын үеийг даван туулах болно.

https://tsahiur.mn/n/s/13864

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.