Хосе Санчез: Энэ жил Монгол Улсын инфляцын түвшин дунджаар 9.5 хувь болж буурна


 Хосе Санчез: Энэ жил Монгол Улсын инфляцын түвшин дунджаар 9.5 хувь болж буурна

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн 2023 оны тоймыг өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн. Харин уул уурхайн салбарын олборлолт болон экспорт тэлж, үйлчилгээний салбар сэргэснээр 2023 онд 5.2 хувь болох төлөвтэй байгаа аж. 

Эдийн засгийн өсөлт болон тогтвортой байдлыг хангах талаар Дэлхийн банкны ахлах эдийн засаг Хосе Лүйз Диаз Санчез мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тайланг гаргасан. Үүнд ямар нэгэн бүс нутгийг хамруулаагүй бөгөөд хүн бүр мэдээлэл авахад нээлттэй гэсэн үг. 

Монголын эдийн засаг бүрэн гүйцэд сэргэсэн гэж ойлгож болохгүй. Учир нь цар тахлын үеийн нөхцөл байдлаас гарч 2019 оны үедээ хүрсэн. Эдийн засгийн өсөлт 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.7 хувиар өссөн боловч Дотоодын нийт бүтээгдэхүүний түвшин цар тахлын өмнөх үеийн хүлээлтээс доогуур байгаа. 

2022 оны өсөлтөд экспорт томоохон үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ хэрэглээний зах зээлийн нөлөө их байсан. Эдийн засаг сэргэсэнтэй холбоотой өрхийн орлого сэргэж цар тахлын үед үүсгэсэн хуримтлалаа хэрэглэж эхэлсэн нь хувийн хэрэглээг дэмжив. 

Импортын барааны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөн ч импортын эрэлт өндөр байсан нь эдийн засгийн сэргэлт, төсвийн томоохон хөрөнгө оруулалт төслүүд хэрэгжиж байсан юм. 

2022 онд төсвийн орлого нэмэгдсэн нь экспортын бараа бүтээгдэхүүн өссөнтэй холбоотой. Гэхдээ зөвхөн экспорт нэмэгдсэнтэй холбож тайлбарлах боломжгүй. Хөдөлмөрийн зах зээлд сэргэлт гарч, төсвийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад буурсан нь орлого нэмэгдэх нэг шалтгаан юм. 

Төсвийн зардал хумигдаж байгаа боловч 2019 онтой харьцуулахад өндөр. Төсвийн зардал өндөр байгаа нь улсын өр нэмэгдэхэд хүргэж байна. Тиймээс төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсэж болно. 

Эдийн засгийн сэргэлтийг дагаад импортын барааны эрэлт ихэссэн учир үнэ нь нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс төлбөрийн тэнцэлд ирэх импортын барааны дарам их байснаас алдагдал их гарчээ.

Дэлхийн банкнаас Монголын эдийн засаг 2023 онд 5.2 хувийн өсөлттэй байна хэмээн харж байгаа. Энэ өсөлтөд ул уурхайн салбарын бүтээгдэхүүний гаралт чухал нөлөө үзүүлнэ гэсэн төсөөлөлтэй байна. 

Инфляц энэ жилдээ 9.5 хувьтай байх тооцоолол хийсэн. Үүнд түлш, хүнсний импортын инфляц нь эдийн засгийн өсөлттэй холбоотой харьцангуй гайгүй байх төлөв ажиглагдсан" хэмээн ярилаа. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.