Саяхан Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн болсон.
Хөрш гурван улсын хилийн боомтын төмөр замаар нэвтрэх экспорт, импорт, транзит тээврийн асуудлыг хэлэлцдэг Монгол, Орос, Хятадын төмөр замын төлөөлөгчдийн энэ удаагийн зөвлөгөөнөөр хилийн өртөөдийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай тохиролцсон нь манай улсын уул уурхайн экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо. Тус зөвлөгөөнөөс Замын-Үүдийн хилийн боомтын төмөр замаар Хятадын талтай солилцох галт тэрэгний тоог нэгээр нэмэгдүүлж, 16 ба түүнээс дээш галт тэрэг өдөр бүр солилцохоор тохиролцлоо. Ингэснээр Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ 1,2 сая тонноор нэмэгдэх боломжтой болж байна. Үүний үр дүнд жилд дунджаар 14 сая ам.долларын орлого нэмж олох юм.
2024 онд Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын төмөр замаар 17,3 сая тонн ачаа солилцсон бол галт тэрэг солилцоог нэмэгдүүлснээр ачаа тээврийн хэмжээ улам өснө.
Мөн зөвлөгөөний үеэр Оросын талтай Эрхүү-Улаанбаатарын зорчигчийн галт тэрэгний аяллыг тогтмолжуулах, тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох зэрэг асуудлуудаар тохиролцжээ.
Сэтгэгдэл