Тэгвэл тус улсын зэвсэгт хүчний шинэ ханган нийлүүлэгчээр Чех улсын компаниуд сонгогдох магадлалтай болсныг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Вьетнамд улсад хийсэн гурван өдрийн айлчлалынхаа үеэр Чехийн ерөнхий сайд Петр Фиала батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар түлхүү ярилцсан байна.
Түүний дагуулсан бизнесийн төлөөлөгчдийг зэвсэг үйлдвэрлэгч компаниуд голлон бүрдүүлж байжээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Европын Холбооны улсуудаас Чех улс Вьетнамд хамгийн их зэвсэг нийлүүлсэн юм байна.
Тухайлбал 2021 онд Вьетнамын эрх баригчид Чехийн Aero Vodochody компаниас L-39NG загварын байлдааны хөнгөн нисэх онгоц арав гаруй ширхгийг захиалжээ.
Саяын уулзалтаар уг онгоцыг нэмж захиалах талаар ярилцсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Чехийн ерөнхий сайд Петр Фиала, Вьетнамын ерөнхий сайд Пам Мин Чин нарын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд "хоёр удирдагч батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо” гэсэн өгүүлбэр багтжээ.
Хэрвээ зэр зэвсэг нийлүүлэх хангалттай том дүнтэй гэрээ байгуулж чадвал Чехийн тал технологио Вьетнамд шилжүүлж, дотооддоо үйлдвэрлэхэд нь дэмжиж ажиллахаар болсон байна.
Чехийн бизнесийн төлөөлөгчдийг бүрдүүлсэн 15 компанийн дөрөв нь зэвсэг үйлдвэрлэгчид байжээ. Тэдгээр нь Czechoslovak Group, Colt CZ Group, Omnipol, SVT Group юм.
Чехийн бизнесийн төлөөлөгчид Вьетнамын дараа Филиппин, Индонезын эрх баригчидтай хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцсан байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл