Тус хариугаар хөргүүрт шилжүүлсэн нийт 14 тонн махыг шууд устгах эсэхийг шийдэх юм байна.
ХХААХҮЯ-ны мэргэжилтний өгч байгаа мэдээллээр, яамны шалгалтын баг өнгөрсөн Бямба гаригт Эмээлтэд газар дээр нь очиж хяналт шалгалт явуулсан. Яамныхнаас гадна цагдаагийн газраас очиж тус үйлдвэрт иргэдийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан. 7-ны өдрийн 00:02 цагт цагдаагийн шалгалт дуусч, дараагаар Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ-наас маханд үзлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Үйлдвэрт өлгөж, гэсгээсэн 13-14 тонн мах байсан. Тавдугаар сарын 7-ны өглөөний 07:00 цаг хүртэл шалгалт үргэлжилсэн.
Тухайн үйлдвэрийг бүрэн лацадсан бөгөөд махны дээжийг авч шинжилгээнд өгч, үлдсэн хэсгийг хөргүүрт хийсэн.
Үйлдвэрийн удирдлага болоод ажилчдаас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа. Нийт 10 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй. Үйлдвэрийн бүх гадна хаалгыг лацадсан бөгөөд нийт 6-7 хаалгыг битүүмжилж гадагш болон дотогш мах оруулах боломжгүй болсон. Мөн зоорийг лацадсан.
Газар дээр нь очиж танилцахад үхсэн малын мах байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.
Үйлдвэрийн ажилчдын хэлж байгаагаар экспортод гаргах гэж бэлтгэсэн мах гэсэн. Холбогдох бүх бичиг баримтыг хуулийн байгууллага хурааж авсан. "Үүлэнгөү" компани нь 2022 оны зургадугаар сард хийсэн шалгалтаар үйл ажиллагааны дүгнэлтийн дагуу эрх нь цуцлагдсан байсан. Гэсэн ч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан учир хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Шулж ангилж, өөхийг нь авсан учир Монголд тус махыг худалдаалах боломжгүй гэж үзэж байна гэсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шинжилгээний хариуг бид дахин тодруулан дэлгэрэнгүй мэдээлнэ.
Сэтгэгдэл