Б.Саранчимэг гишүүн “Ураг ядрахаараа төрлөө...” гэдэг болов


Б.Саранчимэг гишүүн “Ураг ядрахаараа төрлөө...” гэдэг болов

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орох сургаар намын жагсаалтад нүхээ малтаж эхэлсэн буруу гарын нөхөд олон болж гэнэ. Тойрогтоо очихоор нэр нүүргүй болсон нөхдөд ийн эцсийн сумаа тавих ганц зам үлдсэн л дээ. Үүнээс гадна тойрог булаалдах асуудал аль ч нам дотор нэлээд хүчтэй өрнөж байгааг эх сурвалжууд хэлж байна. Мандат авах, тэр тусмаа хүссэн тойргоо авна гэдэг ялалтын эх үндэс л дээ. Тэгэхээр дундаа зодолдолгүй яахав.

Сонгуулийн тухай хууль эцэслэн шийдээгүй байхад намын жагсаалтад санаархаж, тойрог булаалдаж байгаа нөхдийн хувьд гэвэл ёстой л "Алаагүй баавгайн арьсыг хуваана” гэгч болж байгаа хэрэг. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх замаар сонгуулийг холимог тогтолцоонд оруулж, гишүүдийн тоог нэмэх нь бараг тодорхой болж байгаа зүйл учраас гишүүд хөдөлгөөнд орох нь аргагүй.

МАН дотор гэхэд Баянзүрхэд тойргоо булаалгаад байгаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэлээд тэвдүү байгааг хэлнэ лээ. Хууль, тогтолцооны өөрчлөлт гэх мэт эмзэг үед тойргоо булаалгана гэдэг амаргүй. Тиймээс Баянзүрх дүүрэгт нэгэнт шаансгүй болсон Б.Саранчимэг гишүүн "Тураг ядрахаараа уулаа, ураг ядрахаараа төрлөө” гэдэг болж, Дундговь аймаг руу гүйдэлтэй болжээ.

Гэтэл нутгаа гээд очиж байгаа эрхэм гишүүнийг тоох ураг төрөл байхгүй болсон гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна. Учир нь түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү хоёр удаа Дундговь аймгаас сонгогдохдоо ураг төрлийнхөө урмыг хугалж, итгэлийг нь эвдсэн гэх ялыг ийнхүү Б.Саранчимэг гишүүн үүрэх бололтой. Угаасаа Дундговь аймагт МАН-аас өөдтэй дүр байгаагүй. Ялсан түүх ч тун бага. Оюутны холбоо дамжсан Б.Амарсанаа гэх нөхөр хоёр удаа нэр дэвшсэн ч Б.Наранхүүд ялагдаад байсан. Тиймээс МАН өнгөрөгч 2020 онд С.Батболд, Г.Мөнхцэцэг гэх хоёр гайгүй дүр явуулж 100 хувийн ялалт байгуулснаар алдсан тойргоо өөртөө авчирсан. Гэтэл хаа байсан хүрээнээс нэг гологдол очихыг санаархаж байгааг дундговьчууд зөвшөөрөхгүй гэдгээ ч хэллээ. Нөгөө талаар Дундговь аймгийн "төр”-ийг АН засаглаж байгаа. Өөрөөр хэлбэл, Дундговь аймаг МАН толгойтой, АН хөлтэй байна. Ийм үед АН-ынхан хөлөө толгойтой болгохыг хүсэж таарна. Нөгөө талд МАН толгойгоо хөлтэй болгохыг хүснэ. Тэр цагт хүрээнээс нэг гологдол очих нь яавч сайны дохио биш.

Түүний хувьд Улаанбаатарт, Баянзүрх дүүргээс жийгдэх нь аргагүй. Тус дүүрэгт гэрийн буурь засаж, гэрлийн шон босгосон ч очихоос өөр зүйл хийгээгүй. Үнэхээр тэр тус дүүрэгт шав тавьж байгаа, үүдээ нээж байгаа байшин барилга хаана юу байна, тэнд зогсож л байдаг цор ганцхан түшээ бол тэр. Гэтэл түүний хамтрагч Б.Энхбаяр гишүүнийг парламентын болон бусад хурал цуглаан дээр үг санал хэлж, хууль санаачилж байгаагаар мэдэхээс баянзүрхчүүд төдийлөн таних ч үгүй байх. Харин Б.Саранчимэг гишүүнийг бол тойргийнх нь зуудаг нохой ч андахаа больж ад үзэгдсэн хүн. Түүнд ийн явахаас өөр чадах зүйл үгүй. Тэр Хууль тогтоох дээд байгууллагын хүн гэдгээ ухамсарлан ажиллаж хууль санаачилж, түүнийгээ батлуулан, амьдрал дээр хэрэгжүүлээгүй найм дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа гишүүн. Арга ч үгүй жирийн нэг автоматжуулалтын инженер мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад нь УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратораар ажиллуулахаар болсон нь улс төрд хөл тавих бодлыг анх төрүүлсэн байж таарна. Шал дэмий зүйл болсон.

Төрсөн дүү Б.Наранхүү гэхэд л дөрвөн жил ажиллахдаа УИХ-ын чуулганы хуралдаанд хоёрхон удаа, найман жил ажиллахдаа зургаахан удаа суусан байх жишээтэй. Ингэж ажиллахаар Дундговь аймаг өрсөлдөх чадвараараа адагт орж, иргэдийн амьдрал уруудахгүй яахав. Сонгууль дөхөхөөр очиж эд материал, мөнгө төгрөг тараачихаад иргэдийг УИХ-д төлөөлнө гэдэг ямар хортойг Б.Наранхүү ч харууллаа, Б.Саранчимэг ч харууллаа. Бас болоогүй, өмнөх ажлаа хийж чадахгүй байж ах дүүгээрээ хамтраад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мөнгө авчихна. Уг нь тэр улс төрд гавьяа ч байгуулаагүй, гай ч болоогүй бодь нэгэн байх. Мөрөөрөө юм гээд сонгоод байвал юу болох билээ. МАН ч гэсэн хол ойр хор найруулаад байхгүй, мөрөөрөө юм гээд мандат өгөөд байж болохгүй. Эцэст нь ийм л хүмүүс намыг ялагдалд хүргэдэг, ард түмнийг хорлодог шүү дээ.

Тэрбээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр удаа, УИХ-ын гишүүнээр хоёр удаа тус тус сонгогдсон гэхэд нэрлэх бодит ажил, нэрлээд явах хууль ч алга байна. Уг нь бүхэл бүтэн аймаг байгуулчих хэмжээний урт хугацааг тэр нийслэл, төрийн эрх барих байгууллагад өнгөрөөжээ. Тодотгож хэлэхэд, 10 гаруй жил ажиллачихаад нэрлэх хууль ч байхгүй, бүтээн байгуулалт гээд нийгэмд нэрлээд үлдээчих зүйлгүй байна гэдэг харамсалтай. Магадгүй, хувь хүний суурь материал, байгалиас өгсөн хэм хэмжээ нь өөр өөр байдаг ч байж болох юм. Түүнээс бус ямар нэг зүйл хийж бүтээе гэвэл заавал дөрөв, таван сургуульд сурч, олон удаа парламентад сонгогдох хэрэггүй юм. Ганц мэдэх зүйл гэвэл дээр дурдсанчлан Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн нээлт, ойн баяр, шинэ жилийг бол алгасахгүй очно. Нэг цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нээсэн ч тууз хайчлаад зогсож байдаг идэвхтэй гишүүн. Ард түмнээс сонгогдсон түшээ тэднийхээ дунд очих нь ч зүйн хэрэг байх. Ингэхдээ бас ганзага хоосонгүй. Компьютер, хувилагч машин гэх мэт зүйлээр гар цайлгачихна.

Х.ӨЛЗИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.