Банкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Үүний дагуу прокурорын байгууллагынхнаас тодруулахад "Нэр бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулж, өөрсдөдөө давуу байдал олгож, хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй болохоор ямар нэг мэдээлэл нэмж хэлэх боломжгүй. АТГ-ын харьяалан шалгаж байгаа хэрэг” гэсэн юм. АТГ-ынхан "Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгч чадахгүй” хэмээлээ.
Бидэнд олдсон мэдээллээр Төвбанкны эрх бүхий албан тушаалтнууд "Капитал” банкны хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдэлд холбогдод буй аж. Монголбанкны Тамгын газрын захирал асан Ж.Батхуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Н.Батсайхан, "Капитал” банкны эрх хүлээн авагч М.Адилбиш, Т.Дэлгэрхүү, эрх хүлээн авагчийн орлогч А.Шижирмаа, эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Т.Одонтунгалаг, Ш.Хандсүрэн, М.Мөнх-Өлзий нарыг эл хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм байна.
Эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68.3-т "Банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж хуульчилсан. Тэгэхээр дээр нэр дурдсан эрх хүлээн авагчийн зөвлөлийнхөн "Капитал” банканд хадгалж байсан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг нөхөн төлүүлэх гол үүрэгтэй гэж хэлж болно. Уг өр төлбөрийг гүйцэд барагдуулахаасаа өмнө өөрсдөдөө давуу байдал олгосон байж болзошгүй учраас яллагдагчаар татагдсан аж.
Уг нь Төвбанкны тухай хуулийн 29.1.2-т "өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох”-ыг хориглохоор хуульчилсан байдаг. Үүнийг зөрчиж Ж.Батхуяг, Н.Батсайхан, М.Адилбиш, Т.Дэлгэрхүү, А.Шижирмаа, Т.Одонтунгалаг, Ш.Хандсүрэн, М.Мөнх-Өлзий нар 300 хүртэлх сая төгрөгийг орон сууцын дэмжлэг нэрээр авсан гэнэ. Ингэснээр "Капитал” банканд нийт 1.4 тэрбум буюу 543 мянга гаруй ам.долларын хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутгагдаж буй юм. Юутай ч албан тушаалаа урвуулж, татвар төлөгчдийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын санд төлсөн, "Капитал” банканд байршуулж байсан хөрөнгөөс өөрсдөдөө давуу байдал бүрдүүлж авсан банкны эрх хүлээн авагч, зөвлөлийн гишүүдийг яллагдагчаар тооцон шалгаж, мөрдөн байцаалт нь удахгүй дуусах гэж байгаа аж.
Сэтгэгдэл