Алдарт эхийг "хээлтүүлэг" төдийгөөр харвал Монголоо алдсан, ирээдүйгүй хэрэг болно


 
Ерөнхийлөгч эхчүүдэд алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй өнгөрлөө. Харин энэ талаар жиргээч Элийрэгч буюу Ц.Уянгын бичсэн үг олны эгдүүцлийг төрүүлэв. Тэрээр "Тээ бүгд гоёж, гоодож очоод хээлтүүлгийн шагналаа авч байгаагаа гайхуулаа шаасс" гэсэн. Харин үүнд хариу барьж, мэдэхгүйд нь мэдлэг нэмэрлэж учир мэдэх эрхмүүд дараах тайлбарыг өгч байна. 
Нийтлэлч Б.Номинчимэд:
-Монголчууд хэзээнээс л олон арван саяулаа байсангүй. Их гүрний үед, Мэргэд, Хэрээд, Найманыг нийлүүлээд үсрээд л Ганц сая орчим байв. 
Одоогоос зуун жилийн өмнө 1919 оны тооллогоор  550 мянга, гэхдээ түүний 100 мянган нь хятад буюу таван хүн тутмын нэг нь хятад байв. Үлдсэн 50 мянга нь орос болон бусад.
Саяхнаас л буюу 1963 онд нэг сая хүрч, түүнээс 16 жилийн дараа 1989 онд 2 сая, дахиад 16 жилийн дараа буюу 2015 онд 3 сая хүрсэн. 
Монгол Улс хөгжиж дэвшихийн тулд хүн амаа эрчимтэй өсгөх шаардлагатай байв. Ингээд  1960-1970-аад онд идэвхтэй бодлого барив.. Тэр үед 4 хүүхэдтэй айл цөөхөн хүүхэдтэйд тооцогддог байлаа. Ихэнхдээ түүнээс дээш, 7 хүүхэдтэй нь ердийн. 
Хүүхдийн мөнгө ч сайн өгдөг байв. Бас хот хөдөөгүй цэцэрлэг ясли барьсан. Олон хүүхэд төрүүлсэн эхэд "Алдарт эх"-ийн I, II зэргийн одон өгдөг, одонгийн мөнгө ч өгдөг. Үр дүн гарч 1960-1970 онуудад огцом өссөн. 
Харин 1990 оноос хойшхи хямралд хэсэг саарсан. Одоо эргээд өсөж байна. 
Ер нь улсын ийм бодлогоос гадна бид угаасаа л хөл хүндтэй хүнийг хүндэлдэг, өмнүүр нь гардаггүй ёстой. Тэнд чинь хоёр хүн яваад байна. Хөл хүнд бүсгүйд таагүй хандах, цочоохоос цээрлэдэг, урагт нь сөрөг сүүдэр тусчихаас болгоомжилдог. Ерөөс бие давхар болон нялх биетэй бүсгүйн намба төрх, ааш ааль ч өөр байдаг, эрхгүй хайр, хүндлэл төрүүлэм байдаг.
Олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй, зүтгэл хөдөлмөр сэтгэл их. Сүүний үнэр энгэрээс нь ханхалсан ээж шиг сайхан хүн хаана билээ.
Монголчуудын ардын дуунд Ээжийн тухай дуу онцгой байр эзэлж, жин дардаг. Газар дэлхийгээ хүртэл ээжийтэйгээ адилтгадаг. 
"Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгддэг" гэж үздэг, "Монголын үрс маш олон болтугай" гэж ерөөдөг ард түмэн. 
Энэ бүхнийг зөвхөн биологийн утгаар нь буюу "Хээлтүүлэг" төдийгөөр харах боломжгүй л дээ. Монголоо алдсан хэрэг болно" гэлээ.
Зохиолч Ц.Оюунбат:
Жил болгоны хүүхдийн баяраас урьтаж МУ-ын Ерөнхийлөгч Алдарт эхийн 1, 2-р одонг 4 болон 6 хүүхэдтэй эхчүүдэд олгодог тогтсон сайхан уламжлалтай билээ. Хороо дүүрэг болгоноос алдарт эхчүүдийг төлөөлөл болгон Төрийн Ордондоо ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг. Монгол улсын хамгийн том баялаг бол хүн юм. Зарим хүн тэгж боддоггүй юм шиг байна лээ. Чанартай, чанаргүй хүүхэд гэх мэтээр элдвээр гоочлох нь элбэг болжээ. Энэ бүгдийг би төрөлт нь сүүлийн үед маш ихээр багасч хүн ам нь тогтмол буурч буй барууны улс орнуудын даалгаврыг даган биелүүлэгч элийрэгч Уянга, Одбаяр мэтийн хүмүүсийн постноос ихээр харж байна.
Хэрэвзээ манай монголчууд дор хаяж 10, 20 саяулаа болсон бол юу болох вэ? Хөдөө тал минь эзэнгүйдэж хаягдахгүй, хүний хүч нөөц бололцоог харж гаднын томоохон электроник, автомашины үйлдвэрүүд монголд салбараа нээх байсан. Гангийн үйлдвэр, чипний үйлдвэрлэл, бэлэн хувцас, хүнс гээд ямар ч үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өндөр байх байв. Хятад, Вьетнам, Казахстан гээд бидний хөрш орнууд ямар сайхан хөгжиж байгааг та бүхэн мэднэ. Өрсөлдөөн, эрэлт хэрэгцээг дагаж цалин хангамж сайжран монголчууд гадагшаа ажил хийхээр явах шаардлагагүй болно. Архи ууж дампуурах завгүй болно. Архидалтыг би үеэ өнгөрөөсөн зүйл гэж бодож байна. Шинэ үеийн залуус архинаас татгалздаг болсон. Үүнийг дагаад хариуцлагагүй эцэг эхчүүд байхгүй болно. Хүн амын өсөлттэй уялдаж багш, эмч нар хамгийн нэр хүндтэй ажил мэргэжил болж хамгийн шилдэг, хамгийн сайн сурлагатай хүүхдүүд багш, эмч болох байсан. Тэдний цалин хангамж хамгийн өндөр байх байв" гээд хүн амын өсөлтийн талаар бичжээ.
Мэдээж Ц.Уянгын хувьд дээрх "доромж" үгийг бичих болсон шалтгаанаа дараа нь улс төр, нийгэм, эдийн засагтай холбон тайлбарласан байдаг. Товчхондоо хүүхдэд ээлгүй нийгэмд олон хүүхэд төрүүлэхийн хэрэг юун гэсэн агуулга бүхий тайлбарыг өгчээ. Тэрээр "Нийгэм гэдэг өөрөө нэгнийгээ дээш нь татах чадалтай потенциальтай хүн гаргаж байж хөгжихөөс өөрийгөө ч авч явж чадахгүй олон хүн үйлдвэрлээд байхаар нөгөө потенциаль сайтай хэсэгт итгэл байхгүй болоод баталгаатай амьдрах орон зай, газрыг хайгаад явчихдаг юм" гэжээ. 
Гэвч бид нөхцөл байдлыг өргөн хүрээнд авч үзэх учиртай. Амьдрал хэцүү байна гээд хүн амын өсөлтөө барина гэж байхгүй. 
Үүнтэй холбоотойгоор нэгэн сонирхолтой баримт дурдахад, энэ жил болсон Хятадын 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хуралдааны хоёр дахь гол сэдэв нь хүн амын өсөлтийг дэмжих байв. Энэтхэг, Хятад хоёр улс хүн амын тоогоороо бараг уралдаж байна гэж хэлж болно. Тэд яагаад ийм зорилгод тэмүүлнэ вэ? Учир нь хүн амын өсөлт нь ажиллах хүчийг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг байна. 
Монголын үрс маш олон болтугай!
 
Эх сурвалж: bolod.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.