Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа


Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9,465 ээж хүртэж байна.

Үүнээс:

  • Нэгдүгээр одон 611
  • Хоёрдугаар одон 8,853
  • Нийслэлээс 3,677
  • Хөдөө, орон нутгаас 5,090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой.

Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье.

Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай. Баярлалаа” гэлээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.