Орос залууг идсэн аварга загасыг занданшуулж музейд тавина


Египетийн Хургада дахь далайн эргийн зочид буудлын ойролцоо, эргээс ердөө 30 метрийн зайд Улаан тэнгист сэлж байсан оросын жуулчин залуу руу аварга загас /tiger shark/ халдсан аймшигт үйл явдал хэдхэн хоногийн өмнө болжээ. Эрэг дээр байсан хүмүүсийн камертаа буулгасан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, энэ талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Орос жуулчин залуу Владимир Попов 23 настай байжээ. Тэрээр аюулт махчинтай тэмцэлдэх үедээ "аав аа" хэмээн хашгирч байсан гэнэ. Харин Владимирын сэтгэлээр унасан эцэг Юрий хүүгээ тусламж гуйж байхад нь маш их айхаас өөр яаж ч чадаагүй тухайгаа ярьсан байна. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид наран шарлагын газар очиж амрах гэж явсан. Миний хүү рүү акул дайрсан, энэ бүхэн хэдхэн секундын дотор болсон. Энэ бол аюулгүй далайн эрэг. Эргэн тойронд усан онгоц, дарвуулт онгоцууд байдаг. Тэнд хэзээ ч ийм зүйл болно гэж бодоогүй. Тэд ихэвчлэн зэрлэг далайн эрэг рүү дайрдаг. Үнэхээр золгүй явдал боллоо" гэжээ. Зүрх нь шархалсан аав хүүгийнх нь ойролцоо түүнд туслах гэр бүлийн гишүүд байгаагүй гэж хэлсэн ч эхний мэдээллээр 23 настай найз охин нь халдлагаас зугтаж чадсан гэсэн юм. Мөн өөр хоёр ч бүсгүй зугтаж, уснаас гарч амжжээ. Аймшигт халдлага болохоос өмнө Владимир эцэгтэйгээ хэдэн сарын турш Египетэд амьдарч байжээ.   

Загасчид Владимирын аминд хүрсэн акулыг барьсан бөгөөд мэргэжилтнүүд акулыг задлан шинжилж, гэдсэн дотроос нь залуугийн шарилыг олсон байна. "Даваа гарагт Далайн Шинжлэх Ухааны Хүрээлэн болон Улаан тэнгисийн нөөц газрын мэргэжилтнүүд хүрээлэнгийн музейд байрлуулах бэлтгэлийн үүднээс Хургада хотод акулыг занданшуулах ажлыг эхлүүлсэн" гэж Арабын мэдээллийн Al Arabiya суваг мэдээлэв. Харин ноён Попов хүүгээ чандарлаж, төрөлх Орос оронд нь нутаглуулна гэж мэдэгджээ.

Бас нэгэн мэдээллээр тухайн акулыг муми болгож, Хургадагийн Тэнгисийн шинжлэх ухааны музейд өгөхөөс гадна акулыг зан авирын шалтгааныг олж тогтоох, өмнө нь хэд хэдэн осол гаргасан амьтантай холбоотой эсэхийг тогтоох зорилгоор судалгаанд хүлээлгэн өгсөн байна. Улаан тэнгисийн эрэг орчмын бүс нутагт халдлага ховор тохиолддог ч өнгөрсөн жил акулууд Хургада дахь аялал жуулчлалын газарт хэдхэн хоногийн зайтай Австри, Румын хоёр эмэгтэйг хөнөөжээ.

SCANDAL.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.