Б.Жагар: Голын эрэг дээрх барилга нь зарагдахгүй болохоор цуцлуулж, шүүх дээр ялаад, төрөөс хохирлоо барагдуулж, ашиг хүртдэг бүлэг үүсчихжээ


Б.Жагар: Голын эрэг дээрх барилга нь зарагдахгүй болохоор цуцлуулж, шүүх дээр ялаад, төрөөс хохирлоо барагдуулж, ашиг хүртдэг бүлэг үүсчихжээ 
Туул гол дагуу усны тэжээгчдийн мужид дахин барилга бариулахгүй байх талаар Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар "ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бетон арматур, Хан тамир, Баярс констракшн ХХК гэх мэт. Мөн 18 дугаар хорооны "Aqua garden”-ы талаар удаа дараа бичиг хүргүүлсэн. Усны газраас Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэртэй давхцалтай байна гэх дүгнэлт гарсан. Мөн Мөн Шинжлэх Ухааны Академиас тодорхой дүгнэлт гаргасан. Дарга нарыг эрдэмтдийнхээ үгийг сонсооч гэж шаардаж байна.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  тогтоол гарсан. Энд барилга бариулмааргүй байна, иргэдийн амь нас эрүүл мэнд хохироод байна гэж олон ажил хийсний  үр дүнд энэхүү дүгнэлт гарсан. Голын эрэг дээр барилга барьж тоглодог хулгайч нар барилгын тодорхой хэсэг нь зарагдахгүй болохоор зохиомлоор цуцлуулаад, шүүх дээр очиж ялаад, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулж, ашиг хүртдэг бүлэг үүсчихсэн юм байна.

Хууль бус барилга барих зөвшөөрөл өгсөн үе үеийн дарга нарыг Цагдан хорих 461дүгээр ангид хорьж, хөрөнгийг нь хурааж, хөрөнгөөр нь хохирол барагдуулна уу гэхээс биш ядарсан ард түмнээс авч болохгүй" гэв. 

Иргэн н.Нямсамбуу хэлэхдээ "ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын эрэг дагуу барилга барих зөвшөөрөл олгочхож байгаа юм. Энэ газар барилга барих нь хууль зөрчиж байна гээд мэргэжлийн байгууллагууд нь шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хариунууд ирсэн байна. Гэтэл дарга нь газар олгочхоод байгаа.

Тухайлбал "Aqua garden”-ыг буулгана гээд сүржин шийдвэр яриад байгаа. Буулгалаа гээд татвар төлөгч иргэд л хохирно. Тэр хохирлыг барилга барьсан компани нэхнэ. Хоёрдугаарт мөнгөө өгчихсөн олон иргэн хохирно.

Түүнчлэн газрын зөвшөөрөл олгочхоод, дараа нь "зөвшөөрлийг нь цуцалсан, барилгыг нураана" гэж гаргасан шийдвэр нь Захиргааны хэргийн шүүх дээр очоод унаад байдаг. Яагаад унасан бэ гэхээр үндэслэл нь алдаатай гэдэг. Тэгэхээр олон нийтэд "зөвшөөрөл цуцалсан, барилгыг нураана" гэж мэдээлчхээд цаанаа анхнаасаа тохирсон байхыг үгүйсгэхгүй. Ийм улс төрийн болон ашиг сонирхлын зөрчил ард нь байгааг үгүйсгэхгүй. Шийдвэр гаргахдаа үндэслэлээ зөв тавиад гаргах боломж байгаа шүү дээ. Цаашид хууль бус зөвшөөрлийг битгий олгооч гэж сануулах гэлээ" гэлээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.