Үр тарианы хэлэлцээрийг сэргээх саналыг ОХУ-д хүргүүлэв


Үр тарианы хэлэлцээрийг сэргээх саналыг ОХУ-д хүргүүлэв 
Украины үр тариа, бордоогоо дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ саналыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Москвад хүргүүллээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт уг захидлыг илгээсэн боловч Кремль энэ саналд сэтгэл хангалуун бус байна.

Сергей Лавров өчигдөр /2023.08.31/ Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай уулзсан. Тэрбээр энэ уулзалтынхаа үеэр Украины тээвэрлэлтийг сэргээхийн тулд барууны орнуудын хийх ёстой арга хэмжээний жагсаалтыг Анкарад өгсөн гэв. 

НҮБ болон Туркийн хэлэлцээрийн дагуу 2022 оны долдугаар сараас эхлэн Украины үр тариа, бусад хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн гурван боомтоос тээвэрлэх боломжтой болсон. Харин НҮБ болон ОХУ-ын хооронд байгуулсан тусдаа санамж бичигт Москвагийн үр тариа, бордооны экспортод тулгарч буй саад тотгорыг арилгах амлалт багтжээ.

Гэвч энэ оны долдугаар сард ОХУ Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг зогсоосон билээ. Истанбул дахь Хамтарсан зохицуулах төвийн мэдээллээс үзэхэд Украины үр тарианы 57 хувь нь хөгжиж буй орнуудад очсон байна. Анх 120 хоногоор байгуулсан гэрээг нэг удаа 120, хоёр удаа 60 хоногоор тус тус сунгасан. 

Гутерриш захидалдаа Хар тэнгисийн хэлэлцээрийг шинэчлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. "Оросын хүнс бордоог дэлхийн зах зээлд зохих үнээр, илүү үр дүнтэйгээр хүргэх асуудлыг шийдвэрлэх тодорхой шийдэл бидэнд бий" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: AP



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.