Доналд Трамп VS Вивек Рамасвами


Доналд Трамп VS Вивек Рамасвами

 

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд  болно. Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дундах мэтгэлцээн өнгөрсөн сараас эхлэн өрнөж байна. АНУ-ын хуучин ерөнхийлөгч Доналд Трамп намын өрсөлдөгчөө илт давамгай тэргүүлж байгаа билээ. Гэсэн ч түүний хувьд дараалан хоёр удаа мэтгэлцээнийг өнжиж байна. Сонгогчид одоо хэр нь түүнийг бусад өрсөлдөгчийн хамт мэтгэлцээний индэр дээр гарахыг нь хүлээж байгаа юм.  Тэрбээр эрүүгийн хэрэгт холбогдсон дуулиантай байгаа ч тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Бүгд найрамдах намын өрсөлдөгчдийн дунд өрнөсөн хоёр дахь удаагийн мэтгэлцээнээс Доналд Трампийн хамгийн залуу өрсөлдөгч Вивек Рамасвамийг онцолж байна. Тэрбээр энэ удаагийн мэтгэлцээний халуун сэдэв болж, туршлагатай улстөрчид ч ихээхэн шүүмжлэл өртсөн юм.
Вивек Рамасвам Энэтхэгийн цагаач гэр бүлээс гаралтай бизнес эрхлэгч.  Мөн “Forbes” сэтгүүлээс зарласан хамгийн залуу 20 тэрбумтаны нэгдүгээрт бичигддэг,  өдгөө 38 настай улстөрч юм.  Ерөнхийлөгчийн сонгуульд залуу сонгогчдод голчлон анхаарал хандуулж буйгаа илэрхийлж байсан юм. Тэдэнтэй илүү ойр дотно байхын тулд “Тикток” олон нийтийн сүлжээг хүртэл ашиглаж байгаа гэдгээ зарлаад байна.  Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш нийт 50 цуврал подкастыг хөтөлсөн байна.
Вивек Рамасвами  мэтгэлцээний эхний нэг цагийн дотор 450 мянган ам.доллар цуглуулж, дунджаар 38 ам.долларын хандив цуглуулж чадсан гэдгийг зохион байгуулах хорооноос мэдэгджээ. Мөн сонгуулийн анхны мэтгэлцээний дараагаар “GOOGLE” хайлтын системээс хамгийн их хайгдсан оролцогч болсон юм. Түүний эдгээр амжилт Бүгд найрамдах намаас бусад нэр дэвшигчдэд хүндээр туссан нь гарцаагүй.
Хоёр цаг үргэлжилсэн мэтгэлцээнд өрсөлдөгчид бие бие рүүгээ дайрч замбараагүй байдал их гарчээ. Рамасвамигийн хувьд олон шүүмжлэлтэй нүүр тулсан ч бусдаасаа илүү чанга тод ярьж, цэгцтэй ойлгомжтой байжээ. Мэтгэлцээнийг зохион байгуулагчдын хэлснээр эхний нэг цагт танхим хяналтаа алдаж замбараагүй байдал бий болжээ. Гэвч замбараагүй байдлаас сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг таних боломж байж болох юм. Түүний хувьд мэтгэлцээний туршид өрсөлдөгчдөөсөө илүүтэй зохион байгуулалт сайтай байсан гэх сайшаалыг хүртээд байна.
 
Хэвлэлийн хариу үйлдэл
 
Түүний хийсэн анхны мэтгэлцээний гайхалтай үр дүнг эвдэхээр бусад оролцогчид ихэд хичээсэн гэхэд болно. Рамасвами нийт оролцогчдыг магтаж сайшаасан эерэг байр сууринд байсан. Хоёр дахь мэтгэлцээний үеэр урьдын адил олон нийтийн анхаарлыг татаж чадсан. Гэвч Дональд Трампыг гүйцэх шинэ стратеги хэрэгжүүлэх эсэх байр суурь ажиглагдаагүй гэж өдөр тутмын сонинд нийтлэгджээ. “The New York Times” –д түүний тухай Биотехнологийн бизнес эрхлэгч өрсөлдөгчдөө мөргөлдөөнд автуулж Бүгд найрамдахчуудын мэтгэлцээнд давамгайлсан амжилтаа сайн хамгаалсан гэв. Түүний компанит ажлын мөн чанар, онцолсон асуудлууд, төрөл бүрийн сонгогчидтой холбогдох чадвар нь Бүгд найрамдах намын дэмжигчдийн сэтгэлийг татсан сайтар бодож боловсруулсан стратеги байсан гэдгийг онцолжээ.
 
Сонгуулийн компанит ажлын онцлог
 
Рамасвами хамгийн сүүлд энэ сарын 25-нд Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэж Америкийн нөөцийг ашиглах бодлогын санал дэвшүүлжээ. Уг төлөвлөгөөнд Тайваньд үйлдвэрлэгдэж буй хагас дамжуулагч нь Америкийн амьдралын хэв маягт зайлшгүй шаардлагатай ба үүнийг Америкийн эсрэг зэвсэг болгон ашиглах боломжийг олгож болохгүй хэмээн тусгажээ. АНУ-ын үйлдвэрлэлийг бэхжүүлж, ардчилсан холбоотнууддаа хамтын түншлэлийг дэлгэрүүлж, цэргийн зардлыг ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх шинэ түвшинг бий болгох замаар ажиллах хэрэгтэй гэдгийг онцолж байгаа аж. Мөн эрүүл мэндийн сүлжээний БНХАУ-аас харьяат байдлыг бууруулж, улмаар таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна. Худалдааны шударга хэлэлцээрийг бий болгож хөгжил цэцэглэлтийн шинэ өндөрлөгт хүрэх ёстой. Үүнд сайн холбоотнууд хэрэгтэй.  Дэлхийн бөмбөрцөгийн хагаст орших хөршүүдтэй найрсаг сайн харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Зөвхөн нэг талаас шалтгаалсан хараат байдлыг нэн даруй халах шаардлагатай. Тиймээс бидэнд найдвартай зохицуулалт, механизм хэрэгтэй гэдгийг тодотгож байна” гэдгийг онцолж байна.
 
Энэтхэг-Америк гарал
 
2022 онд Охайо муж дахь сенатын сонгуульд нэр дэвшихээ зарлаж байжээ. Гэвч тэрбээр нэр дэвшихээс татгалзсан байна. Тэр цагаас түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн үзэж байжээ. Ирэх онд болох сонгуульд ялалт байгуулвал хамгийн залуу бөгөөд анхны Энэтхэг-Америк гаралтай ерөнхийлөгч болох юм.   Гэвч тэрбээр Доналд Трампын 2015 онд дэвшүүлж байсан Төрөлхийн иргэншлийн бодлогын асуудлыг дахин хөндөж байгаа нь, хууль бус цагаач иргэдийн хүүхдүүдийн төрөлхийн иргэншлийг зогсоосноор цагаачлалын асуудалд цаашдын арга хэмжээг авах боломжтой хэмээн үзэж байгаа нь хуучин Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжсэн, эргэлзээг төрүүлж байна. Энэтхэгийн цагаачдын хүү Рамасави цагаачдын эсрэг маргаан дэгдээж болзошгүй гэж байгаа ч энэ нь зөвхөн хууль бус цагаачдын хүрээнд гэдгийг онцолсон юм.
 
 
Н.ЖАРГАЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.