НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээс Орос улс хасагдав


НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээс Орос улс хасагдав 
НҮБ-ын ерөнхий ассамблей өчигдөр тус байгууллагын хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох санал хураалт зохион байгууллаа.
 
Женев хотод төвтэй хүний эрхийн зөвлөл нь бүс нутаг бүрийн төлөөлөл 47 гишүүнтэй байдаг бөгөөд тэдгээрийг НҮБ-ын гишүүн 193 улсын олонхын саналаар гурван жилийн хугацаатай сонгодог.

Украины дайн эхэлснээс хойш хоёр сарын дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ энэ зөвлөлийн гишүүнээс хөөгдөж байв.

АНУ-ын санаачилсан энэ санал хураалтад оролцсон НҮБ-ын гишүүн орнуудын 93 нь ОХУ-ыг хөөхийг дэмжиж, 24 нь эсэргүүцэж, 58 нь түдгэлзэж байжээ.

Тэгвэл ОХУ өчигдөр хүний эрхийн зөвлөлд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн ч хамгийн цөөн санал авч, дэмжигдээгүй байна.

Зүүн Европын хэсгээс ОХУ, Албани, Болгар улсууд хоёр суудлын төлөө өрсөлдөхөд Болгар улс 160, Албани улс 123, ОХУ 83 санал авчээ.

Өчигдөр нэр дэвшсэн нийт улсуудаас хамгийн цөөн саналыг ОХУ авсан юм.

Азийн бүс нутагт оногдсон дөрвөн суудлын төлөө Хятад, Япон, Кувейт, Индонез улсууд нэрээ дэвшүүлсэн тул санал хураалт өрсөлдөөнгүй болсон байна. Индонез улс 186, Кувейт улс 183, Япон улс 175 санал авсан бол Хятад улс хамгийн цөөн буюу 154 санал авчээ.

Нэгэнт Азийн бүсийн санал хураалт өрсөлдөөнгүй болсон тул нэр дэвшсэн дөрвөн улс бүгд хүний эрхийн зөвлөлд сонгогдсон юм.

Өчигдөр Африк болон Баруун Европын бүсийн суудлуудын санал хураалт бас өрсөлдөөнгүй болж, нэрээ дэвшүүлсэн улсууд нь бүгд сонгогдсон байна.

Тухайлбал Африк тивийн дөрвөн суудалд Малави 182, Кот Дивуар 181, Гана 179, Бурунди 168 саналаар сонгогджээ.

Баруун Европын хоёр суудалд Нидерланд, Франц улсууд тус бүр 169, 153 саналаар сонгогдсон байна.

Зүүн Европоос гадна санал хураалт өрсөлдөөнтэй болсон ганц хэсэг нь Латин Америк, Карибын бүс нутаг байлаа.

Энэ бүсийн гурван суудалд Куба, Бразил, Доминиканы Бүгд Найрамдах Улс сонгогдож, Перу хасагдсан байна.

Хүний эрхийг зөрчдөгөөрөө алдартай Куба улс өрсөлдсөн дөрвөн улсаас хамгийн олон буюу 146 санал авчээ.

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн захирал Луйз Шарбонно "Олон тооны дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн улс Хүний Эрхийн Зөвлөлд суух ёсгүй гэсэн хүчтэй сануулгыг НҮБ-ын гишүүн орнууд ОХУ-ын эрх баригчдад өглөө. Гэвч хоёр бүс нутгийн суудалд өрсөлдөөн гараагүйн улмаас Хятад, Бурунди улсууд ирэх оноос эхлэн Кубын хамт зөвлөлд суудалтай болж байна. Хүний эрхийн нөхцөл байдлыг нь харгалзан үзвэл эдгээр улсууд зөвлөлд тэнцэхгүй байсан юм” гэж мэдэгджээ.

Бас Азийн бүсийн суудлын төлөө өрсөлдөөн гарсан бол Хятад улс хасагдах байсныг тэр анхааруулсан байна.

Энэ удаа шинээр сонгогдсон 15 улс ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хүний Эрхийн Зөвлөлд ажиллаж эхлэх юм.

Өнгөрсөн оны санал хураалтад Венесуэл, Өмнөд Солонгос, Афганистан улсууд хасагдаж, Вьетнам, Судан улсууд сонгогдож байв.

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийг 2006 онд байгуулахдаа хүний эрхийн тааруу үзүүлэлттэй улсуудыг шийдвэр гаргахад оролцуулдаг өмнөх тогтолцоог халах зорилготой байв. Гэвч шинэ зөвлөл өмнөх алдаагаа засаж чадаагүй тул шүүмжлүүлсэн хэвээр байна.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.