Дэлхийд 200 доллар давчихсан нүүрсээ хорь гаруйхан ногооноор зарж суугаагийн цаад учир юунд байна аа?


 

Австралиас Хятадын зүүн хойд эрэгт хүргэж буй коксжих нүүрсний спот үнэ тонн нь 208 ам.долларт хүрчихлээ. Он гарснаас хойш 171 хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг.

Алга ташмаар, онцгойлж үзмээр галзуу өсөлт. Гэтэл манай төрийн өмчтэй "Эрдэнэс Таван толгой” дэлхийд ханш нь цойлсон өндөр чанарын нүүрсээ 27-хон ам.доллараар зарж, нүүрс экспортолдог үндэсний компаниуддаа "шавар хаасан” шигээ сууж байна. Тэд энэ янзаараа гөжүүдэлсээр байвал нүүрс экспортолдог хувийн компаниуд дампуурах эрсдэлд хэдийнэ орчихсон. "Эрдэнэс Таван толгой” нийт экспортын 80 хувийг дангаараа гүйцэтгэлээ гэсэн тоог их л бахархууштайгаар мэдээлдэг. Гэтэл "Энержи ресурс”, "Таван толгой” ХК-иуд сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсээ борлуулж чадахгүй, хүчин чадлынхаа аравхан хувийг ашиглаж, сул зогссон гэх тоо бий. "Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монголын нүүрсний салбарт бие биеэ барьж идэх өрсөлдөөн ширүүсч байна гэсэн агуулгатай үг хэлсэн нь цаанаа ийм учиртай. Нарийн сухайтын ордод ажилладаг хувийн компаниуд ч ялгаагүй, ийм зовлон хэлдэг. Таван толгойн зах зээлийн жамыг сөрсөн энэ тэнэглэлд дургүйцсэн, шүүмжилсэн үгсийг учир мэдэх улс хэлдэг л дээ. Харамсалтай нь тэднийг сонсох хүсэл энэ төрд алга. Ямартаа л "Эрдэнэс Таван толгой”-н захирлаар саяхан томилогдсон залуу "Удахгүй 30 ам.доллараар зарна, санаа зоволтгүй” гэсэн тэс хөндлөн тайлбар өгөөд суухав. Төрийн Таван толгойн шинэ захирал "Энэ оны сүүлийн улиралд нүүрсний үнээ гурван ам.доллараар нэмэгдүүлнэ, бид гэрээнийхээ үнэд ийм өөрчлөлт оруулж чадлаа” гэж их л бахдалтайгаар ярьсан харагдсан. Гэтэл Австралийн дөрөвдүгээр улиралд зарах нүүрсний үнэ өмнөх улирлаасаа дор хаяж 50 хувиар нэмэгдэж байна. Зах зээлийн жамаараа яваагийн давуу тал, бизнесийн зарчмаар гэрээ хийнэ гэдгийн ид хав нь энэ.

Хятадын Бугат болон зүүн хойд эргийн гангийн үйлдвэрүүд төвлөрсөн бүс нутаг болох Таншань Таван толгойн гол зах зээл. Таван толгойнх шиг хоёрдугаар зэргийн коксжих нүүрс тэнд 1000 юаниар үнэлэгдэж байна. Ногоон валютад шилжүүлбэл 150 ам.доллар. Бугатад манайх шиг чанарын нүүрс 145 ам.доллар болоод өсчихсөн. "Эрдэнэс Таван толгой” нүүрсээ дор хаяж 51-72 ам.доллар болгож нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоог эрдсийн шинжээч Л.Наранбаатар хийжээ. Тэрээр "Таньшаны суурь үнээс тээвэр болон татвар хураамж, ачиж буулгах зардлуудыг хасаад "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайн амны үнийг тооцоход 51 ам.доллар, Бугатын зах зээлд зарлагдаж буй суурь үнээс тооцоход 72 ам.доллар болгох боломжтой. Ингэж чадвал үнийн өсөлтөөс ашиг хүртэх, улмаар "Эрдэнэс Тавантолгой" төлж дуусдаггүй Чалкогийн өрөөс жилийн дотор гарах боломжтой” хэмээн ярьж байна.

Өөр нэг статистик сонирхуулъя. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гаалийн ерөнхий газар наймдугаар сарын экспорт, импортын мэдээллээ нийтэд ил болгосон. Наймдугаар сарын мэдээгээр урд хөршид хамгийн их нүүрс нийлүүлсэн улсаар Монгол тодорчихож. Түрүү жилтэй нь харьцуулахад 142 хувиар өссөн гэсэн аварга тоо харагдана лээ. Гэтэл нүүрсээ 208 ам.доллараар зарсан шигээ данайж суугаа Австралийн нүүрсний экспортын өсөлт 35.2-хон хувь. Нүүрсний зах зээлийн хүчтэй тоглогч Индонезийн экспорт гэхэд л 55.8 хувиар өсчээ. Манайхаас даруй гурав дахин бага өсөлт. Нүүрсээ ингэж ихээр зарж байгаа хэр нь "Эрдэнэс Таван толгой”-н орлого түрүү жилийнхээсээ ердөө дөрөвхөн хувийн өсөлттэй гарсан гэсэн инээдмийн статистик гарчихаж. Нүүрсний үнийн огцом өсөлтийн ашгаас монголчууд юу ч хүртэж чадаагүйг энэ тоо бэлхнээ хэлээд өгч байна.

Нүүрсний үнийн энэ өсөлт хагас жилдээ лав үргэлжилнэ гэсэн таамаг бий. Коксжих нүүрсний ханш ингэтлээ галзуурсан шалтгаан нь ч тодорхой. Урд хөрш нүүрсний уурхайнуудынхаа ажлын хоногийг 276 болгож бууруулсан, олон тооны хөгшин уурхайг аюулгүй байдал хангахгүй гэж хааснаас болж нүүрсний нийлүүлэлт хумигдаж үнэ нь өссөн юм. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын хойд бүс нутагт болсон үерийн гамшиг ч нүүрсний үнэд ташуур өгсөн. Үерээс болж нүүрсний тээвэр, ложистикийн дэд бүтцэд асуудал үүсч, засварлах ажил явагдаж байгаа. Коксжих нүүрс ирэх жилүүдэд ч хаданд гарна гэдгийг баталсан гэгээлэг мессэж цөөнгүй бий. Энэтхэг 2021 он гэхэд ган үйлдвэрлэлээрээ Хятадыг гүйцнэ гэдгээ зарлачихсан. ASEAN-ийн таван орон болох Индонез, Тайланд, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг орнуудын ДНБ нийлбэр дүнгээрээ 30 гаруй хувиар өсөж гурван триллион ам.долларт хүрнэ гэсэн тооцоо дуулддаг. 2020 он гэхэд энэ хавьцааны өсөлт үзүүлнэ гэх багцаа бий. Тэгэхээр ган болон коксжих нүүрсний хэрэглээ ирэх таван жилд тогтвортой нэмэгдэнэ гэсэн үг. Мэдээж болгоомжлох шалтгаан бас байгаа. Манай гол өрсөлдөгч Австрали, Индонез, ОХУ коксжих нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зардлаа бууруулах чиглэлд онцгой анхаарч байгаа. Тэд Хятад улстай гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөлөөр буюу татваргүйгээр нүүрс борлуулж, нийлүүлэлтийн хүчин чадлаа байнга нэмэгдүүлж буй. Тэгэхээр урд хөршийн нүүрсний зах зээл дээр ухаалаг тоглолт хийж чадахгүй, энэ янзаараа тэс хөндлөнтөөд байвал уучлаарай л болно гэсэн үг.

Төр уурхай ажиллуулахаараа өртөг их зардгийг Таван толгойгоос харж болно. "Эрдэнэс Таван толгой”-н гэрээт олборлогч "TTJVCo" нэг метр куб уулын ажлыг таван ам доллараар гүйцэтгэдэг. Гэтэл хажууханд нь ажилладаг "Энержи ресурс”-ын олборлолтын зардал 2.92, "Таван толгой” ХК-ийнх 2.9 ам.доллар. Олборлолтын зардлуудыг нэг тонн нүүрсэнд шилжүүлж бодохоор төрийн өмчийн "Эрдэнэс Таван толгой” нэг тонн нүүрсийг 26 ам.доллараар олборлодог. Гэтэл "Энержи ресурс” 12 ам.доллар, Таван толгой ХК 15 ам.долларыг нэг тонн нүүрс олборлоход зарцуулж байна.

"Эрдэнэс Таван толгой”-н Зүүн Цанхийн нүүрсийг зөвхөн "Чалко" компани л өрөндөө авна гэсэн хатуу заалттай гэрээг манай төрийн эрхмүүд хийчихээд хэрэгжүүлээд явж байгаа. "Чалко"-гийн өрийн үлдэгдэл нь 95 сая ам доллар. Энэ янзаараа нүүрсээ үнэгүй шахам урсгаад байвал бид Зүүн Цанхидаа 12-19 жил гар хүрэх эрхгүй гэсэн үг. Тэндээс "Чалко” л нүүрс авах дархан эрхтэй. Бас өндөр өртгөөр олборлолт явуулж байгаа "TTJVCo”-д нүүрс авах эрх бий. Тэр эрхийг нь "Чалко”-гоос өгсөн гэж байгаа. Олборлогч хятад компани олборлолтынхоо хөлсөнд хаана ч байхгүй хямд үнээр, тодруулж хэлбэл, 27-хон ам.доллараар Таван толгойн нүүрсийг авдаг юм. "TTJVCo” ингэж авсан нүүрсээ хилийн цаана байгаа Өмнөд Монголын үйлдвэрүүдэд баяжуулж, "Винсвэй” гэх бас нэгэн худалдааны зуучлагчаар дамжуулж нугалж зараад ашиг олдог. "Винсвэй” наймдугаар сард Монголоос худалдаж авсан түүхий нүүрсийг угаагаад цааш нь зарахдаа тонн тутмаас 199 юань буюу 30 ам.долларын цэвэр ашигтай ажилласан гэх статистик бий. "Эрдэнэс Таван толгой"-н нүүрсний үнийг зах зээлийн ханшаар биш "Чалко"-гийн өр төлөх индексээр тооцон тогтоож буй. Зах зээлийн хаана ч байхгүй тэр индексээс болж бид дэлхийд 200 ам.доллар давсан нүүрсээ яг нарийндаа гуравхан доллараар зарж суугаа.

Хятадуудад том ордоо атгуулчихсан суугаагийн гол буруутан нь урд хөрш биш л дээ. Бид өөрсдөө буруутай. Тодруулж хэлбэл, гэрээ хийсэн улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд гол буруутан нь. Бүр цаашлуулж яривал, өнөө маргаашийн халаасны мөнгөө бодож, бүхэл бүтэн улсаа хохироож суугаа ийм нөхдийг сонгосон миний, таны, бидний буруу. Товчхондоо буруутан нь бид өөрсдөө. Ашиг харж гэрээ хийсэн компанийн буруу гэж юу байхав. Ямар ч наймаачин хямдхан үнээр худалдаа хийхийг бодох учраас "Чалко”-гийн түмэн зөв. Сайн гэрээ хийсэн тал нь тэд. Харин хохирогч нь бид өөрсдөө. Том зургаар харвал таван төгрөгийн ашиг харж, түрийвчээ түнтийлгэснийхээ шанд ийм гэрээ хийсэн эрх мэдэлтнүүдээс эхлээд иймэрхүү нөхдөд итгэж төр бариулсан Дорж, Дулмаа бултаараа хохирогчид болчихоод байна. Тэгэхээр хэн нэгнийг хожуулж, өөрсдөө хохироод үлддэг иймэрхүү түүхийг дахиж бүтээхгүй амьдрах нэг л гарц байна. Ерөөсөө л нам гэж талцалгүйгээр сайн хүмүүсийг төрд гаргаж, зөв бодолтой, хариуцсан асуудлаа "ба, бэ”-гүй мэддэг, чадварлаг менежерүүдийг гол албан тушаалуудад шалгуур босго гаргаж байгаад тавьдаг болъё. АН, МАН гэж талцдаг, аль нэг нь ялахаар манай тал, дайсны тал гэж ирээд хөөрцөглөдөг хандлага дэмий гэдгийг харуулсан үйл явдлууд нүдэн дээр хөвөрч байна. Наад захын тодоос тод, томоос том жишээ нь "Эрдэнэс Таван толгой”-н үнэгүйдсэн нүүрс. "Чалко” компанитай гэрээ хийсэн, хийсэн гэрээндээ өөрчлөлт оруулсан он жилүүдийг бодоод үзэхээр АН, МАН хоёулаа л засаг барьж байсан. Хоёр намын аль аль нь дэлхийд ханш нь цойлсон өндөр чанарын нүүрсээ үнэгүйдэхэд хувь нэмэр, хүчин зүтгэлээ оруулсан гэсэн үг. Сайн хүнийг төрд ажиллуулъя гээд байгаа нь ийм учиртай. Сайн хүн гэдэг тодорхойлолтод багтах уг нь тийм ч хэцүү биш. Хуулиа л дагадаг хүнийг сайн хүн гээд байгаа юм. Ийм тогтолцоо руу хэрхэн шилжих, яаж ийм төртэй болох энэ тэр дээр судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлбэл дажгүй хувилбарууд сонсогдох байх. Цаашлуулж яривал сэдвээс халих учраас ингэсгээд зогсъё.

Таван толгойг нүүрсээ 208 ам.доллараар зарж байгаа Австралийн өрсөлдөгч болгоё гэвэл цаг алдалгүй хийх хэдэн ажил байна. Нарийн өргөн цариг, танктай цэргүүд энэ тэр гэсэн хэн ч итгэмгүй гэнэн муйхар тайлбар хийж мэдэн будилалгүйгээр нарийн царигийн төмөр замыг Гашуунсухайт руу татах хэрэгтэй. Тэгж байж бид нүүрсээ хямд зардлаар, их хэмжээгээр тээвэрлэдэг болно. Хямд зардлаар тээвэрлээд ирэхээр олох мөнгө тэр хэрээр ихэсч таарна. Цаг алдалгүй хийх ёстой өөр нэг ажил бол Гашуунсухайтыг олон улсын боомт болгох. Ингэж байж Өмнөд Монголд төлдөг элдэв татвар, хураамж, дарамт шахалтаас чөлөөлөгдөнө гэж эдийн засагч, шинжээчид хэлдэг. Энэ сарын эхээр болсон "Дисковер Монголиа”-гийн үеэр ч Гашуунсухайтыг олон улсын боомт болгох тухай яриа хөөрөө давтамжтай өрнөсөн. За тэгээд Таван толгойн гэрээ байна. Төрд ажилладаг эрхмүүдийн хөшигний ард хийсэн гэрээг хэлээгүй шүү. Төр гэрээ хийхээрээ 200 ам.доллар давсан нүүрсийг 20 гаруйхан ам.доллараар зарах ашиггүй нөхцөлд толгой дохидог, тэгснийхээ төлөө гэрээнд идэвхийлэн оролцсон цөөн хэдэн эрх мэдэлтэн л тухайн үедээ хожоод үлддэг гэдгийг нийт олноороо мэдэрцгээж суугаа. Таван толгойн гэрээ гэдэг нь М.Энхсайханы ахалж хэлэлцээ хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг хэлж байна л даа. Хөрөнгө оруулалтын тэр гэрээг үр ашигтай хэлбэрээр үргэлжлүүлэх цаг нь аль хэдийнэ болчихсон. Тэгж байж монгол нүүрс зах зээлийн жамаар өндөр ханштай зарагдана, цаашлаад яривал гуравдагч зах зээл буюу Япон, Солонгосын зах зээлд илүү өндөр үнээр хүрэх зам нээгдэнэ.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.