ХХААХҮЯ: Хүйтнийг өнгөрөөж байж ургац хураалт жигдэрнэ


ХХААХҮЯ: Хүйтнийг өнгөрөөж байж ургац хураалт жигдэрнэ

Жил бүрийн энэ үед ургац хураалт орон даяар эхэлдэг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 600 мянга орчим га талбайд тариалалт хийжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн төвийн бүсийн зарим аймагт ургац хураалт эхэлсэн байна.

Энэ талаар, ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар:

-Төвийн бүсийн зарим аймгуудад ургац хураалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Харин зүүн аймгуудад ургац хураалтын ажил хараахан эхлээгүй байгаа. Ойрын гурван өдөр нийт нутгаар хур тунадас орж хүйтрэх төлөвтэй байгааг ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Хүйтнийг өнгөрөөж байж ургац хураалт жигдэрнэ. Ургац хураалт эхлээд удаагүй байгаа учир аймгууд тоон мэдээгээ илгээгүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр нэгдсэн мэдээлэл гарна” гэв. Ургац хураалтад цаг агаар нөлөөлдөг.

Хур тунадас гайгүй байвал 20-30 хоногийн дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

Өнгөрсөн жилийн ургац хураалтын үеэр шатахуун, дизель түлш тасарч хомсдолд орсон. Улмаар ургац хураахад асуудал үүссэн. Тэгвэл энэ жилийн хувьд шатахуун, дизель түлшний нөөц хэвийн байгаа аж.

Улсын хэмжээнд 2024 онд, 600 мянга орчим га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал, үр тариа 348 мянган га, техникийн ургамал 128 мянган га-д, таримал тэжээл 75 мянган га-д, төмс 18 мянган га-д, хүнсний ногоо 16 мянган га талбайд тус тус тариалалт хийсэн байна.

Нийт тариалсан талбайн хэмжээ 2023 оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнийг төрлөөр авч үзвэл, үр тариа 9.5 мянган га, таримал тэжээл 5 мянган га, техникийн ургамал 2.4 мянган га-гаар буурсан байна. Харин хүнсний ногоо 3.2 мянган га, төмс 0.2 мянган га-гаар нэмэгджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.