БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас жил бүр 30-аас дээш жил болсон нууцын зэрэглэлтэй баримтуудыг олон нийтэд хүргэдэг байна. Тэгвэл энэ жил 30 жилийн өмнөх Монгол Улстай холбоотой баримтыг ил болгожээ.
1991 оны нэгдүгээр сард Монгол Улс БНСУ руу яаралтай захидал илгээж, “хүнсний тусламж” хүссэн байна. Тухайн үед хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 10 орчим сар болж байжээ. Тухайн үед Монгол Улс ардчилсан хувьсгалаар зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд орох гэж байсан үе юм. Улмаар Солонгос улс хүмүүнлэгийн болон улс төрийн шийдвэрийн үндсэн дээр Монголд 1000 тонн будаа олгохоор болсон байна.
Тодруулбал, 1991 оны 1-р сарын 23-ны өдөр тус улсад Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас "Сар шинийн 2-р сарын 15-наас өмнө яаралтай хүнсний тусламж хүсэх" хүсэлт иржээ.
Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас, "Монголчуудын хамгийн том баяр болох сар шинийн баяраас өмнө хэдэн мянган тонн ч гэсэн солонгос будаа өгч чадвал Солонгос хоорондын хамтын ажиллагааны олон төслүүдийг сурталчлахад тустай хэмээн тухайн үед Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Солонгос хэлээр Монгол дахь Элчин сайдын яаманд удаа дараа хүнсний тусламж үзүүлэхийг шаардсан гар бичмэл захидал илгээж байж.
Уг захидалд, Эрхэмсэг ноён, Эрхэм Элчин сайд аа. Манай шинэ Засгийн газар улс орны эдийн засгийг төвлөрсөн төлөвлөлтийн тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх талаар ул суурьтай, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлснийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Монгол Улс ЗХУ, Зүүн Европын орнуудтай олон жилийн турш эдийн засаг, худалдааны харилцаатай. Гэвч өнөөдөр манай гол түнш орнуудын нийгэм, эдийн засаг хүндхэн хямралтай нүүр тулсан нь манай улсын эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж, өдөр тутмын хэрэгцээний зах зээлийн тэнцвэрт байдлыг ихээхэн алдагдуулахад хүргэж байна.
Үүний үр дүнд оршин суугчдын эрэлт хэрэгцээ, өөрөөр хэлбэл хүнсний хомсдол үүсч, цаашдаа энэ нь улам даамжирвал эдийн засаг төдийгүй улс төрийн харьцангуй тогтвортой байдлыг сүйрүүлэхийг үгүйсгэх аргагүй юм.
Эрхэм Элчин сайд аа, манай улс байгаль, эдийн засаг, газарзүйн хувьд нэн таагүй орчинд байгааг та сайн мэдэж байгаа. Үүнийг харгалзан зах зээлийн эдийн засагт өндөр хүлээлт үүсгэсэн ард түмний маань хүсэл, сэтгэлийг харгалзан үзнэ гэж найдаж байна. Элчин сайд аа, цагаан сарын өмнө аль болох хүнсний тусламж үзүүлээрэй. Бидний саналыг дээд зэргээр хүмүүнлэгээр хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байжээ.
Улмаар БНСУ-ын Христийн шашны зөвлөлийн дэргэдэх “Будаа хуваах хөдөлгөөний штаб”-тай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар 300 тонн хүртэл будаа олгох шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газар дотроо “Ази тивээс бидэнтэй дипломат харилцаа тогтоосон анхны социалист орон” гэж бодоход дор хаяж 1000 тонн будаа үнэгүй тусламж болгон өгөх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байв. Үүний дагуу Засгийн газар НҮБ-ын ХХААБ-ын журмыг зөрчихгүйгээр АНУ болон бусад байгууллагаас зөвшөөрөл авах ёстойг харгалзан үзээд Засгийн газрын түвшинд 745 тонн, хувийн хэвшлийнх 255 тонн нийт 1000 тонн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Гэхдээ Монгол Улс тээврийн бүх зардлыг даахаар болсон гэх баримтыг ил болгосон байна.
https://isee.mn/n/73534
Сэтгэгдэл