Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг. Энэ уламжлалын дагуу МЗХ-оос эрүүл, эко орчинд тав тухтай амьдрах нөхцөл боломжийг залуус өөрсдөө бүрдүүлэхийг оюутан, залуустаа уриалан, хамт мод тарьсаар ирсэн юм. Тэгвэл энэ удаад Бүх нийтийн мод тарих өдрөөр /2016. 10. 08/ залуучууд нэгдэн БЗД-ийн 27-р хороо Дарь-Эхэд шинээр сүндэрлэж буй 132-р бага сургууль, 212-р цэцэрлэгийн багачууд, дүү нартаа зориулан тус "Залуус" төгөлийг байгууллаа.Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын орлогч дарга н.Эрдэнэбилэг, МЗХ-ны удирдлагууд, МЗХ-ны дэргэдэх УБ хот дахь 21 аймгийн залуучуудын холбооны залуучууд, "Комфорт Импекс” ХХК-ий төлөөлөл, 132-р сургуулийн багш, ажилчид, Хөдөлмөрч Залуус клубын гишүүд оролцож 60 гаруй мод тарьлаа. Залуучууд уг төгөлийг байгуулж, мод тариад орхих биш услах, арчлах, нэмж тарих ажлыг жил бүр зохион байгуулна болно гэдгээ энэ үеэр онцолж байлаа. Ийнхүү залуучуудын нэрэмжит төгөлийг байгуулж, мод тарих үйлсэд залуучуудаа уриалаад зогсохгүй, ирээдүй болсон хүүхэд багачууддаа ногоон орчин, ногоон ирээдүйг бэлэглэсэн залууст олон хүн талархалтай байна.
Сэтгэгдэл