-Сайн байна уу та? Өөрийгөө товчхон танилцуулаач.
- За би маркетинг, менежмент буюу нарийндаа бол зах зээл судлаач, зохицуулалт хийх ухаанд суралцсан. Сүүлийн гурван жил Даланзадгад сумандаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ”Говийн ноён нуруу” ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажилласан. Аавыг минь Цэнгэлжаргал гэдэг. Номгон сумын уугуул, Ээж Цэцэгдэлгэр маань Баяндалай сумын мөн уугуул хүн байна.
-Та Даланзадгад сумын ИТХ-ын сонгуульд 6-р багт МАН-аас нэр дэвшиж байгаа. Сурталчилгааны ажил нь амжилттай юу?
- Санасныг бодоход их амжилттай явагдаж байна гэж харж байгаа. Миний хувьд сонгуулийн сурталчилгааг иргэдтэйгээ нэг бүрчлэн танилцах, өөрийгөө болон багаа, бодлого хөтөлбөрөө ойлгуулах танин мэдэхүйн ажил гэж томьёолж байгаа. Тэгэхээр иргэдэд бодлогоо таниулах, хүнээ танилцуулах ажил их ахицтай явж байна. Бид 6-р багт тавуулаа нэр дэвшиж байгаагийн хувьд маш сайн багаар ажиллаж, ойлголцож байгаа. Баг гэдэг ойлголт маш чухал. Багаар нь дэмжих, багаар нь итгэл хүлээлгэх юм бол бидэнд УИХ, аймгийн удирдлагуудын дэмжлэг байгаа энэ цаг үед иргэдийн хүчтэй дуу хоолой болж ажиллах боломж байна гэж харж байгаа.
-Та "Миний шүтээн” гэж Өмнөговийн ээжүүдийн тухай сайхан ном бүтээж байсныг санаж байна. Номын хүн намын хүн болох шалтгаан юунд байв?
-Ном бүтээх их сайхан ажил шүү. Ялангуяа ээжийн тухай ном бүтээх нь их ачтай буянтай, олон хүний талархлыг хүлээсэн ажил байдаг. ”Миний шүтээн” ном бол ганцхан миний бүтээсэн ном биш л дээ. Номонд орсон ээжүүдийн бүх үр ачийнх нь хамтын бүтээл байгаа юм. Харин номын хүн намын хүн болсон маань их учиртай. Миний бодлоор ном бүтээх нь бусдын оюун санаанд үр тарихтай адил гэж үздэг. Харин нам, улс төрийн ажил бол амьдарч байгаа нутаг усандаа сайн сайхан үйл хэргийн үрийг тарих, үргэлжлүүлж услан ургуулах, ургасан хойно нь арчилж тордох ажил гэж ойлгодог. Энэ утгаараа ч номын хүн, намын хүн хоёр адилхан чанартай. Тэгэхээр гучин нас хүрч яваа миний хувьд яг энэ ойлголтоо хэрэгжүүлж эхлэх босгон дээр ирснээ ухамсарлан улс төрийн сонголт хийж шат шатны сонгуульд ажиллаад энэ удаагийн сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.
-Сумын ИТХ-д Монгол ардын нам, Та болон танай баг ялалт байгуулвал хэрхэн ажиллах вэ?
-Сонгууль гэдэг бол хэн нэгэн хүнийг сонгох тухай асуудал биш. Харин ирэх дөрвөн жилийнхээ иргэдийн амьдрал, баг, сумын хөгжлийн бодлогыг сонгох, бодлогоо хэрэгжүүлж чадах боловсон хүчиндээ итгэл хүлээлгэх шийдвэр юм. Өнгөрсөн найман жилээс суралцах зүйл бидэнд маш их байлаа. Өмнөговь аймагт тэр тусмаа Даланзадгад суманд ихээхэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдсэн жилүүд байсан. Ирэх дөрвөн жилд хүндээ чиглэсэн, айл өрх, нийгмийн бүх л гарлын хүмүүстээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна. Бидний өмнө байгаа хамгийн том асуудал нь ажилгүйдэл, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын салбарын уналт гурвыг онцолмоор байна. Энэ чиглэлд онцгой анхаарч, авч хэрэгжүүлэх ажлууд Даланзадгад сумын Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.
-Жишээ нь ямар ажлууд хийж эдгээр асуудлыг шийдэх боломжтой вэ?
-Нэг мэдээлэл хэлэхэд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймагт шинээр 5000-с доошгүй ажлын байр бий болгоно гэх заалт суусан байна. Даланзадгад сум бол аймгийн төв, хүн ам төвлөрч байгаагийн хувьд энэ ажил нь их чухал ач холбогдолтой байна байх. Эрүүл мэндийн салбарт яг Даланзадгадад авч хэрэгжүүлэх нэг ажил бол иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн үзлэгийн дугаарлалтыг энгийн хялбар болгох, шинжилгээний хариу зэргийг цахимжуулах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэрэг ажил байна. Боловсролын салбарт ”Зөгийн үүр 100” гэж хөтөлбөр хэрэгжинэ. Энэ нь аймагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүний мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадныних дээд сургуулиудад сурах нөхцөл бололцоог хангах ажил байх жишээтэй. Мөн өмнө нь хэрэгжиж байсан авууштай, үр өгөөжөө өгдөг бодлогын ажлуудыг үргэлжлүүлж ажиллах нь зөв.
-Бодлогоо хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь юу вэ?
-Юуны түрүүнд багийн ажиллагаа хамгийн чухал болов уу. Аймгийн бодлого, сумын бодлого хэрэгжүүлэгчид хамтран ажиллаж, хамгийн сайн ойлголцдог байх ёстой. Өмнөговь аймагт Монгол ардын нам бодлогоо хэрэгжүүлэхээр сонгогдоод байгаагийн хувьд дөрвөн жилийн хөгжлийг дардан байлгахын тулд бүх шатандаа Монгол ардын намд итгэл хүлээлгэх нь юу юунаас илүү чухал юм. Харин ажиллах арга барилын хувьд шинэлэг сэтгэлгээ, хурдтай ажиллагаа, шийдэмгий байдал ч бас чухал.
-Хувь хүнийхээ үзэл бодол, ажиллах арга барилаа нээлттэй ярилцсан танд баярлалаа.
-Танд ч бас баярлалаа. Уншигч та бүхэндээ хандаж хэлэхэд Даланзадгад сумынхаа хөгжил, ирэх дөрвөн жилийн сонголтоо тууштай, зөв сонголт хийхийг хүсье.
Сэтгэгдэл