Н.Баяртсайхан: 100 m2 битгий хэл 80м 2 аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна


Мэргэжлийн Засгийн газар ипотекийн зээлийг зогсоогоод нэлээд хугацаа өнгөрч байгаа. Учир нь Монголбанкнаас тус зээлийн зарцуулалтад шалгалт хийж байгаа тул зээлийг зогсоогоод байгаа гэж тайлбарлаж байсан билээ. Тэгвэл найман хувийн зээл олгох санхүүжилт байхгүй учраас энэхүү зээлийг зогсоогоод байгаа гэдгийг өчигдөр албаныхан нуусангүй. Энэ талаар Монголбанкны еренхийлөгч Н.Баяртсайханаас зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

Н.Баяртсайхан: 100 m2 битгий хэл 80м 2 аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна

 


-Валютын ханшийг хэн тогтоож байна вэ. Өнөөдөр нэг ам.доллар 2335 төгрөгтэй тэнцлээ?

-Валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох ёстой. Төв банкны тухай хуульд макро эдийн засаг дээр үндэслэсэн уян хатан ханшийн тогтолцоог баримтална гэж заасан. 2017 оны үндсэн чиглэл дээр валютын захын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх заалт оруулсан. Өнөөдрийн байдлаар Монголбанк дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн "Оюутолгой”, "Эрдэнэт” үйлдвэр гэх мэт том экспортлогчид валют орж ирэх бүрт цөөн банкуудын хүрээнд зохион байгуулдаг. Энэ нь банкуудын захын үр ашигтай байдлыг хангахад сөрөг үр дагавартай байдаг учраас ирэх жилээс валютын захын оролцогчдын тоог нэмэгдүүлье, валютын захаа хөгжүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ер нь валютын ханшийн тогтворжуулалтыг ганц Мөнгөний бодлогоор шийддэг юм биш, экспортоо нэмэгдүүлэх, төсвийн сахилга батаа сайжруулах. гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах гэх мэт олон арга хэмжээ авах шаардлага байна.

-Тэгвэл ипотекийн зээлийн эх үүсвэр дууссан гэсэн мэдээлэл гараад байгаа. Ипотектийн зээлийг хэзээнээс хэвийн олгож эхлэх вэ?

-Ипотекийн хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа хүсч байгаа. Шинжээчдийн тусламжтайгаар зах зээлийн горимд нь шилжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.  Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлыг хийж байна. Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3.8 их наядын эх үүсвэр байна. Түүнээс буцаж орж ирж байгаа нь сард 25 тэрбум. Түүгээрээ ипотекийн ззэлийг үргэлжлүүлээд явж байх бодлого барьж байгаа 3.5 их наяд төгрөгийн ипотекийн хөтөлбөрийг бид 1.7 тэрбум ам.доллар болно гэж үзээд гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ. Өнөөдөр хувьд бид 100 m2 талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах нь битгий хэл 80м 2 аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна. Ер нь бол ипотекийн зээлийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 1-нд дууссан шүү дээ.

-Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хугацаа дууссан болохоор хууль эрх зүйн үндэслэл байхгүй болсон гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. 2016 оны есдүгээр сарын 12-нд УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор ипотекийн найман хувийн хүүтэй зээлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн чиглэлийг нь гаргаж өгөөгүй. Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас аваад Монголбанкинд шилжүүлсүгэй гэсэн тогтоол л гарсан. Гэтэл Ирээдүйн тэтгэврийн нөөц санд хөрөнгө, мөнгөний эх үүсвэр байхгүй. Цаашид ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээс, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Мөн өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн Барилгын салбарын үнийг тогтворжуулах гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж ирсэн байна.

Гэтэл хөтөлбөрийн хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан болохоор одоо бидэнд бариад ажиллах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Ийм л тодорхойгүй нөхцөл байдалтай байна.

24tsag.mn

http://www.24tsag.mn/content/141330.shtml


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.