-Энэ хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгож, гэм буруугаа нас барсан хүнд тохоод, зүгээр өнгөрөх гэж байгаа юм биш биз...
Бусдын гарт онц хэрцгийгээр 18 жилийн өмнө амиа алдсан С.Зориг агсны үхэлтэй холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар одоо л нэг уг хэргийн эзэн холбогдогчид нь тогтоогдож, шүүхийн байгууллагаар шийдэгдэхээр болжээ.
Хамгийн хачирхалтай нь С.Зориг агсныг хөнөөсөн этгээд яг хэн юм гэдэг нь эргэлзээтэй.
Ийн хэлэхийн учир нь уг хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булганаас гадна Улсын баатар Э.Бат-Үүл, Орхон аймгийн харьяат Т.Чимгээ, Ганхуяг, Б.Содномдаржаа нарыг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Ямартай ч одоогийн байдлаар дээр нэр дурдагдсан гурван иргэн талийгаачийн үхэлд хамгийн ихээр холбоотой төдийгүй Ш.Отгонбилэг агсантай ойр шадарлаж байсан гэдгийг хуулийнхан шалгаж тогтоосон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна.
Түүнчлэн өчигдөр прокурорын газраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа яваа талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар УЕП-ын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан шалгаж байгаа.
Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэсэн юм. Тэгэхээр энэхүү хэргийн мөрдөн байцаалт үндсэндээ дуусч гэмт хэрэгтэн хэн болохыг шүүх тогтоох үлдлээ гэсэн үг.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Зориг агсны хэрэгт яагаад Орхон аймгийн гурван иргэн шалгагдах болов. Тэднийг ямар нотлох баримтын үндсэн дээр сэжиглэж буй юм бол хэмээн олон нийт хийгээд сэжигтнүүдийн ар гэрийнхэн гайхаж буй юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол талийгаач Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа "надад та бүхний туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн дараах ноцтой гэмээр мэдээллийг тавьсан юм.
Тэрбээр "Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин, тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улстөрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн.
Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” хэмээн тун ноцтой мэдээллийг хүргэж үүнийгээ олон хүнийг цааш нь дамжуулахыг хүсч байсан юм.
Гэтэл түүний энэхүү мэдээлэл цахим ертөнцөд гарахаас өмнө буюу 2015 оны наймдугаар сард Б.Содномдаржааг баривчилсны дараа тун удалгүй Ганхуяг, Т.Чимгээ нарыг шалгаж эхэлснээр энэ хэргийн зохиол нь аль хэдийн бичигдээд эхэлчихсэн байжээ гэсэн дүр зураг харагдаж буй юм.
Түүнчлэн тус хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж Г.Жавзмаа хүүг нь "улстөрийн аймшигтай гэмт хэрэгт хилсээр гүтгэж буруутгаж байна” хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн О.Содбилэг, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Дамба-Очир, Ж.Батзандан, Я.Санжмятав, С.Эрдэнэ нарт хандаж энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсч өргөдөл гаргажээ.
Өргөдөлд хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт давхар гүтгэж байгаа талаар дурдаад шүүхийн шатанд өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хоёр сэжигтний нэгнийх нь ээж Жавзмаа гуайн хэлснээр бол түүний хүү ямар ч гэм буруугүй, урьд нь ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож байгаагүй нэгэн аж.
Түүний хувьд хүүгээ хэлмэгдчихлээ хэмээн үзэж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтнуудад гараа сарвайтал бичиг хүргүүлж байна, үхчихдэггүй л юм бол хөлөө хүрэх газар хүртэл явна гэдгээ мэдэгдээд буй юм. Ямартай ч, хуулийнхны хэлж буйгаар энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүх рүү шилжихээр болсон ч гэлээ энэ хэргийн цаад эзэд буюу захиалагчид нь талийгаач Ш.Отгонбилэгийг захиалагч болгож, гэм буруугаа нас барсан хүнд тохоод зүгээр өнгөрөх гэж байгаа юм биш биз гэх хардлага төрж буйг нуух юун.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл