Гэмт хэргийн хохирогч гэдгээ бусдаар зарлуулж, нийгэмд адлуулж яваа бүсгүйг Монголын шүүх нэмж битгий шийтгээсэй!


Гэмт хэргийн хохирогч гэдгээ бусдаар зарлуулж, нийгэмд адлуулж яваа бүсгүйг Монголын шүүх нэмж битгий шийтгээсэй!

Бидний хэнбугай нь ч гэмт хэргийн хохирогч болохыг үгүйсгэхийн аргагүй тийм хатуу нийгэмд та бид амьдарч байгаа нь гашуун үнэн юм. Гэхдээ "би гэмт хэргийн хохирогч болсон хүн байна” гэж олны өмнө гарч, хүмүүсийн ажиж сонжсон харц хийгээд хандлага дор чичлүүлж амьдрахаас зүрхшээнэ. Тэрдундаа бусдад хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүдийн тухайд энэ ойлголт илүү хамаатай байж болох юм. Судалгаанаас харж байхад хүчин, хүчирхийллийн хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүд хамгаалалт байхгүй учраас айдаг, нийгмийн хүлээж авах сэтгэл зүй бэлэн биш, ихэвчлэн хохирогчийг л буруутгадаг учраас ил гарч ирэхийг хүсдэггүй нь харагддаг. За мөн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүдийн хэлж ярьж байгаагаас ойлгож болно. Гол нь жирийн гэмт хэргүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд илүү эмзэг, тэгш бус нөхцөлд байдаг учраас тэр болгон шүүх цагдаагаар туйлбартай явж хэргээ эцэст хүртэл шийдүүлж чаддаггүй нь, нөгөө талд гэмт хэрэг үйлдэгчдийг улам өөгшүүлж ирсэн нь харамсалтай юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчин, хүчирхийллийн хэрэгтэй холбоотой аливаа мэдээллийг нийтлэх, нэвтрүүлэхдээ хохирогчийн хохирсон эрх ашгийг улам дэвсэлсэн хийгээд хүний үндсэн язгуур эрхэнд нь халдсан байр байдлаар мэдээлэх нь ёсзүйн хувьд нийцэхгүй явдал юм л даа. Харамсалтай нь, бодит байдал дээр хохирогчийг буруутгасан, чичлэсэн өнцгөөс хардаг, бичдэг байдал бий гэдгийг бодит баримт дээр тулгуурлан өгүүлж болох юм.

Хохирогчийг нэмж шийтгэх нь хэнд ашигтай вэ?

Уншигч та "Мон-Эрдэнэ” ХХК-ийн захирал, уяач П.Энхмөнх болон загвар өмсөгч Г.Дэлгэрмаа нартай холбоотой мэдээллийг хэвлэлүүдээр ямар нэг байдлаар авч ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь бол хохирогч Г.Дэлгэрмаа өөрийгөө гэмт хэргийн хохирогч болсныг нийгэм даяар зарлахыг, олны өмнө мэдэгдэхийг хүсээгүй байдаг. Өөрөө ч тэр талаараа хэлсэн байдаг. Гэвчиг түүнийг хүчингийн хэргийн хохирогч, тэрдундаа өөрөөсөө болж хохирсон гэсэн агуулгатай мэдээллийг нэр бүхий этгээдүүд хэвлэлээр дамжуулан цацаж, олонд дуулгасан байдаг. Эхэнд хэлсэнчлэн ямар ч эмэгтэй хүний хувьд ил гаргаж хэлэхээс эрхгүй зүрхшээмээр уг асуудлыг нь олонд зарлана гэдэг, гэмт хэргийн хохирогч гэдгийг нь улс даяар зарлана гэдэг бол дэндүү хүнлэг бус хийгээд гэмт хэргийн үйлдэл юм аа. Тиймээс уг асуудлыг хөндөхгүй орхиж боломгүй тул бид ийн өгүүлж байгаа юм.

Г.Дэлгэрмаа бүсгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Асуудал байгаа нь үнэн, гэмт этгээд нь эхэлж олон нийтэд ил болгож, намайг захиалгатайгаар гутаан доромжилж, гүтгэсэн байдал байсан учраас би аргагүйн эрхэнд нэр төрөө хамгаалахаар дугарч эхэлсэн... Би бодохдоо, хүчиндүүлсэн эмэгтэй буруутай байжээ гэсэн утгатай удаа дараагийн ийм гүтгэлэгийг хэвлэл мэдээллээр тарааж түгээх нь гэмт этгээдийн талд л ашигтай байхаар тооцсон зохион байгуулалттай хэрэг угаах ажиллагааны нэг хэсэг нь байсан юм болов уу л гэж харж байна. Хэрэг мушгих, бодит үнэнээс нь хазайлгах, хохирогчийн нэр төрд байж боломгүйгээр халдах, нэр, зураг хөргийг дэлгэн чичлэх, гүтгэх, энэ бүх олон нийтэд дэлгэсэн худал мэдээллийн ард ямар ч хууль бус юм хийх гэж байсан байж болно... "Та өөрөө эмэгтэй хүн байна, та хүчиндүүлсэн бол яах байсан бэ?” Би энэ асуултыг олон хүнээс асууж үзсэн. Арван эмэгтэйн ес нь нуух л байхдаа гэсэн. Эмэгтэй хүн чинь байгалиасаа ичимтгий. Тэгээд бүүр ийм асуудлыг зарлаад байх нь ичгэвтэр шүү дээ. Тиймээс би ч гэсэн хүмүүс намайг хүнд хүчиндүүлснийг мэдээсэй гэж хүсээгүй. Үгүй байсан ч болоосой гэж хүсэвч энэ бол үнэн. Хэдий цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байсан ч би чаддаг бол өөрөөсөө ч нуумаар үе зөндөө байсан. Хуулийн байгууллага намайг энэ хүчингийн хэргийн хохирогч мөн болохыг тогтоосон. Бусдыг ярих нь надад хүнд байна. Хэрэг 2013 оны аравдугаар сард болсон.” хэмээн 2014 оны 6-р сард ярьсан байдаг.

Тэгэхээр хохирогч бүсгүйн өөрөөсөө ч нуумаар гашуун хэрэг явдлын талаарх мэдээллийг түүний урдуур орж нийгэм даяар зарлах хэнд ашигтай байв аа? гэдэг асуулт яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэмт хэргийн үйлдэл хэрхэн яаж болсон талаарх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэлээр гарч байсан тул энд энэ удаа нуршаад яахав. Харин хэргийг шалгаж, шийдвэрлэх явц хуулийн байгууллагуудын түвшинд ямар байдалтай явж ирсэнд анхаарал хандуулъя.

Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүдээс үзэхэд, ямар ч байсан уг хэрэг гурван жилийн хугацаанд 4 мөрдөн байцаагч, бүх шатны арваад прокурор дамжиж өнөөдрийг хүрчээ. Эдгээрээс зөвхөн анхан шатны прокурорын түвшинд 2 удаа хуульд нийцэхгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байсан аж. Өөрөөр хэлбэл уг хэргийг хүлээн авч хянасан хуулийн байгууллагын ихэнх албан хаагч энэ хэргийг нотлогдсон гэж үзсэн бөгөөд албан ёсоор гэмт хэрэг үүссэнийг батлан хавтаст хэрэг үүсгэгч субъект буюу прокурор нь өөрөө буцаад хэрэгсэхгүй болгосон байгаа нь авилгалд өртсөн байхыг үгүйсгэхийн аргагүй сэжигтэй явдал юм. Тухайн үед хэрэг болсон даруй хохирогч нь харьяа дүүргийнхээ буюу СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст хандсан бөгөөд цагдаагийн албан хаагчид нь хавтаст хэрэг үүсгэсэн прокурорынхоо хяналтан дор холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэргийн явцад хийгддэг шүүх шинжилгээ, эд мөрийн баримтын шинжилгээ, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг маш олон мөрдлөгийг явуулсаны эцэст нотлогдсон гэж дүгнэн ЭХ 126.1 зүйл ангиар яллагдагч П.Энхмөнхөд ял төлөвлөн прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэвч тухайн үед хэргийг хариуцаж ажилласан СБД-ийн хяналтын прокурор П.Мөнхцэцэг тус хэргийг цагдаагийн мөрдөн байцаагчийн яллах тогтоолыг үл харгалзан тодорхой үндэслэлгүйгээр гурван удаагийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байжээ. П.Мөнхцэцэг прокурор тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ энэ нь өөрөө үндэслэлгүй байсан бөгөөд тус прокурор нь хохирогчтой уулзахдаа удирдлага нь нөлөөлөөд байна гэдгээ ч илэрхийлж байсан байдаг. Түүнчлэн Г.Дэлгэрмаа дээд шатны прокурорт өргөдөл гаргасныг Улсын прокурорын газраас хянаад 2014 оны 12-р сарын 1-ний өдөр тус хэргийг дахин сэргээж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Харин энэ шийдвэр гарахын өмнөх өдөр нь П.Энхмөнх Монгол улсын хилээр гарч оргон зайлсан байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс эрэн сурвалжилж П.Энхмөнхийг АНУ-д байсныг тогтоосон бөгөөд эх орондоо ирж хэргээ шийдүүл, эсвэл Олон улсын байгууллага интерполд мэдүүлж албадан ирүүлнэ гэсэн шаардлагын дагуу түүнийг 2016 оны 1-р сард Монгол улсын хил нэвтрэхэд нь саатуулан хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин эхэлсэн ч, хэрэг дахиад хэрэгсэхгүй болсон байдаг. Энэ удаад хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор нь н.Мөнх-Эрдэнэ гэх прокурор байсан бөгөөд тэрээр прокурорын албанд ороод удаагүй байсан төдийгүй хохирогчтой нэг ч удаа уулзаагүй бөгөөд зөвхөн яллагдагчийн хэлснийг итгэл үнэмшлээ болгон өмнө нь хавтаст хэрэгт огт байгаагүй нөхцлийг нэмж бичин буруу дүгнэн ажлын хариуцлага алдсан байсныг дээд шатны прокурор нь илрүүлж байжээ. Тэгэхээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тохиолдол бүр нь хуульд үл нийцэх шударга бус ажиллагаа байсныг эндээс харж болох аж.

Ийнхүү 2016 оны 06-р сарын 02-ны өдөр Улсын ерөнхий прокурорын зүгээс тус хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэн дахин сэргээн нэмэлт мөрдөн байцаалтанд шилжүүлсэн байдаг юм. Тэрчлэн 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хурал нь товлогдсон байсан ч, улс даяар амрах шийдвэрийг засгаас гаргасан учраас уг хурал 29-ны өдөр болохоор хойшлогдсон байна. Тэгэхээр хэргийн явц нэг иймэрхүү байдалтай байгаа бөгөөд хохирогчийн тухайд Монгол Улсын хуулийн байгууллагад шударга албан хаагчид нь олон байгаасай, үнэн мөнийг эцэслэн тогтоох байх гэсэн итгэлээ алдаагүй байгаагаа мөн хэвлэлд ярьсан байна билээ.

За харин түүнийг гэмт хэргийн хохирогч гэж нийгэм даяар зарласан хүмүүсийн тухайд хуулийн хариуцлага хүлээх үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Баримтуудыг харж байхад анх иргэн Д.Индра энэ хэргийн талаар 2014 оны нэгдүгээр сарын 16 болон хоёрдугаар сарын 14-ний өдөр нэр бүхий сайтуудаар дамжуулан Г.Дэлгэрмаагийн талаар олон нийтэд мэдээлсэн гэдгийг тэрбээр өөрөө хэлсэн байдаг. Сайтуудаар мэдээлснийхээ дараа "Соронз” сэтгүүлийн хоёрдугаар сарын 18-ний дугаар 93 дээр Г.Дэлгэрмаагийнталаар нэр, зураг гээд бүх мэдээллийг ашиглан гүтгэлэгийн шинжтэй нийтлэл бичсэн байдаг аж. Ингэж зарласны дараа хүмүүс түүн рүү чичлэн, буруутгаж эхэлсэн байна. Уг нь Г.ДэлгэрмааД.Индра хоёр нэг ангид хамт сурч байсан найзууд гэдгийг олон хүн гэрчилдэг. Гэхдээ Г.Дэлгэрмаа Д.Индрадэнэ хэргийн талаар огт хэлж байгаагүй ба хэрэг явдлын талаар маш цөөхөн ойр дотныхоо хоёр гуравхан хүнд л хэлсэн байснаа Г.Дэлгэрмаа өөрөө батладаг юм билээ. Харамсалтай нь Энхмөнх, Индра нарын нийтэд өгсөн мэдээллийн уршигаар Г.Дэлгэрмаа хохирогч гэдгээрээ нийгэмд танигдаж, гол нь өөрөө буруутан юм шиг олноор чичлүүлж, сэтгэлзүйн хувьд асар хүнд шийтгэлийг мэдэрч байгаадаа гомдолтой яваа болов уу.

Өнгөрсөн хугацаанд уг хэрэгт шалгагдаж байгаа талаас гарч байгаа болов уу гэмээр аястай, бодлоготой худал мэдээллүүд хэвлэлээр нэлээд гарч байжээ. Тухайлбал, "Хохирогч гэх эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэжээ”, "Г.Дэлгэрмаагийн Энхмөнхийг өөрөө өдөж байсан баримт дэлгэгдлээ”, "Дэлгэрмаа уучлалт гуйжээ”, "Энхмөнхөөс их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ” гэсэн гарчигуудаас нь харахад хэний эрх ашиг энд давамгайлаад байна вэ гэдгийг нэг их холоос хайх хэрэггүй байгаа юм. Хамгийн гол нь уг мэдээллүүд ор тас худал байсан ба хохирогчийн хувьд нэг ч удаа аливаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй бөгөөд П.Энхмөнхөөс өдийг хүртэл нэг ч төгрөгний хохирол нэхэмжилж байгаагүй болохыг хуулийн байгууллага нотолж байна. Ер нь бол хохирогч эмэгтэйг эргээд энэ мэт мэдээллүүдээр дарамтлаж ирсний цаад санаа нь уг эмэгтэйн нэр сүрийг нийгэмд шалдаа буутал нь унагаж, мөнгө хөөж хүн гүтгэсэн болгож харагдуулах улмаар түүний сэтгэлзүйгээр тоглох, хууль хяналтын байгууллага нөлөөнд автан худал шийдвэр гаргалаа гэхэд эмэгтэй нь буруутай байж гэсэн ойлголтыг өгөхөөр нийгмийн сэтгэлзүйг урьтаж бэлдэх гэсэн сэдэл агуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр нэгэн цагт Г.Дэлгэрмаатай найз нөхөд явсан Д.Индрагийн хувьд манайхны сайн мэдэх дорнын их яруу найрагч О.Дашбалбар агсны охин. Тэрбээр найзалж явсан нөхрөөсөө урван, адилхан эмэгтэй хүн байж тийм ноцтой гэмт хэргийн асуудлыг олон нийтэд дэлгэсэн нь хүн ёсны хувьд байж боломгүй хүнлэг бус үйлдэл гэдгийг хэлэх хүмүүс олон байдаг юм билээ.

Г.Дэлгэрмаа хэвлэлд ярихдаа "Индрагийн хувьд Энхмөнхийн үйлдсэн хэргийн хохирогч нь намайг гэдгийг яг хэнээс, яаж мэдсэнийг нь мэдэхгүй, 2-р сарын 14-нд Энхмөнхийн эхнэр Урангоо гэдэг эмэгтэйтэй нийлээд Энхмөнхийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй нь Дэлгэрмаа юмаа гээд намайг зарлачихсан. Гэмт хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаад явж байгаа үед хэргийн мэдээ баримт, хохирогчийг дэлгэх нь эрүүгийн хариуцлага хүлээх хуультай. Би Индраг Энхмөнхөөс мөнгө авч энэ бүхнийг хийсэн байх гэж боддог. Учир нь би Индраг сайн мэдэхийн хувьд мөнгө, эрх мэдлийн төлөө юуч хийхээс буцахгүйг нь мэднэ” хэмээн ярьсан байдаг. За мөн уг хэрэгт шалгагдаж байгаа П.Энхмөнхийн эхнэр Г.Урангоо "Тэр хүүхэн өөр хичнээн хүнд нөхөр чинь намайг хүчиндсэн гэж худал хэлж, гэр бүл салгаж, мөнгө нэхсэнийг таашгүй. Нөхрийн минь нэр хүндийг цаашлаад манай гэр бүлийн нэр хүндийг үнэхээр аймшигтайгаар доромжилсон. Удахгүй өөрт нь мэдрүүлнэ" гэсэн заналхийллийн шинж зүйл сошиал сайтад бичсэнийг нь нэр бүхий сайтууд мөн нийтлэсэн байдаг. Хохирогч бүсгүй Г.Дэлгэрмааг өдий хүртэл П.Энхмөнхөөс нэг ч төгрөг нэхэмжлээгүйг хуулийн байгууллага нотолсоор атал хэрэгт холбогдсон нөхрийнхөө хохироосон бүсгүйг мөнгөтэй холбон гүтгэн ярьж буй нь тухайн эхнэрт нөхөр нь бус мөнгө нь чухал болохыг харуулаад ч байх шиг.

Тэгэхээр зүй бус хэргийн хохирогч болж шаналж яваа эмэгтэй хүний тухай мэдээллийг олон нийтэд түгээх ёсзүйгүй үйлдэлтэй энэ мэт эмэгтэйчүүд нэр холбогддог ба хүчингийн хэрэг үйлдсэн гэх П.Энхмөнхийн эхнэр Г.Урангоо болон Д.Индра нар хар багын найзууд гэдгийг нотлох хүмүүс бас бий. Тэгэхээр хүнлэг байх, энэрэнгүй нинжин байх байгалийн өгөгдөлтэй гэдэг бүсгүй хүмүүс гэмт хэрэг үйлдсэн нэгэн залуугийн төлөө ч юмуу юуны ч төлөө юм өөрсдийнхөө эрх ашгийг хуулийн байгууллагаас дээгүүр тавьж гэмт хэрэгт хохирсон нэгнийгээ хууль зөрчин байж ийнхүү нийгэмд адлуулах болчимгүй үйлийг хийсэнд харамсмаар.

Олны анхааралд буй уг хэргийг Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд үнэн мөнөөр шийдэх биз ээ. Хүчингийн хэргийн хохирогч гэдгээ бусдаар зарлуулж, нийгэмд адлуулж яваа бүсгүйг нэмж шийтгэсэн хариуцлагагүй шийдвэрийг шүүх байгууллага гаргахгүй байх гэж найдаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.