Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал "Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас мөрдөн байцаалт явуулж буй хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна. Н.Энхбаярыг 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэрээгээр халхавчлан Алан Жинсбургийг залилан мэхэлж, эд хөрөнгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Дахин сануулахад, Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэн Жинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Уг АНУ-ын иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Мөн гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогоо халхавчлах, нуун далдлах зорилгоор хамтран ажилладаг этгээдийн дансаар дамжуулан өөрөө эзэмшдэг компаниудынхаа дансанд шилжүүлж авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлээд байгаа билээ.
Юутай ч гадаадад эзгүй байсантай нь холбогдуулан түдгэлзүүлсэн байсан хоёр хэргийг нь эх орондоо ирсэн учир сэргээн шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл