Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзоригтой холбоотой мэдээлэл гарсан. Тодруулбал С.Чинзориг Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тус яам Мониторингийн компанид 48 сая төгрөгийн өртөгтэй, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч буй мэдээлэл медиа мониторинг хийх (тагнах) гэрээ байгуулсан билээ.
Энэ нь тус яамны 2015 онд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил төсөл арга хэмжээний жагсаалт, тэдгээрийн төсвийг баталсан Хөдөлмөрийн сайдын тушаалд С.Чинзориг нэмэлт өөрчлөлт оруулж, нэр бүхий зарим байгууллагуудтай гэрээ байгуулах тушаал гаргажээ. Үүнд тус гэрээний зардлуудыг Хөдөлмөрийн яамны зарим хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролын сургалтын сангуудаас гаргахыг зөвшөөрсөн байх юм.
Хамгийн их сонирхол татаж буй зүйл нь дээрх сангуудаас гарсан мөнгөний зарим хэсэг Хөдөлмөрийн яам болон сайд С.Чинзоригийн тухай хэвлэлд гарч буй мэдээлэлд медиа мониторинг хийх, захиалагчид энэ тухай мэдээллийг хүргэх ажилд зарцуулагдахаар гэрээлэгджээ. Улмаар хэвлэлүүдэд гарч буй мэдээлэлд мониторинг хийх ажлын таван сарын зардалд 48 сая төгрөг гаргаж, 2015 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх гэрээг "Максима медиа” гэдэг компанитай байгуулсан аж.
Хөдөлмөрийн яам, "Максима медиа” гэх компанийн хооронд байгуулсан тус гэрээний "Медиа мониторингийн цар хүрээ” гэсэн хэсэгт 20 телевиз, 25 мэдээллийн сайт, 12 сонинг тодорхойлоод, түлхүүр үг гэсэн хэсэгтээ Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гэдгийг тодорхой тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын нэрсийг дурдвал телевизүүдээс "МҮОНТ”, "ТВ 9”, "NBS”, "Стар Тв”, "Ийгл Тв”, "Парламент Тв”, "ETV”, "С 1”, "MNC”, "ТВ 25”, "ТВ 8”, "ТВ 5”, "UBS”, "ТМ”, "Bloomberg”, "Монгол HD тв”, "Боловсрол Тв”, "Эх орон Тв”, өдөр тутмын сонинуудаас "Ардчилал”, "Зууны мэдээ”, "Засгийн газрын мэдээ”, "Монголын мэдээ”, "Нийслэл Таймс”, "Өдрийн сонин”, "Өглөөний Сонин”, "Өнөөдөр”, "Улс төрийн тойм”, "Үндэсний мэдээ”, "Үндэсний шуудан”, мэдээллийн сайтаас assa.mn, 24tsag.mn, blood.mn, chuhal.mn, factnews.mn, gogo.mn, gonews.mn, ikon.mn, itoim.mn, mass.mn, medee.mn, mnb.mn, news.mn, niigem.mn, olloo.mn, shuud.mn, shuurhai.mn, sonin.mn, times.mn, undesten.mn, zaluu.com, zindaa.mn, mminfo.mn гэсэн нэр дурдагджээ.
Үүнээс харахад С.Чинзоригийн тухай хэвлэлд гарч буй мэдээлэлд дүн шинжилгээ хийхээр гэрээ байгуулсан нь тодорхой юм.
Дээрх гэрээний 4.2-д нийт үнийн дүнгийн 60 хувийг ажил эхлэхийн өмнө урьдчилгаа болгон шилжүүлэх бөгөөд үлдсэн 40 хувийг ажлын гүйцэтгэлийн тайлан ирүүлж тайланг холбогдох мэргэжилтэн хянан үзэж, дүгнэлт гарган, удирдлагад танилцуулан зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлнэ гэж заажээ. Харин тус гэрээний урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөг энэ сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн яамнаас "Максима медиа” компани руу шилжсэн байна.
Гэтэл С.Чинзориг наймдугаар сарын 6-ны өдөр огцорч, есдүгээр сарын 8-ны өдөр Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын Г.Баярсайхан томилогдсон. Дээр дурдсан мэдээллээр Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн өөрийнхөө тухай болон яамныхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн гарч буйг хянуулж байгаа нь улсын мөнгийг хий цацаж, үргүй зардал нь гаргасан нь харамсалтай.
48 сая төгрөгөөр цэцэрлэг, сургууль барьж хүрэхгүй ч нэг сургуулийн мэргэжлийн кабинет, эсвэл нэг эмнэлгийн тасгийг тохижуулахад багадахгүй мөнгө юм. Улс орны эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байна. Гэтэл итгэл хүлээлгэж, Засгийн газрын гишүүнээр сонгогдсон эрхэм нь иргэдийн амьжиргааг сайруулах ажилд төсвийн мөнгийг зарцуулахгүй, өөрийнхөө нэр хүндийг илүүд үзэж, ийм үйлдэл гаргасан нь байж боломгүй зүйл билээ.
Э.Гүнтөмөр
http://www.mongolcom.mn
Сэтгэгдэл